УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар тодруулж үзлээ. Намуудын захиалгаар хийлгэсэн улстөрийн судалгаа, нэр дэвшигчдийн хувь нэр хүнд, аймаг дүүргийн анхан шатны нэгжид аль нам олонхи байгаа, санхүүгийн чадавхи, фракцийн дэмжлэг зэрэг цөөнгүй хүчин зүйлийг эх сурвалж болголоо.

Зарим тойрогт хувь улстөрчдийн рейтинг өндөр байгаа боловч аймаг сум, дүүрэг хороодод төлөөлөлгүйн улмаас сонгогдох магадлал 28-35% буурч дүгнэгдлээ. Улстөрийн 2 том хүчин болох МАН АН-ын рейтинг нийт улс орон даяар сайнгүй байгаа нь багагүй нөлөөлж байна. Нийлээд 40 хүрэхгүй хувийн дэмжлэгийг олон нийтээс хүлээж байгаа нь эвслийн засгийн газар байгуулагдана гэдгийг нотолж байгаа юм. Миний тооцоолсноор АН 38, МАН 34, МАХН 2, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 1, Эх орончдын нэгдсэн эвсэл 1 суудал эзлэх төлөвтэй байна.

Архангай аймаг:

1-р тойрог. Г.Тэмүүлэн МАН
2-р тойрог Н.Батбаяр АН
3-р тойрог Ж.Мөнхбат МАН

Тайлбар: АН УИХ-д хамгийн бага нь 12 жил ажилласан туршлагатай хашир 3-н нэр дэвшигчийг энэ удаа илгээлээ. Гэвч "Шонхор" фракцын Д.Ганхуяг, "Алтангадас" фракцын Р.Гончигдорж нарт боломж туйлын бага харагдаж байна. МҮДН-ын лидер Н.Батбаяр аймаг, сумын ИТХ, тамгын газарт нөлөөгөө тогтоосон тул МАН-ын залуусын шуурганд тэсч үлдэх магадлалтай.

Баян-Өлгий аймаг:

4-р тойрог А.Бакей АН
5-р тойрог А.Баделхан МАН
6-р тойрог А.Тлейхан МАН

Тайлбар: АН-ын найдлага тавьдаг А.Мурат, К.Сайраан нар эзгүй тул МАН-ын ахмадууд өрсөлдөөнгүй ялагч болох төлөвтэй байна. Баян-Өлгий аймгийн 2 овгийн ахлагч нар хэн төрд гарахыг шийдвэрлэдэг дэг ёс энэ удаа ч үйлчилнэ. А.Бакей АН-д суудал авчрах боломжтой ганц улстөрч харагдана.

Баянхонгор аймаг:

7-р тойрог Г.Занданшатар МАН
8-р тойрог Н.Түвшинбаяр АН
9-р тойрог Л.Элдэв-Очир МАН

Тайлбар: УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Баянхонгор аймагтаа ноёлоно гэж цөөнгүй хүн таамаглаж сууна. Гэвч МАН-ын нэр дэвшигчдэд илүүтэй боломж харагдаж байна. Олимпын аварга Н.Түвшинбаярыг аваачихдаа тултал уруудаж буй АН-ын нэр хүнд аймгийн төвд хүнд байгаа юм. МАН-ын толгой улстөрч Г.Занданшатар, "М-Си-Эс" группын Л.Элдэв-Очир нарт энэ удаа 2012 онтой харьцуулвал нэр хүнд нь 50% унасан Ардчилагчид өрсөлдөнө.

Булган аймаг:

10-р тойрог Ж.Бат-Эрдэнэ МАН

Тайлбар: Булганчууд үеийн үедээ МАН-д саналаа өгч ирсэн. Тэдний сонголт энэ удаа ч үргэлжилнэ. Сүүлийн 3-н жил нутаг орондоо аж төрж, ахуй амьдралаа холбосон ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэд том боломж нээгдэж их улстөрд хөл тавина.

Говь-Алтай аймаг:

11-р тойрог О.Амгаланбаатар АН

Тайлбар: Говь-Алтай аймаг МАН-д элэгтэй. Гэвч Ц.Дашдорж, Ж.Энхбаяр гэсэн лидер улстөрчдийн зөрчилдөөнөөс үүдэн аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулж ялагдлын гашуун амтыг хүртсэн. Хэл аманд үргэлж ордог аймгийн АН-ын дарга, засаг дарга О.Амгаланбаатарын гар хөл аймаг сум бүрт бэхэжсэн явдаг АН анх удаа УИХ-д ялах боломжийг нээн өгөөд байна. МАН шинэ залуу Ш.Раднаасэдэд боломж олгосон ч Ж.Энхбаяр шиг найдвартай улстөрч хараахан болоогүй.

