"Мангаа До"-гийн дэглэмийн хэв шинж
2016/04/29
Монголд коммунист дэглэм буцаж сэргэх нөхцөл байхгүй, харин авторитар болон цөөнхийн “хэт барууны дэглэм” тогтох нөхцөл бий. Сүүлийн жилүүдэд ийм дохио олонтаа өгөгдсөн бөгөөд өнөөдөр эцсийн шатандаа орж байж болзошгүй шинж тэмдгүүд илрэн гарч эхэллээ.
Өнөөгийн “Үндсэн хууль”-ийн цоорхойгоор “хязгаарлагдмал эрхтэй” Ерөнхийлөгч, эсвэл “хязгааргүй эрхтэй” Ерөнхий сайдад дарангуй дэглэм тогтоох боломж олддог. Манай “Үндсэн хууль” Германы үндсэн хуулийн муухан хуулбар бөгөөд улс орон “зохиогчийн зангаагаар дэглэмжих” бүрэн бололцоотой юм. Манайд Германы Үндсэн хуулийн гол заалт “Ард түмэн аливаа дэглэмийг эсэргүүцэн босох бүрэн эрх”-ийг яагаад ч юм “мартчихсан” ба үүнийг би санаатайгаар хийж, зориудаар дуугай өнгөрсөн гэж ойлгодог.
Монгол шиг жижиг улсын хувьд бусдыг дарангуйлах бус, бусдаас “хараат дэглэм” тогтох боломж их бөгөөд хүчээр суулгасан болон уламжлалт сэтгэл зүйн суурь бэлээхэн бий. “Хүчээр суулгасан” гэдэгт коммунизмын үеийн нийгмийн инженерчлэл, харин “уламжлалт” гэдэгт түүхэн нөхцөл хамаарна.
Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын дэглэмээс бид яаж ийгээд салсан боловч түүнээс ч долоон доор байдал руу гулсан орж байна. Н.Энхбаярыг “хөөн зайлуулах” нийгмийн захиалгыг биелүүлэгч Ц.Элбэгдорж өнөөдөр “луугийн хүү” болжээ. Эртний европын үлгэрт луу яагаад үхдэггүй талаар өгүүлэхдээ “Лууг рыцарь алдаг ч өөрөө луу болдог” гэсэн байдаг. Өнөөдөр яг ийм байдал үүсч байна.“Тожмой луу” төрийн эрхэнд тэсч үлдэх өөр эзний захиалгыг хэрэгжүүлэхээр улайрч байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар аливаа дэглэмийн 14 шинж чанарыг тодруулсан байдаг.
Жишээ нь доктор Лоренс Бритт хэмээх нэртэй улс төр судлаач А.Гитлер, Б.Муссолини, болон “илүү ардчилсан барууны хэв шинжит” Индонезийн Сухарто болон Чилийн Пиночетийн фашист дэглэмүүдийн талаар судалгаа явуулж, 2004 онд коммунизмаас бусад дэглэмийн үндсэн 14 хэв шинжийг тодорхойлсон юм. Тэр 14 шинжийг Монголын жишээн дээр харгалзуулан үзвэл Монгол Улс бүрэн хэмжээгээр дэглэмжсэн улс орон болсон нь тодорхой болно.
Нэг. Коммунизм л интернационализмыг тунхагладаг болохоос өөр аливаа дэглэм үндсэрхэг үзлийг маш хүчтэйгээр, тасралтгүй сурталчилдаг. Манай “тожмой луу” гурван сая Чингисээс гараагаа авсан билээ. Үүний дээр Хазарыг оролцуулаад дэлхийн монголчуудыг цуглуулах сионист маягийн тунхаг ч гаргаж үзсэн ба Монголыг “хараат бус” байлгах нэрээр хоёр хөрштэй нь хангалттай зөрчилдүүлж байна. Энэ нь манайдаа л хангалттай үндсэрхэл мөн. Нэг дэхь нь үлгэр, хоёр дахь нь харин “гай” болж байна. Бид яг жинхнээсээ “ардчиллын арал” болон хувирч байна. Үүнийгээ сүүлийн үед “Ардчилсан дэглэм” гэж нэрлэх болтлоо даварсан байна.
Үүнтэй холбоотойгоор гадаадын гэсэн болгоныг үзэн ядах үзэл буюу ксенофоби үзэл газар авдаг. Харин манай “тожмой луу” далдуур “гадаадынхныг” тэр дундаа “гуравдагч хөршийн гадаадынхныг” Монголчуудаас хамгаалж, цаад эзэддээ нэр нүүр олдог болов.
