Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд Улсын Драмын Эрдмийн Театрт Монголчууддаа зориулан тоглох гэж байна. Анх “Өвгөдийн захиас”хэмээх уран бүтээлийг гаргаж, энэхүү бүтээл нь цахим ертөнцөд хандалтаараа тэргүүлж байсан бол хамгийн сүүлд Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдээ тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь мөн л хандалтаараа тэргүүлсээр байгаа нь тус хамтлагийн жансааг харуулж буй юм.

Үүнээс гадна саяхан “Алтай” хамтлагийн нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэнэ бие даасан “Королева Ятаги” тоглолтоо ОХУ-ын Буриад улсад амжилттай тоглосон бөгөөд нэрт ятгачын тоглолтыг үзсэн үзэгчид түүний ур чадварыг гайхан биширч байв.

Уг тоглолтыг “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Батхүү ийнхүү амжилттай зохион байгуулсан юм. Энэ удаа ч мөн “Алтай” хамтлагийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна.

“Алтай хамтлаг” “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг хүртэж, Оросын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч, Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”, Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” - аар тодорсон гээд тоочоод барамгүй нэр хүндтэй шагналын эзэд болж, Олон улсад үндэснийхээ урлагийг таниулан, бишрүүлж чадаж буй хүчирхэг хамтлаг юм.

Тэд Америк, Герман, Парис, Шотланд зэрэг өндөр хөгжилтэй дэлхийн томоохон хотуудаар аялан тоглолтоо амжилттай хийж, Үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлж, бишрүүлсээр байна. Харин энэ удаа эх орныхоо үзэгчдэд зориулан тоглохоор болжээ. “Алтай” хамтлагийн цогц тоглолтыг үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэх ховорхон боломжийг үзэгч та бүхэн бүү алдаарай.

Тоглолт энэ тавдугаар сарын 22-нд 18.00 цагт Улсын драмын Эрдмийн Театрт болно. Мэдээллийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn сайт ажиллаж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99167471