Олон улсад танигдсан язгуур урлагийн "Алтай" хамтлаг тоглолтоо хийнэ
2016/05/03
Язгуур урлагийн өв залгамжлагч гэдгээрээ Монголдоо цорын ганцад тооцогдох “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд тоглолтоо хийхээр зэхэж байгаа ажээ. Өнгөрсөн 2011 оны 11-дүгээр сарын 11-нд үүсгэн байгуулагдаж, Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус хамтлагийн таван жилийн ой өнөө жил тохиож байгаа юм байна.
Ойн арга хэмжээний хүрээнд тэд Монголын үзэгч, сонсогч фэнүүддээ зориулан ийнхүү УДЭТ-ын тайзнаа тоглохоор төлөвлөжээ.
Язгуур урлагийн “Алтай” хамтлагийг 2014 оны 6 дугаар сарын 16-нд МУ-ын ерөнхийлөгч өргөөндөө угтан авч байсан бөгөөд тэд Турк улсын ерөнхийлөгч Эрдоганы тусгай арга хэмжээнд оролцож, Якутын Соёлын яамны сайд Борисов эх орондоо урин тоглуулж байсан юм.
Мөн Парисын ЮНЕСКО-ын төв танхимд хагас цагийн тоглолтоо хийж Монгол - Түрэг угсаатанд язгуур их өв соёлыг сурталчилж яваа цоглог залуус бол “Алтай” хамтлагийнхан.
Тэдний уран бүтээлийг 10 гаруй хоногт дэлхийн сая гаруй хүмүүс цахим ертөнцөөр үзэж, сонирхдог нь ямар хэмжээнд үнэлэгддэг хамтлаг болохыг илтгэх ажээ.
Н.Чимэг