Хоёр. Хүний эрхийг хамгийн их ярьдаг байсан хүн өнөөдөр хүний эрхийг үл тоомсорлодог “Мангаа До” болсон байна. Өөрт таалагдаагүй бүхнээ шорон гянданд хорьж бах таваа хангахын зэрэгцээ түүгээрээ нийгмийг айлгахыг оролдож байна. Тэр баахан түлхүүр гартаа эргэлдүүлсэн “шоронгийн харгалзагч” болон хувираад байна.
Би л авилгачдыг хорьсон, тэдэнд хүний эрх гэж байх ёсгүй, хөхүүл ч бай, өвчтэй ч бай хориод бай гэж байна.Харин авилгачид нь яахаараа нэг муу нягтлан хүүхэн болчихдгийг л нийгэм даяараа огт ойлгохгүй байна. Акул барьсангүй гэж цовхочдог атлаа жинхэнэ акулууд нь өглөө оройгүй үүдээр нь хөлхөж, сонгуульд бэлтгэж, хууль өөрчилж, зураг зөөж байгааг хэлэхгүй байна.
Түүний хувьд өнөөдөр хүний эрх огт хэрэггүй, үнэ цэнэгүй; харин тойрон хүрээлэгчид нь зорилгоо хэрэгжүүлэхэд учрах “саад тотгор” гэж үздэг болсон байна. Тэд төрийн эрх мэдлээр дамжуулж булаан авсан суртал ухуулгын хэрэгслээ ашиглан, хүний эрхийг зөрчсөн тохиолдлуудыг ялихгүй зүйл мэтээр харуулж, заримдаа хүний эрхийг бараг л “буг чөтгөр” гэж ард олонд тайлбарлан таниулахыг хичээж байна. Хүний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн тохиолдол гарах бүрт үгүйсгэх, нууцлах, хуурамч мэдээлэл тараах зэрэг арга тактик хэрэглэж байна.
Гурав. Дэглэмийн өсөн бэхжих хамгийн гол арга зам бол “Дайснууд болоод золионд гаргах этгээдүүдийг” тодруулахад байдаг. Дэглэмүүдийн хэрэглэдэг хамгийн түгээмэл бөгөөд сонгодог арга бол бусдыг золионд гаргах замаар ард олны анхаарлыг өөр бусад асуудлаас хөндийрүүлэн, аливаа бүтэлгүйтлийн хариуцлагыг өөрөөсөө зайлуулах явдал юм. Үүний тулд эцэс төгсгөлгүй суртал ухуулга явуулж, худал мэдээлэл тараах аргыг түлхүү хэрэглэдэг. Дэглэмийг идэвхтэй эсэргүүцэн тэмцэгчдийг “коммунист, популист, террорист, авилгач” гэх мэтээр өөрийн дураар нэрлээд “зохих арга хэмжээг авах” эрхээ олж авдаг юм. Баабар хүртэл ердөө Н.Энхбаярын дэглэм нуран унах үед зориг орж Н.Назарбаев гэгч дарангуйлагч хэрхэн хүргэнээ золионд гаргаж буйг жишээлэн бичиж л байсан. Харин өнөөдөр өөрөө бүхий л хэв шинжээрээ дэглэмийн бууны нохой болсон байна.
Дөрөв. Дараа нь зэвсэгт хүчин болон тагнуул, цагдаа зэрэг хүчний байгууллагад давуу эрх олгох алхамд шилждэг. Эрх баригч дээд зиндааныхан өөрсдийг нь байнга дэмжиж байдаг хүчнийхэн болон аж үйлдвэрийн салбарынхантай үргэлж дотно нягт холбоотой байхыг эрмэлздэг. Цэргийн болно хүчний салбар нь үндэсний үзлийг илэрхийлэх бэлэг тэмдэг болдог тул түүнийг үндэсний хэмжээний зорилтуудыг хэрэгжүүлэх, үндэстнийг айлган сүрдүүлэх болон эрх баригчдын нөлөө, нэр хүндийг бэхжүүлэхэд ашиглаж эхэллээ. Тэр ч байтугай ганцаараа хүчний бүх байгууллагыг нэгтгэн захирах чөтгөрийн хүслээ хуульчлах гэж дайрч байна. Энэ нь Үндэсний Аюулгүй байдал, Батлан хамгаалах салбарыг үймүүлж, бужигнуулсан, сулруулж доройтуулсан түүний хуулийн төслөөс илт харагдаж байна.
