Монголчууд их туйлшрамтгай ард түмэн гэдгээ олон үйл явдал дээр харуулж буй. Тухайлбал, Н.Энхбаяр ерөнхийлөгч байх үедээ Оросын их өрийг цайруулж байсан. Энэ үед түүний хийсэн болгон л ард түмэнд таалагдаж түүнийг хоёр удаа сонгож, Ерөнхийлөгчөө болгосон. Гэтэл өдгөө түүн шиг муу хүн байхгүй болчихсон тууж явна.

Түүнийг хэдэн жилийн өмнө оймсыг нь гозолзуулсаар барвчилж байсан түүхийг өдгөө ч мартаагүй. Тэгвэл түүнд гурван жилийн өмнө Дээд шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Харин 2013 оны наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний үлдсэн ялыг уучлалт үзүүлчихсэн юм. Хатуу хандаж байсан хэцүү самраа яагаад уучлав гэдэг хар олон хүний сэтгэлд хурсан. Ингээд шоронгоос гарсан даруйдаа БНСУ явж, биеэ сувилуулсан. Тэрбээр сонгуульд оролцох МАХН-аа төвхнүүлэх гэж эх орондоо ирсэн гэдэг. Гэтэл намынх нь зарим нэр дэвшигчдийг бүртгэж авахгүй байсан тул зарим гишүүдийн хамтаар өлсгөлөн зарласан билээ. Нойтон өсгөлөн зарлаад хоёр хонож байхад нь Н.Төмөрбаатар зэрэг хүмүүсийн бие тавгүйрхсан тул эмч өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөсөний дагуу зогсоосон. Харин намын дарга нь өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн ч олон улсын хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан талбайг чөлөөлж өг гэсэн шаардлагын дагуу энэ сарын 31-нд зогсоосон юм.

Энэ сарын 30-нд МАХН-ын удирдлагууд Хүний эрхийн Үндэсний комисст хандсан тухайгаа дуулгасан. Тэгвэл уг хүсэлтэд, “Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5 дахь хэсэгт зааснаар бүрдэл дутуу гэх шалтаг тоочин, бүртгэхгүй байх хандлагатай байна. Бүрдүүлэх материалын жагсаалтад ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа авна гэсэн заалтыг үндэслэн МАХН болон МАХН-ын даргыг сонгуульд оролцуулахгүй байх, намын даргын сонгуульд оролцох эрхийг бүдүүлгээр зөрчих гэж байгаад санаа зовж байгаа тул СЕХ-г хүний эрхийн үндсэн зарчмуудад нийцүүлэн ажиллах талаар бие даасан зөвлөмж, санал гаргаж бидний сонгуульд оролцох эрхээ эдлэх бололцоонд туслалцаа үзүүлэхийг хүсье” гэжээ.

Тэгвэл Хүний эрхийн үндэсний комисс энэхүү хүсэлтийн дагуу ажиллаж, дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох” гэсэн ойлголт хамааралгүй болох нь тогтоогдож байна.

Иймээс Н.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд ялгүй болсон байна” гэжээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн гаргасан дүгнэлтийг анхаарахыг сануулжээ.