Анх МАН-ын гишүүн бөгөөд НАМЗХ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж, хэд хэдэн уул уурхайн бизнес эхлүүлж, ашиг сонирхлын зөрчил авлигын асуудлаас болоод НАМЗХ-оос хөөгдөж байсан Амалхааны Эрдэнэбат өчигдөр Их аварга Д.Дагвадоржид 10 сая ам.доллараар залилуулсан хэмээн мэдээлэл хийлээ.

Хамгийн гол нь Хятадын бизнесментэй хамтарч ажиллаж байхад нь Д.Дагвадорж аварга тэдний дундуур орж хохироосон гэж байгаа юм. Тэрбээр угаас анх бизнес хийж эхэлсэн цагаасаа Хятадуудад Монголын баялагийг завшуулдаг, лиценз олж өгдөг байсан түүхтэй. Мөн түүний аав Амалхаан, өвөө Секэл нар нь шинжаан уйгараас дүрвэн ирж монгол нутагт суурьшсан хүмүүс аж. Харин 1977 онд төрсөн А.Эрдэнэбат казак нэрээ 1990 оны үед сольсон баримт иргэний бүртгэлд байдаг юм байна.

Тэрбээр 2004 онд “Лайв Энержи Групп”-ыг үүсгэн байгуулж уул уурхайн бизнест хөл тавьсан бөгөөд 2005 онд “Шинэ шивээ” компаниа байгуулж байжээ. Тус компанийн охин компани болох “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газрыг Хятадуудын мэдэлд шилжүүлж байжээ.

А.Эрдэнэбат Сүхбаатарын Батболдын Засгийн газрын үед Хятадуудыг дэмжсэн бизнесээ хөгжүүлж, Ерөнхий сайдын ажлын айлчлалын бизнес группт хүртэл багтдаг байсан нөхөр. Өөрөөр хэлбэл МАН-ын дэмжлэгээр, уурхайн баялагуудыг эзэмшиж, хятадуудтай хамтран хөлөө олсон хүн.

Ингээд 2011 оны долдугаар сард “Монгм” компанийн захирал Ц.Соёмбо А.Эрдэнэбатыг хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй байж өөрийгөө компанийн захирлаар томилсон хэмээн гомдол гаргасан байдаг. Тодруулбал Ц.Соёмбо, А.Эрдэнэбат нар 2010 оны долдугаар сард Хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулан ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “Нуклер энержи монголиа” ХХК-д шилжүүлж, тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх авсан байна.

Энэ нь Архангай аймгийн нутагт байрлах Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын уулзварт оршдог Далтын овоо буюу Асар уул нэртэй газарт байрладаг орд юм. Хувь нийлүүлэгчийн гэрээгээр “Нуклер энержи монголиа” ХХК-ийн хувьцааг 100 хувь “Лайв энержи групп” ХХК-ийн хувьцааг А.Эрдэнэбат, Ц.Соёмбо нар тавь тавин хувиар эзэмшихээр харилцан тохиролцжээ.

Үүнээс гадна улсын хөрөнгөөр хайгуул хийсэн Шивээ Овоо ордын тусгай зөвшөөрлийг А.Эрдэнэбатын “Лайв энержи групп” авчээ. А.Эрдэнэбат энэ ажлаа УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн хүү О.Одбаяртай хамтран хийсэн байдаг байна.

Өмнө нь Их аварга Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас ихээхэн хөрөнгө салгасан баримт бий. Мөн Ураны хоёр ордын хайгуулын лицензийг ашиглан Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчдаас 13 сая ам.доллар хууран мэхлэсэн хэрэгт холбогдож Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх тасагт удаа дараа шалгуулж байсан ч, түүнтэй холбоотой хэргүүд Прокурорын шатанд ирэхээрээ л буцчихдаг жишиг өнгөрсөн жилүүдэд тогтсон байгаа.

Эх сурвалжийн тайлбарлаж буйгаар бол прокуроруудад авлига өгөөд хэргээ нам даруулдаг гэх зүйл яригддаг. Өөрөөр хэлбэл прокурор Ц.Мөнхбатад ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц өгч, ЦЕГ-ын УМБГ-ын дарга асан, хурандаа Ө.Энхтөрд ХУД-ийн Зайсанд байрлах Грийн Виллад 4 өрөө орон сууц олгосон зэрэг мэдээлэл байгаа юм.

А.Эрдэнэбат төслийн шугамаар 5 сая долларын луйвар хийсэн гэх захидал японы талаас хүтэл ирсэн байдаг. Уг албан захидалд “Саяхныг хүртэл бид Чулуутын төслийг А.Эрдэнэбат гэдэг хүнийг 100 хувь эзэмшдэг гэж бодож байсан. Тэрээр бидэнд ямар нэгэн өөр эзэмшигч байдаг тухай нэг ч үг дуугараагүй юм. Бидний тохиролцсон ёсоор эхний хөрөнгө оруулалтын хэмжээ 2 сая америк доллар байсан бөгөөд хөрөнгө оруулалтыг баримтжуулж баталгаажуулах гэрээ хэлцлийн ажил 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эхэлсэн. Ингээд гэрээ хэлцлийг 4 дүгээр сарын 10-ны өдөр баталсан ч 19-ний өдөр ахин нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Нийт 5 сая америк долларыг түүний дансанд шилжүүлсэн. Ингэхдээ төлбөрийг 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд нийтдээ гурав хувааж хийсэн. Бид бүх мөнгөө дараах хаягаар гүйлгээ хийж шилжүүлсэн болно.

Дансны нэр: Амалхаан Эрдэнэбат

Дансны дугаар: 2900001302

Банкны нэр: Үндэсний хөрөнгө оруулалтын банк” гэж бүх зүйлийг тов тодорхой бичиж ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл А.Эрдэнэбат нь энэ мэтээр өөрөө 100 хувь эзэмшдэггүй мөртлөө бусдын өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийн их хэмжээний мөнгийг хувийн дансандаа авдаг байжээ.

Хамгийн сонирхолтой нь түүний хууль бус мөнгө УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, их аварга Д.Дагвадорж нарын эзэмшлийн банкаар дамждаг нь их сонин. Мөн Д.Дагвадоржтой тэрбээр нэлээд харилцаатай, хамтын ажиллагаатай гэж харагдаж байгаа юм. Гэтэл өчигдөр их аваргад залилуулсан гэж мэдээлэл хийж, түүний мэдээллийг Д.Дагвадорж үгүйсгэсэн. Тэгвэл мань хоёр Хятадуудтай хамтран ашиг олох ажилд санаа нийлэн нөхөрлөж байгаад мөнгөний асуудлаас болж, ийн муудалцсан юм болов уу.

Дашрамд сонирхуулахад МАН-ын буянаар бизнесээ цэцэглүүлж, луйварын асуудлаас болж НАМЗХ-оос хөөгдсөн А.Эрдэнэбат компанийн ажилдаа улс төрийн нөлөө оруулах санаархлаар анх эхнэрээ улстөрд зүтгүүлсэн гэдэг. Түүний эхнэр хөтлөгч П.Анужин одоо МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн болсон байгаа. Харин тэднийг гэр бүлээ салгасан гэх мэдээлэл байдаг ч үнэхээр амьдрал дээр салсан уу гэдгийг таашгүй. А.Эрдэнэбатын улстөрийн асуудлаас болж П.Анужинд МАН-ын орон зай олдохгүй байх магадлалтай учир нэг нь амжилт олж, нөгөөх нь бизнесээ цэцэглүүлэхийн тулд ийм яриа гаргаад байж ч болно.

Н.Ганаа