Хайр хүрэм “Алтай”
2016/05/14
Морин хуур, хөөмий, цуур, хэнгэрэг, товшуур, бий бийлгээ, дуу, “ориг” задгай хоолой, “Өвгөдийн захиас”, “Ширээ нуур”, “Монгол Санта”, сүүлийн үед Халимагийн алдарт дуучин Цагаанзамын монгол туургатанд түгээсэн “Ээжийн тухай дуу” нэмэгдсэн. Энэ бол язгуур урлагийн “Алтай” хамтлаг.
2011 онд хөгжим судлаач, продюсер Д.Ганпүрэв алтай ятгыг сэргээж, түгээн дэлгэрүүлэх ажлынхаа хүрээнд магтаал, туулийн чиглэлд илүү хөгжих магадлалтай алтай ятгатай зохицох зэмсгүүдээс бүрдсэн язгуурын хамтлаг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодолтой болж, төлөвлөөд байжээ. Энэ үед Увс аймгийн, алдарт хотон бий бийлээч Балган түүнд “Манай хүүхдүүд нэг хамтлаг байгуулаад байгаа юм. Сонсч, харж, зөвлөж өгөөч” гэж л дээ. Нөхрийн хэлснээр очиход нь Балган бийлээчийн хоёр хөвгүүн, СУИС-ийн морин хуур, хөөмийн ангийн оюутан найз нартайгаа хамтарч “Монгол угсаатан” хэмээх хамтлаг байгуулаад байжээ. Тус хамтлаг нэгэн чуулгын дэргэд байсан болохоор Д.Ганпүрэв сонсч, зөвлөгөө хэлчихээд ирж л дээ. Тэгтэл удалгүй залуус Ганпүрэвт хандаж уран бүтээлээ түүнд даатгая гэхэд нь хамтлагийн дотоод бүтцийг өөрчилж, зорилго, чиглэлийг тодорхой болгохын зэрэгцээ нарийвчилж хамтрахыг зөвшөөрвөл болно гээд ажилдаа орцгоосон түүхтэй. Түүнээс хойш таван жил өнгөрч, энэ хугацаанд хөдөөгийн, хорьтой залуусын нэгдэл өдгөө олон улсын тайзан дээр олон удаа тоглохдоо ЮНЕСКО-гийн тайзан дээр уран бүтээлийн бие даасан 30 минутын тоглолтоо хүртэл хийж амжсан. Энэ амжилтад продюсерийн ур ухаан, туршлагын зэрэгцээ залуус тус бүр Монголын соёлын өвийг тээгч удам судрын үр сад, залгамжлуулан үргэлжлүүлэгчид гэдэг онцгой “эрх”, уламжлал, улмаар энэ өвөрмөц оршихуйгаараа дэлхийд ялгарах язгуурын чин хүсэл байгаад хамаг учир байгаа юм. Тэд ямар ч илүү чимэггүй байгаагаараа, байгалиараа дуулж, хөгжимдөж, бүжиглэдгээр онцлог.
Байгуулагдаад таван жил болсон, таван насныхаа ойг тэмдэгдэх хүрээнд намар болтол олон цуврал тоглолт, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тус хамтлагийн тухай нийтлэл бичихээр бэлтгэлийнх нь байранд очиж ярилцсан юм. Үсээ хагас хусуулж, үлдсэнээр нь гэзэг тавьж ижилссэн залуус, алаг нүдэн инээмтгий морин хуурч охин тавуул асуусан бүрт минь хариулж харилцан ярилцаж үе үе начигнатал инээлдэж хамтдаа хөгжилдлөө. Ятгачин охин Б.Баасанжаргал хичээлтэй тул байсангүй. Тэрбээр ХБК-ийн оюутан бөгөөд нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнийн гарын шавь юм билээ.