Өнөөдөр Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар армийг дэлхийн аль л халуун цэг байна, тийш нь илгээх замаар өөрийн нэр хүндийг өсгөхийг оролдож байна. Бүр хүүгээ хүртэл илгээж, араас нь эргэж очиж байна. Харин зуун зуун, мянга мянган цэргийнхний амь нас хутганы ирэн дээр байна. Амь алдахгүй баталгаатай “дайн” болж байсныг би л лав мэдэхгүй. Хэрэв тусгай комисс томилж “хумхаагаар үрэгдсэн, өвчнөөр үхсэн” энхийг сахиулагчдын хэргийг мөрдөн шалгавал огт өөр баримт илэрнэ гэдэгт би эргэлздэггүй.
Тав. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянах нь дэглэмээ бэхжүүлэх гол арга зам юм. Өнөөдөр улстөрийн дээд эрэмбэд очтолоо хувийн мэдээллийн хэрэгслийг чухалчлаад тэнд очмогцоо төрийн мэдээллийн хэрэгслийг гартаа оруулдаг жишиг тогтсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт зөвхөн телевиз радио, сайт, сонин ордоггүй. Тэр бүхнийг техникийн нөхцлөөр хангадаг манайд бол “Харилцаа холбооны зохицуулах хороо” гэж нэрлэгдсэн газарт бүх цензур төвлөрдөг. Тэд телевизийн сувгийн эрхийг хаах, сайтуудын үйл ажиллагааг хянах эрх төвлөрдөг. Харин сонинуудыг эздээр нь дамжуулан эрхшээлдээ авдаг.
Дэглэмжсэн улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хатуу чанга хяналтын дор байдаг бөгөөд хэвлэлийнхэн дэглэмийн бодлого чиг шугамаас хэзээ ч хазайх ёсгүй юм. Н.Энхбаярын дэглэмийн үед “цаазлуулбал зохих” нэр бүхий 7 сэтгүүлч, “хаавал зохих” хоёр сонин л үлдсэн байсан. Харин өнөөдөр хэнийг ч “хаах, цаазлах гэхгүй” ба харин үй олон хөлснийхнөөр дамжуулан гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, чичлэн дайрах аргуудыг төгс хэрэглэж байна. Зарим тохиолдолд өөрсдийгөө сурталчлах үүднээс зарим хэвлэлүүдэд арай илүү өргөн эрх олгож худалдан авах нь ч бий. Үүнийгээ “зах зээлийн өрсөлдөөн” гэж гоёор нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эрх баригчдад тал олох нь өрсөлдөөн юм. Мэдээллийн хэрэгслүүдийн эзэд эрх баригчидтай улс төрийн талаар холбоо сүлбээтэй байдаг учраас зарим худалдагдсан эздийн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдлүүдийн талаар олон нийт огт сонсож мэддэггүй юм. Тусгай зөвшөөрөл олгох болон эх сурвалжийг хянах, эдийн засгийн хувьд дарамтлах, нүүрээ халхавчилсан эх оронч уриа лоозон гаргах, учир битүүлэг байдлаар буюу битүү үгээр айлган сүрдүүлэх зэрэг аргуудыг хэрэглэх нь түгээмэл зүй тогтол байдаг.
Зургаа. Дэглэмийн бас нэг шинж нь “Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэт дөвийлгөх” юм. Үүний хамгийн тод томруун жишээ бол “Төвийг сахих” үзэл гэгч юм. Мөн энэ асуудлаар өрсөлдөгчдөө хялбархан дарж авахыг хичээдэг нь зүй ёсных юм. Учир нь олон нийт цагдаа, АТГ, мөрдөн байцаах газар зэрэг гүйцэтгэх ажиллагааг нь хуулиар ил тод байхыг хориглосон аппаратыг ашигладаг ба мэдээлэлгүй иргэд эрх баригчдад биш, харин аппаратад итгэдэг.
