Эмчийн төгсөлтийн дараах сургалтын журмын өөрчлөлтөнд хүргүүлэх санал
2013/09/02
Төгсөлтийн дараах сургалтын чанар, хэлбэр нь олон жилийн турш эмч, оюутан, салбарын бусад мэргэжилтнүүдийн хувьд анхаарал татсан чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн билээ. Уг тогтолцоог засахын тулд Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын журамд өөрчлөлт оруулж төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах хусэлтэй резидент эмч нарыг сум, өрхийн эмнэлэгт ажилласан хугацаа харгалзалгүй бүртгэн энэ хугацаанд цалинжуулж, сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар төлөвлөсөн байгаа нь зарчмын хувьд сайшаах хэрэгтэй ч шүүмжтэй хандах хэд хэдэн шалтгаан байсаар байна. Юун түрүүнд тус журмын төслийн 2.5-д зааснаар хувь хүнийг захиргааны аргаар резидентийн сургалтын 4 жилийн эхний 2 жилийг боловсон хүчний дутагдалтай доод шатлалын эмнэлэгт ажиллуулахаар журамд тусгасан нь одоо хүчинтэй байгаа журамтай харьцуулахад чанарын хувь яалгаагүй байгаа бөгөөд халах хэрэгтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбар нь цэрэгжсэн институци биш учир хувь хүний чөлөөт сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Захиргааны аргаас гадна хүнийг татаж ажиллуулах өөр арга олон бий бөгөөд ажиллах хүнийхээ хөдөлмөрийн бүтээмж, дур хүсэлд нь ч асар эерэгээр нөлөөлөх болно гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Гэхдээ үүнээс илүү чухал асуудал бол өрх, аймаг, дүүргийн эмнэлгүүд шиг эрүүл мэндийн салбарт онцгой үүрэгтэй цэгүүдийг резидент эмчийн талбар мэт ойлголтыг үйлчлүүлэгчдэд төрүүлсэн байдал одоогоор үүсээд байгаа билээ. Нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээнд итгэхгүй, сэтгэл ханамжгүй байгаа өвчтөнүүд гуравдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх, гадаадад хүртэл эмчилгээ хийлгэхэд хүрч байна. Өрхийн эмч нар эрүүл мэндийн олон салбарын өргөн мэдлэгтэй, тусгайлсан туршлагатай, хүнтэй ажиллах чадвар нарийн шаардсан мэргэшил бөгөөд удирдлагаас нь хамаараад эрүүл мэндийн салбарын зардалд ч дорвитой нөлөөлж чадах үндэс, суурь учир бусад улс орны анагаахын боловсролын тогтолцоонд тусгайлсан нарийн мэргэшил хэлбэрээр зааж, мэргэжилтэн бэлддэг билээ. Монгол улсын хувьд ч гэсэн аль болох богино хугацаанд энэ хэлбэрт шилжих нь эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа итгэлцлийн хямралыг засахад том түлхэц болох болвуу. Туршлага багатай эмч нар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд мэргэших зорилгоор ажиллах нь зүйтэй ч, боловсон хүчний хямралд зөвхөн гал унтраагчаар ажиллавал өвчтөний эрх зөрчигдөж, залуу эмчийн эрч хүч мохох аюулд орон эрүүл мэндийн салбарын нэр хүнд унана, унасаар ч байна. Дараагийн шүүмж бол резидент эмчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалттай холбоотой. Сургалтанд хамрагдаж байгаа залуу эмч нар нь зохион байгуулалтын хувьд тухайн эмнэлгийн бүтцийн нэг хэсэг биш байсан нь хариуцлага хүлээх, түүнийхээ хэрээр гардаж ажиллах боломж дутуу байдал үүсгэж байдаг. Уг журмын төслийн 11.2.6-д заасны дагуу “суралцагчтай үүсэх хөдөлмөрийн харилцааг зөвхөн дотоод журмын дагуу зохицуулна” гэсэн нь хангалтгүй гэж үзэж байна. Одоо байгаа нөхцлөөр тасгийн эмч нар нь резидент эмчийн хариуцлага, үүрэг хүлээхгүй байгааг өвчтөний хувьд эрсдэл гэж үзэн ажлын мөн чанарыг өөрсдөө хийж, резидент эмч нарт сургалтанд тэр бүр ногдохгүй ажлуудыг даалгадаг. Энэ нь залуу эмчийн ажлын ёс зүйд сөргөөр нөлөөлж байна. Дээрхи зүйлтэй холбоотой журмын төслийн 2.11-д ЭМЯ резидент эмч нарын аль эмнэлэгт хувиарлагдаж дадлага хийхийг томилно гэсэн нь мөн л хуучин арга барилыг илтгэж байна. Харин үүний оронд цалин өгөөд ажлаа хийлгүүлэх гэж байгаа эмнэлэгийн дарга нь хүсэлтээ хүргүүлсэн залуу эмч нар дундаас сонголтоо хийдэг зарчимтай байвал талуудын эрх ашигт нийцэх магадлал нь өндөр болно. Эрх мэдэл яамны гарт хэт төвлөрөх тусам хэрэгтэй асуудлууд шийдвэрлэгдах нь улам удааширч, тогтолоцооны уян хатан байдал алдагдан, сургалтын бүтээгдэхүүний чанар дорддог гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн ховор байх боловуу.
Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд эдгээр саналуудыг дэвшүүлж байна.
1. ЭМЯ мэргэшил тус бүрд хяналтын тоог батлан холбогдох санхүүжилтийг төсөвт суулгах ажлыг хариуцана.
ЭМХҮТ элсэлттэй холбоотой дүрэм, журам гаргана. Мэргэшлийн холбоо сургалтын хөтөлбөрийг боловсруулж төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна. Цаашид резидент эмч нарын ёс зүйн хяналт, мэргэжлийн үйл ажилгааны чанарын баталгааг хариуцан ажиллана.
2. Сургалт явуулах эмнэлгүүд элсүүлэх резидент эмч нарын орон тоог нийтэд зарлана.
Резидент эмч нарын цалингийн зардлыг сургалт явуулах эмнэлэг төсөвтөө суулгаж ЭМЯ батлуулах ажлыг хариуцах учир дүүрэг, орон нутгийн эмнэлэгүүдийн одоо байгаа төсөвт нэмэлт зардал гарахгүй.
3. Эмч нар баклаврын боловсрол эзэмшиж төгссөний дараа нарийн мэргэшлийн сургалтанд шууд хамрагдах эрхтэй болж сургалтанд хамрагдах хүсэлтээ эмнэлэг, сургуульд өгнө. Ерөнхий болон нарийн мэргэшлийн дипломыг авах эмч нарын нэрийн жагсаалтыг мэргэжлийн холбоод өргөн барьсанаар сайд батлана.
4. Сургууль, эмнэлэг нь ЭМХҮТ-ийн журмын дагуу элсэлтийг явуулж, шалгарсан эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Сургалтын хөтөлбөрийн дагуу резидент эмч нар эмнэлэгтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн эмнэлэг, тасгийн органик бүрэлдэхүүн хэсэг болж суралцан ажиллана.
5. Сургалт 4 жил үргэлжилнэ. Эхний хоёр жил нь гуравдугаар шатлал, БОЭТ, төрөлжсөн төвүүд дээр суралцаж, 3 дахь жилээс харьцангуй туршлагатай резидент эмч нар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд мэргэшлийнхээ сургалтын хөтөлбөрийн дагуу тасгуудад тойролт хэлбэрээр ажиллана.
6. Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч нарт нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд ажилласан байх шаардлага тавигдахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.
7. Резидент эмч нарын цалин одоогийн хамгийн доод цалингийн шатлалаар санхүүжигдсэн ч гэсэн ажиллаж байгаа эмч нарынхыг нэмэх хэрэгтэй болно. Шатлалыг нь бүтнээр нь нэмсэн ч буруудахгүй байх. Зайлшгүй хийгдэх ёстой ажил учир сайдын түвшинд анхаарал хандуулах байх.
Харин орон нутгийн эмнэлэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүд цалин, сургалтын нөхцлөөр залуу эмч нарыг татах арга хэлбэрт шилжинэ.
Гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд орон тоо олдоогүй эмч нар өөрийн эрхгүй орон нутгийн эмнэлэгт хандах болно. Сургалтынхаа сүүлийн жилүүдэд ажиллаж танилцсан эмч нар дүүрэг, орон нутгийнха эмнэлэгүүдийг сонгох магадлал нь нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлагууд ч залуу боловсон хүчин татахын тулд зардал хуваалцах хүсэлтэй байх болно.
Ингэж сургалтын хөтөлбөр боловсруулахыг мэргэжилтнүүд, ямар ажилд орохоо хувь хүн өөрөө, хэнийг ажилд авахыг нь дарга шийдэх эрхтэй болж харин ЭМЯ ямар мэргэжилд хэдэн хүн бэлдэхээ шийдэн эрх мэдлийн хэт төвлөрлийг бууруулж улмаар чанартай эмч бэлдэх тогтолцооны нэг чухал хэсэг болно гэж үзэж байна.
“Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо” ТББ