Увс аймгийн Тариалан сумын уугуул, 12 үеийн бий бийлээч удмын алдартан Дурмагийн Балганы хоёр хүү Б.Гүрбазар, Б.Ганзориг нар “Алтай” хамтлагийн тулах хоёр багана нь. Дүү Б.Ганзориг нь “Манай угийн бичиг, хотонгуудын дунд нэртэй угсаатан судлаачдын гаргаж ирсэн баримт манай гэр бүл аавын ч, ээжийн ч талаас 12, цаашилбал 14 үеийн бий бийлээчид гэдгийг нотолно” хэмээж байна. Өөрөө бол дөрөв, таван настайдаа гэрт нь цуглаж бийлэх ах дүү нараа харсаар байгаад сурсан. Зарим хэцүү хөдөлгөөнүүдийг ааваараа заалгасан аж. Монголын язгуур соёлын өвийг тээгч үеийнхэнтэйгээ нэгэн хамтлаг болж мэддэг чаддагаа хуваалцан, бусдад түгээж, хамтдаа хөгжиж, орон гүрэн дамжин бийлж, монгол язгуур урлагаа гайхуулж явдаг болсноо хэн хүнд тохиохгүй том аз гэж тэрбээр үздэг юм байна.
Түүний ахыг Б.Гүрбазар гэдэг. БСШУЯ-ны “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн 1000-аад хүүхдэд бий бийлгээ зааж олон шавьтай болсон язгуур урлагийн “ахмад” уран бүтээлч. Бий бийлгээг зөвхөн баруун Монголын язгуур соёл, өв гэж бодохгүйгээр монголчууд нийтээрээ сураасай, бийлдэг байгаасай гэж тэрбээр хүсдэг. “Алтай” хамтлаг Сэлэнгэ аймагт тоглолтоор явж байхдаа нэг удаагийн тоглолтоор хамтлагийн бүх гишүүд босоод бийлээд эхлэнгүүт үзэгчид бүгд босон тосч авч бийлж эхэлсэн нь хамгийн гоё мөч байсан гэнэ. Хоёр хөвгүүний аав Балган ЮНЕСКО-гийн Соёлын өвийн төвөөс нэрлэсэн Монголын соёлын шилдэг 100 өв тээгчийн нэгээр батламжлагдсан. Хүүхдүүддээ “Багаар бодоход бий бийлгээ бол та нарын хоол. Цаагуур бодоход эх соёлынхоо өвийг тээгч удмын хэлхээ таслахгүй авч явах гүн гүнзгий утга учиртай. Шантарч, няцаж болохгүй” гэж зөвлөж захидаг, продюсер, хал үзэж, халуун чулуу долоосон туршлагатай уран бүтээлч Д.Ганпүрэвийн удирдлага дор утга, зорилготой ажиллаж, тоглож яваад нь баярладаг ажээ.
Хуурч удмын залгамж морин хуурч А.Санчир охин Өвөрхангай аймгийнх. Аймагтаа аавынхаа байгуулсан морин хуурын дугуйланд, улсын нийслэлд СУИС-ийн морин хуурын ангид суралцаж мэргэжлийн хөгжимчин болсон тэрбээр “Алтай” хамтлагт эрчүүдтэй ана мана “үзэлцэн” хөгжимдөж, бас дуулж явна. Түүний өвөөгийн төрсөн ах Жанчивсэнгээ нь Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хуурч байсан бол Нарийн тээлийн уугуул өвөө Л.Цэдэв нь нутагтаа алдартай хуурч байжээ. Харин аав Адъяахүү нь Соёлын сургуулийг арга зүйч мэргэжлээр төгссөн ч хөгжмийн багшаар ажиллах дуртай. Өдгөө Өвөрхангай аймгийн төвийн арван жилийн сургуульд хөгжмийн багш юм билээ. Морин хуурч А.Санчир мэргэжилдээ юу юунаас илүү хайртай, хуруу, гар хэзээ мойнийно, тэр хүртэл тоглоно гэж буй.