Үндэсний аюулгүй байдлын аппарат нь эрх баригчдын шууд хяналт дор ажиллах бөгөөд ихэнхдээ элдэв дарамт хавчлага үйлдэх гол хэрэгсэл болдог. Ингэхдээ ямар ч хэм хэмжээнд захирагдалгүйгээр нууцаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд түүнийгээ “үндэсний аюулгүй байдал”-ыг хамгаалах гэдэг шалтгаар зөвтгөнө. Үйл ажиллагааных нь талаар асууж лавлаваас, “эх оронч биш”, тэр ч байтугай “урвагч” хэмээн элдвээр цоллуулахад хүрдэг. Гэтэл жишээ нь яг ийм үндэслэлээр Н.Энхбаярын дэглэмийн үед буруудаад “эзнийхээ” ачаар аврагдсан этгээд өнөөдөр бас л “эзнийхээ” үгийг дамжуулж байна. Тэр хүчний байгуулагуудыг “эзний эсрэг” ажилласан этгээдийг даран сөнөөхийг уриалж байна.
Долоо. Шашин болоод эрх баригчдын хоорондын холбоо сүлбээ туйлын аюултай. Коммунистуудаас ялгаатай нь, шашныхантай сүлбэлдсэн хэт барууныхан бурхангүй үзэлтнүүд биш юм. Ихэнх дэглэмүүд өөрийн орны зонхилогч шашны урсгалуудад хамаарагддаг бөгөөд өөрсдийгөө тухайн шашны зэвсэгт хамгаалагчид гэж харуулахыг эрмэлздэг байна.
Харин манай эрх баригчид өөр шашныг импортлон авчирч түүгээр дамжуулан олон нийтийг урхидахыг хичээж байна. Эрх баригчдын ааш авир тухайн шашны номлол сургаалтай нийцэхгүй байсан ч үүнийг огт авч хэлэлцдэггүй. Тэдний суртал нэвтрүүлэгчид ард олныг төөрөгдүүлэхийн тулд эрх баригчид бол “шашин шүтэх эрх”, сүсэг бишрэлийг хамгаалагчид, харин тэднийг эсэргүүцэгчид нь сүсэг бишрэлгүй нүгэлтнүүд мөн гэсэн санааг сурталддаг. Эцэстээ эрх баригчдыг эсэргүүцэх нь шашинд халдсантай адил гэсэн ойлголтыг нийгэмд бий болгоно.
Найм. Коммунист дэглэмээс ялгаатай нь барууны дэглэмүүд томоохон корпорациудын ашиг сонирхлыг хамгаалдаг. Жирийн иргэдийн хувийн амьдралыг маш хатуу чанд хянаж байдаг хэрнээ томоохон корпорациудад харьцангуй чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж олгодог байна. Корпорацийн бүтэц нь зөвхөн зэвсэг үйлдвэрлэх /өндөр хөгжилтэй орнуудад/ төдийгүй нийгмийг хянах арга хэрэгсэл мөн хэмээн эрх баригчид үздэг. Эдийн засгийн салбарын элитүүдийг улс төрийн дээд зиндааныхан байнга ивээн бөөцийлдөг бөгөөд “ядуу хоосон” иргэдийг залхаан цээрлүүлэх замаар хамтын ашиг сонирхлоо харилцан хамгаалахыг эрмэлздэг ажээ. Энэ үзэгдэл өнөөдөр манайд яг давтагдаж байна. Жишээ нь валютын ханшийн зөрүүгээс 40 гаруй тэрбум төгрөгийн онцгой албан татвараас зугтаасан согтууруулах ундаа импортлогч, үйлдвэрлэгч монополиудыг ядаж шүүмжлээгүйгээр барахгүй өөрөө шадарлан цэнгэж байна. Наанаа “сүү өргөж” хуураад цаашаа харж архины үйлдвэрлэл импортыг дэмждэг нь дэглэмийн хоёр нүүрт шинж мөн.
Ес. Сөрөг хүчнийг, нам доторхи эсэргүүцэгчдийг шахан хавчих буюу бүрмөсөн устгах нь тэдний хамгийн хүсүүштэй ажил мөн. Зохион байгуулалттай сөргөлдөгч хөдөлгөөнийг дэглэм тогтоогч, дарангуйлагч болон тэдний холбоотнууд болох корпорациудын эдийн засаг-улс төрийн ноёрхолд саад учруулж болзошгүй аюултай хүчин хэмээн үздэг юм. Тиймээс тэднийг бүхий л арга замаар нухчин дарахыг хичээдэг.
