Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй авъяаслаг мисс А.Сайхантамир маань монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдсэн бөгөөд авъяаслаг гурван миссийн нэгээр тодорчээ.

Дэлхийн гоо бүсгүйчүүдийн авъяас билгийг нээн илрүүлж, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээр нь дамжуулж дэлхийн энх тайваны төлөө томоохон үйл ажиллагаануудыг явуулах зорилготой тус тэмцээнд 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцож өөрсдийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа юм.

Мисс А.Сайхантамирын талаар товч танилцуулахад “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн юм. Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн авяъаслаг миссүүдтэй өрсөлдөж буй А.Сайхантамирыг дэмжиж тус www.facebook.com/groups/misssupertalent хаягаар зочилж санал сэтгэгдлээ үлдээгээрэй.

 

www.URLAG.mn