Ховд аймгийн Чандмань сумын уугуул М.Даваадалай “Алтай” хамтлагт хөөмийлж, бөмбөр тоглож, цуур үлээдэг. Шаардлагатай үед товшуур дарна. Сүүлийн үед бийлж эхэлсэн. Хамтлагийнхан нэгэн шинэ номер гаргахаар ажиллаж байх үед продюсер Д.Ганпүрэв нь түүнийг “Хамт бийл” гэж хэлэхэд нь цочих шиг болж байсан гэнэ. Хэзээ ч чадахгүй гэж бодсон ч уран бүтээлийн төлөө аргагүй ханцуй шамлаад босч иржээ. Эхэндээ хамаг бие нь няцраад, булраад хэцүүдэж байсан бол сүүлдээ дассан. Нэг удаа бийлэхэд 1000 дасгал хийсэнтэй адил бие хөнгөрдөг, тиймдээ ч баруун монголчууд урт насалдаг, монгол ахуй соёлын илэрхийлэл болсон ийм өвөрмөц өвийг тээгээд явахад яагаад болохгүй гэж бодох болжээ. Түүний бөмбөр буюу хэнгэрэг эвэртэй. Гангарааны энэ эвэр цаа бугынх аж. Саха Якутад “Олонхо” фестивальд очоод байхдаа музей үзэж явахад нь олон том эврийн хажууд ганц жижигхэн эвэр илүүдээд байгаа ч юм шиг эгдүүтэй харагдаад байхаар нь сонирхож, хөгжмийнхөө өмнө барьж үзэж “Энэ энд ингээд байж байвал болох юм байна” гэж хошигноход нь музейн захирал үнэхээр сонирхож байгаа бол бэлэглэе гэснээр хойд туйлын хүйтэн орны үзмэр Чандманийн хөөмийчийн хэнгэргийн залаа болжээ. Хэнгэргээ өөрөө хийсэн. Ком бөмбөрийн модыг ашиглаж эр ямааны арьс татаж, олж ирсэн эврээрээ гоёсон. Хурдан морины унаач хүүхэд байхад нь буюу наймтайд нь аав нь адуунд дагуулж явахдаа нутгийн уулын бэлд тухлан суугаад хүүдээ хөөмий зааж өгч, хөөмийч удмын хэлхээг таслахгүй явахыг ухааруулсан ажээ. Тэр өдрийг мартахын аргагүй, улмаар дунд сургууль төгсөхдөө удам залгах эрдмээ мэргэжил болгоё гэж шийдээд СУИС-ийн хөөмийний ангид элсч суралцсан түүхтэй.
Өмнөговийн уугуул, Сайншандад дунд сургууль төгсч, СУИС-ийн хөөмийний анги дүүргэсэн Т.Арван мөн хуурч удмын үр ач. Түүний өвөө хуурч, өвөөгийн өвөө бас Өмнөговийн Гурвансайханд нутагтай хуурч хүн байжээ. Тавдугаар ангиасаа хуур тоглож, магтаал хэлдэг байсан Т.Арван өдгөө “Алтай” хамтлагтаа хуураа ч эгшиглүүлж, дуу дуулж, бий бийлдэг. Задгай, байгалийн ориг цээл хоолойт түүний дуулахыг сонсоод ханашгүй. Нүд хөмсөг, сахал хууз, гэзэг болсон тайз, дэлгэцэнд сайн эрийн дүр бүтээвэл тохирох өвөрмөц төрхтэй тэрбээр нэг их нандин цээл хоолойгоор хангинуулж гарах нь арга билгийн нэгдэл гэлтэй сонин.
Ийм зургаан шижигнэсэн залуу уран бүтээлч дуулж, хөгжимдөж, хөөмийлж, бийлж хүслээ биелүүлж, уран бүтээлээ туурвиж явна. Тэдний таван жилийн ойн нээлтийн тоглолт энэ сарын 22-нд УДЭТ-т болох юм. Хаанаас нь ч харсан хайр хүрэм ориг монгол залууст уран бүтээлийн амжилт, амьдралын сайхныг хүсч байна.
Зургийн тайлбар:
Хөндлөн зургийн зүүн гараас: Морин хуурч, хөөмийч, дуучин Т.Арван, бий бийлээч Б.Ганзориг, морин хуурч А.Санчир, бөмбөрчин, хөөмийч М.Даваадалай, ятгачин Б.Баасанжаргал, бий бийлээч Б.Гүрбазар.
“Өнөөдөр” сонин, 2016.5.10