Арав. Сэхээтнүүд болон урлагийг басамжилж, нухчин дарах нь дэглэмийн бас нэгэн шинж мөн. Ердөө сарын өмнө гарсан “Үргээлэг-2” киноны уран бүтээлчдэд сануулга өгсөн нь үүний нэг илрэл. Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд хоёул уран бүтээлчидтэй утсаар ярьсан бөгөөд баяр хүргэх нь гэж хүлээж байсан залуусын халуун сэтгэл рүү ус цацсан байна. Хэтэрхий их цус нөжтэй, нийгмийг өдөөн турхирсан кино болсон байна гэж “дүгнээд” бодож үзэхийг анхааруулжээ. Түүний хариуд жүжигчин Амраа “Би юу хийчих вэ?” клипээ олон нийтийн сүлжээгээр цацсан нь өлөн цөөврүүдэд жинхэнэ бэлэн хоол болж байгааг бид харж байна. Харин тэднийг хэн ч хамгаалахгүй байна, бүр уран бүтээлчид ч…
Оюунлаг чанар болоод үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон түүнтэй холбоотой аливаа ойлголтууд эрх баригч дэглэмийнхний жинхэнэ “хараалыг бардаг зүйл” билээ. Оюуны ба боловсролын эрх чөлөө “үндэсний аюулгүй байдал” болоод “эх оронч” үзэлд огт нийцэхгүй гэж тэд үздэг юм. Өөрөөр сэтгэгчдийн аливаа үзэл бодлын эсрэг хатуу ширүүнээр дайрч давшлан, тэднийг чимээгүй болгох буюу эсвэл шууд нухчин дарна. Дарангуйлагчид урлаг, утга зохиолыг зөвхөн үндэсний эрх ашигт (үнэндээ өөрийнх нь) үйлчлэх ёстой, эс бөгөөс оршин байх ёсгүй гэж үздэг. Харин жинхэнэ сэхээтнүүдийн оронд дүр эсгэгч “баас”, люмпэн “элитүүд” бий болдог. Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга бол үүний яруу тод илрэл мөн.
Арван нэг. Гэмт хэрэг ба ял шийтгэлийн талаарх улигт үзэл бодол тэдний махчин шинжийг илтгэдэг.Аливаа дэглэмийн үед маш хатуу харгис эрүүгийн хуулийн тогтолцоо бий болсон байдаг учраас асар олон хүн шоронгийн хоригдол болон хувирдаг. Түүнээс гадна цагдаа нарт хязгааргүй их эрх мэдэл олгодог учраас түүнийг буруугаар ашиглах явдал ямар ч хяналтгүйгээр газар авдаг. Үүнийг “цагдаагийн ардчилал” гэж нэрлэдэг ба манайд энэ бүрэн утгаараа тогтоод байна.
Ердийн эрүүгийн хэрэг болон улс төрийн гэмт хэрэгт зохиомол ял ногдуулж, зарим үед энэ бүхнийг улс төрийн сөрөг хүчнийхний эсрэг ашигладаг нь өнөөдөр бидний нүдэнд ил байна. Бүхий л эрх мэдлийг хугацаагүй аваагүй цагтаа эрх баригчид өөрийн гар хөл бологч цагдаа, хүчний байгууллагуудын удирдлагыг ивээлдээ авдаг бөгөөд ингэхдээ олон улсын болоод дотоодын хууль актуудыг үл тоомсорлон уландаа гишгэдэг. Эзний эрх сүрэнд хаагисан цагдаагийн газрын даргыг хаа хамаагүй, хуулиар олгогдсон эрх мэдэлгүй Ерөнхийлөгч хамгаалж чадаж байна гэдэг, хүчиндэгч алдаршиж байна гэдэг, бүр Английн шоронгоос оргосон “нууц ажилтан” Тагнуулын байгууллагыг удирдаж байна гэдэг олон улсын тавцанд ч, дотооддоо ч ганцаардсан увайгүй дэглэмийн нэг чухал шинж юм.
Мөн түүний таалалд нийцээгүй бол тэтгэвэрт гарах, хөнгөн ажил хүсэх, мэргэжлийн ажил хийх нэрээр өргөдлөө өгөн зугтах нь ерөөсөө ердийн үзэгдэл биш юм. Энэ бол дэглэмжиж буйн дохио сэрүүлэг.
