Хаврын улирал ирсэн болоод ч тэр үү, намууд бужигнаж байна. Ээлж дараагаараа л синдром гэгчид өртөж буй нам, эвслүүд сонгууль дөхөх хэрээр задрал, нийлэх үзэгдэл нь гаарч эхлэв. АН-ынхан фракцаараа харшилдан зодолдож байхад МАН-ынхны нутаг нугаараа ялгарсан хэрүүл чимээгүйхэн өрнөнө.

Нанчилдаанаас юугаараа дутах вэ гэсэн шиг Засгийн газрын суурийг хамтдаа барилцсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” ч гишүүдээ нэг нэгээр нь үдэж эхэлсэн. Эхлээд намуудын нэр хүндтэй эрхмүүдтэй үзэлцээд бараагүй Г.Уянга, Л.Цог нар үзэл бодолдоо үнэнчээр үлдэхээр шийдэж эвслээсээ гарч, дарга нараа сандаргасан. Харин өчигдөр БОНХ-ийн сайд Н.Батцэрэг бүлгийн даргаа өгмөөр байгаагаа уламжилж. Ийнхүү их хуралд шударга ёсыг тогтооно гэж дөрвөн жилийн өмнө нэгдсэн энэ эвсэл сульдаатай байж. Тиймдээ ч, ордны явган яриаг тэвсэрлэж чадалгүй ийнхүү гинжин холбоо нь тасарсан хэрэг.

Харин ганц хатуу гагнаас хэмээн цоллогдож “од” болж байсан О.Баасанхүү гишүүн ч бүлгээсээ гарах талаар ойрын үед их бодох болсон гэнэ. Ямар сайндаа, гурав дахь удаагаа зарлагдсан ээлжит бус чуулганд намын дарга Н.Энхбаяртайгаа таарамжгүй байсан тэрээр тоглолт хийж, хэсэг хугацаанд шантаажилах вэ дээ. Тэрбээр Н.Энхбаярыг Шадар сайд болгох бус өөрийг нь Эрүүл мэнд, спортын сайд болго гэж тулгасан. Үлдсэн хэдэн сарын хугацаанд сайд болж “тогломоор” байгаагаа эрх баригч намынханд дуулгасан ч шантаажийг нь хүлээж аваагүй, чуулганд суухгүй байх нь намдаа байр суурьгүй байгаа өөрт нь ашиггүйг ойлгосон тэрбээр ээлжит бус чуулганд оролцсон гэх. Шатраар бол сул нүүдэл хийсэн түүнийг эвслийн бүлгийнхэн нь Н.Энхбаярын хажуугаар О.Баасанхүүгийн шантааж юу ч билээ дээ гэж ярьж байсан гэдэг. Тиймдээ ч, намдаа, эвсэлдээ ч нэр хүндгүй болсон түүнд Шударга ёс эвсэлээс гарна гэж бусдыгаа айлгах эсвэл хэсэг хугацаанд сэтгэл, зүтгэл нийлж байсан Г.Уянга найз шигээ нэр төртэйгөөр гарах арга зам үлдэж.

Нөгөөтэйгүүр, хоёр намын даргын мэдэгдлээр эвслээс гишүүн гарлаа ч эрх зүйн чадамжтай байна. Тиймээс АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтын санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн аль нэгэн гишүүнийг солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн “дарамталсан”. Сарын өмнө гарсан эл мэдэгдэл хүчин төгөлдөр тул тэр шантаажилсан эсвэл бүлгээсээ гарах шийдвэр гаргасан ч онцын өөрчлөлт гарахгүй. Нэгэнт өөрийнх нь сэтгэлийн угт орших мөрөөдөл биелэх боломжгүй болсон тул бүлгээсээ гарахаар шийдсэн юм болов уу....

Б.Тэрбиш

newscom.mn