Ш.Сайхансамбуу: Нэг байшин шатаж, хэдэн хүн хохироо л биз. Би буцаагаад барьчихна
2013/09/09
"Нарантуул" захад гал гарснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байсан "Нарантуул" ОУХТ-ын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Монголын үндэсний радиогийн "Хурд" агентлагийн "Онцлох сэдэв" ярилцлагад оролцсон байна.
Энэ үеэрээ "Нарантуул" ОУХТ-д гарсан галыг санамсаргүй зүйл биш, зориуд гал тавьсан хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Галын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа хэдий ч цахилгаанаас болоогүй, дулаалгын материалаас болоогүй гэсэн мэдээлэл Нарантуул захын удирдлагуудад дуулдаж эхэлсэн гэнэ. Нөгөөтэйгүүр Нарантуулын хүнсний захын тааз нь 24 метр өндөр учраас доор гарсан гал таазанд хүртлээ наад зах нь 2-3 цаг болох учиртай гэж Нарантуулын удирдлагууд үзэж байгаа юм байна.
Тухайн үед ойрхон байсан хүмүүсийн яриагаар бол өглөөний 05 цагийн үед хоёр том дэлбэрэлт гарч, дараагаар нь гал авалцаж эхэлжээ. Иймээс зориудын хорлон сүйтгэх ажиллагаа гэж хардаж байгаагаа Нарантуулынхан нуусангүй. Учир нь тус зах дотор байрладаг цайны газруудад газ хэрэглэхийг хориглодог байна.
Одоогоор Нарантуулынхны хохирлыг хэрхэн барагдуулах бол гэсэн асуудал анхаарал татаж байгаа. Энэ талаар асуухад Ш.Сайхансамбуу "Би захыг буцаагаад барьж өгч чадна. Нэг байшин, шатаж, хэдэн хүн хохироо л биз. Би дахиад барьж л таарна. Гэхдээ хоёрын хооронд сендвичен юм хийхгүй. Ер нь бол ирэх жилээс шинэчилнэ гээд зураг гаргаж байсан. Би 20 гаруй жил бизнес хийсэн хүн. Хэдэн төгрөг байгаа. Түүнийгээ гаргаж зарна" гэсэн хариулт өгсөн байна.
Тэгэхээр Ш.Сайхансамбуу удахгүй Нарантуул худалдааны төвийг илүү гоё болгож барих нь тодорхой бололтой. Харин зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах тухай асуудал дээр сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Анх юу ч үгүй хоосон газар Нарантуулыг барьж, араас нь худалдааны газрууд тойрч байгуулагдаж шавсан гэдгийг ч дурджээ.
Харин галын асуудалтай холбоотойгоор түүний эхнэр Г.Оюунсогоог хорьсон гэх мэдээллийн тухайд "Манай эхнэрийг хориогүй. Гадуур шалгаж байгаа. Мөн "Нарантуул" захын менежер, цахилгаанчин, харуулын ахлагч нарын хүмүүсийг шалгаж байгаа" гэсэн хариулт өгсөн байна. Түүний эхнэрийг Эрүүгийн хуулийн 138 буюу "Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих" гэсэн хэсэгт холбогдуулж шалгаж байгаа тухай Ш.Сайхансамбуу ярьжээ.
Ш.Сайхансамбуугийн хувьд 2008 оноос хойш Нарантуул захын дотоод асуудалд оролцолгүй, эхнэртээ даатгаж, улстөрд анхаарч яваа гэдгээ хэлсэн байна. Бас нэг анхаарал татаж байгаа асуудал бол тус захын түрээслэгч нарын даатгалын хугацаа энэ оны 6 дугаар сард дуусч, сунгуулж амжаагүй байсан аж. Зарим хашир түрээслэгч хувиараа даатгуулаад амжсан ч ихэнх нь даатгалгүй байжээ. Тэгэхээр эрсдэл багагүй гарах бололтой. Шатсан зах дотор гоо сайхны барааны 10 гаруй павилон байсан байна. Хамгийн үнэтэй бараатай, их хохирол амссан хүмүүс нь тэд аж.
www.mnews.mn