Арван хоёр. Тал тохой харах явдал хийгээд авлига газар авна. Засгийн эрхэнд гарсан дээд зиндааныхантай холбоо сүлбээ бүхий бизнесийн хүрээнийхэн энэхүү байр сууриа баяжихын төлөө ашиглана. Эрх баригч дээд зиндааныхан баячуудаас элдэв төрлийн бэлэг сэлт, хөрөнгө мөнгө авах бөгөөд үүнийхээ хариуд баячууд засгийн газрын ивээлийг хүртдэг байна. Аюулаас хамгаалах байгууллагыг хяналтандаа авч, хэвлэлийнхний амыг тагласнаар авлига, хээл хахууль цагаандаа гарах бөгөөд үүний учир шалтгааныг ард олон мэдэхгүй өнгөрдөг. Монголын Тагнуулын байгууллага хэрээс хэтэртэл томорч, тэдний дур зоргийн бүдүүлэг үйлдэл гамшгийн хэмжээнд хүрсэн.
Арван гурав. Сонгуулийг будлиантуулах нь хамгийн эрт илэрсэн гажиг мөн. Санал хураалт болоод санал асуулгын хэлбэрээр явуулдаг сонгууль нь үргэлж хуурамч, хиймэл байдаг юм. Хэд хэдэн нэр дэвшигч оролцсон сонгууль явагдлаа гэхэд түүний дүнг эрх баригчдын хүсэл таашаалд нийцүүлэн өөрчлөн гуйвуулна. Сонгуулийн байгууллагуудыг хянах, түүнчлэн сөрөг хүчний санал өгөгчдийг айлган сүрдүүлэх, сонгуулийн эрхийг нь хасах, саналын хуудсуудыг устгах буюу хүчингүй болгох зэрэг аргуудыг чадамгай хэрэглэдэг. Үүн дээр нэмэхэд манай эрх баригчид сүүлийн үед хуулийг дуртай цагтаа, өөрийн таалалд нийцүүлэн өөрчлөн найруулах замаар өөрсдийн дэглэмийг өөрчлөн байгуулдаг болсон.
Арван дөрөв. Хүйсээр ялгаварлан гадуурхах явдал газар авдаг ба улс төрийн дээд зиндааныхны дотор болон үндэсний урлагийн салбарт эрчүүд давамгайлах бөгөөд эмэгтэйчүүдийг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс гэж үздэг юм.
Энэ бол манай өнөөгийн байдал. Харин үүнийг уншаад МАН-ынхан баярлах хэрэггүй, үүгээр оноо авч АН-ыг баалах ч хэрэггүй. Учир нь энэ дэглэмийг МАНАН дэглэм гэдэг бөгөөд “МCS”, “АПУ”, “Петровис” зэрэг согтууруулах ундаа үйлдвэрлэгч, уул уурхай, нефтийн импорлогч томоохон корпорациудын “ММС” хэмээх томоохон синдикатын мөнгөний эрхшээлд орсон бүлэглэлийн дэглэм юм.
Үүнийг эсэргүүцэгч идэвхтэй хүчин АН-д үе үе гарч ирдэг бол МАН-д идэвхгүй эсэргүүцэл зонхилдог.Эцэстээ арчаагүй, чадваргүй, зориг зүрхгүй, ашиг завшаанчид олонх болсноор дэглэмийн ус, цемент нь болж хатууран бэхждэг. Гэвч дэглэм үргэлж тэднийг нурааж, задлан бутаргаж, зольж амьдардгийг би хангалттай бичсэн. Тэдний баас ялгадас зуурч босгосон хана хэрэм хэзээд хэврэг бөгөөд сэжиглэм байдаг. Улс орны эрх ашгийг хөсөрдүүлэгч ийм дэглэмийн үзэл сурталчид тахир дутуу, гадаадынханд биеэ үнэлэгч эр, эм адгийн шаарнууд, сэхээтний дүр эсгэгч хоосон толгойтнууд, бэлтгэгдсэн хутган үймүүлэгч хог шаарнууд, орчин үеийн аль л гэрэл гэгээтэй онолын нэрээр өөрийгөө далдалсан хүн хогнууд байдаг.
Ийм манкурт боолуудыг “химерүүд” гэдэг бөгөөд үндэстний дотор шимэгчлэн амьдарч үржин олширч, тухайн үндэстээ “идэж устгадаг” бөгөөд эх оронгүй, ёс суртахуунгүйчүүдийн “тавдугаар цуваа”-г үүсгэдэг юм.
Судлаач Х.Д.Ганхуяг