Говьсүмбэр аймаг:

12-р тойрог Г.Ганбаатар АН

Тайлбар: Аймгийн ИТХ-д намын жагсаалтанд оролгүй торолгүй сонгогддог, төв нам, намын хороо, нутгийн иргэдийн дэмжлэг сайтай ИТХ-ын дарга Г.Ганбаатарт сонгогчид илүүтэй дэмжлэг хүлээлгэнэ.

Дорноговь аймаг:

13-р тойрог Б.Дэлгэрсайхан МАН

Тайлбар: АН нэр цэвэр, зам мөр шударга, Ардчилалд элэгтэй Хамрын хийдийн тахилч З.Алтангэрэлийг дэвшүүлсэн явдал хамгийн зөв сонголт байлаа. Гэвч аймгийн ИТХ, УИХ-ын сонгуульд хоршин ялалт байгуулахаар бүхнийг төлөвлөсөн "Дорнын говь" ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайханы тооцоо биелэх боломж дүүрэн байна. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чадавхи, сүүлийн 3-н жил ажилласан төлөв байдлаас дүгнэвэл хүч тэнцвэргүй өрсөлдөөн өрнөнө.

Дорнод аймаг:

14-р тойрог Х.Болорчулуун МАН
15-р тойрог Н.Номтойбаяр МАН

Тайлбар: МАН Дорнод аймагт зовлонгүй ялах төлөвтэй байна. АН УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтыг нэр дэвшүүлсэн боловч нутаг орондоо нэр хүндгүй, орон нутгийн намын хорооны дэмжлэггүй нэгэн юм. Туйлын харамсалтай байна. МАН-д 2 тойрог бэлэглэж орхилоо.

Дундговь аймаг:

16-р тойрог Б.Наранхүү АН

Тайлбар: МАН-ын нэр дэвшигч Б.Амарсанаа рейтинг дээшилсэн боловч сонгогдох магадлал муу байна. Намын хорооны удирдах бүрэлдэхүүний дэмжлэг, нутгийн зөвлөл, ахмадуудын зохион байгуулалтаар Б.Наранхүү ялалт байгуулах бүрэн боломжтой.

Завхан аймаг:

17-р тойрог Я.Санжмятав АН
18-р тойрог Ш.Сайхансамбуу ТТЭН эвсэл

Тайлбар: МАН Завханы тойрогт нэр дэвших хүнгүй болтолоо хүч суларчээ. МАН-аас нэр дэвшсэн Ш.Батсамбуу ахыгаа дэмжин сонгуулийн компанит ажил өрнүүлэхгүй төлөвтэй байна. З.Нарантуяагийн хувьд Д.Оюунхоролын суларсан орон зайг нөхөх боломжтой.

Өвөрхангай аймаг:

19-р тойрог Я.Содбаатар МАН
20-р тойрог Н.Тогтохсүрэн МАН
21-р тойрог С.Чинзориг МАН

Тайлбар: Өвөрхангайн сонгогчид энэ удаа МАН-д 100 хувь итгэл хүлээлгэнэ. Аймгийн засаг даргыг нэр төртэй хашсан Н.Тогтохсүрэн, МАН-ын өсч яваа улстөрч Я.Содбаатар, 2012 оны гашуун түүхээ ярин явах С.Чинзориг нарт дэмжлэг илүүтэй ирэх төлөвтэй.

Өмнөговь аймаг:

22-р тойрог Б.Бадраа АН
23-р тойрог Д.Бат-Эрдэнэ АН

Тайлбар: АН энэ тойрогт өрсөлдөөнгүй ялна. Аймгийн хүн амын дийлэнхи хэсэг өнөөгийн хөгжлийн үйл явцдаа сэтгэл хангалуун явдаг.

Сүхбаатар аймаг:

24-р тойрог Ж.Батсуурь АН

Тайлбар: Хашир туршлагатай Ч.Улаан өрсөлдөгчөө сөхрүүлэх аргаа хэдийн боловсруулжээ. Түүхэнд байхгүй хамгийн сайн аймгийн засаг даргаа нутагтаа үлдээхийн тулд УИХ-д бүү сонго гэж ухуулан явна. Ж.Батсуурьд иргэдийн дэмжлэг хангалттай бий. Зөв ажиллах л үлдлээ.

Сэлэнгэ аймаг:

25-р тойрог С.Баярцогт АН
26-р тойрог Ж.Эрдэнэбат МАН
27-р тойрог С.Бүрэнбат МАН

Тайлбар: Өрсөлдөгч нь хэн ч байсан төвөггүй ялах нэр хүнд С.Баярцогтод байна. Харин Л.Цандэлэгийг дэвшүүлээгүйн төлөө нөгөө хоёр тойрогоо МАН-д алдана. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад их итгэл өвөртлүүлж буй ч Сэлэнгэчүүд нутгийн хөвгүүддээ хир халдаах дургүй хүмүүс.

Төв аймаг:

28-р тойрог М.Энхболд МАН
29-р тойрог А.Сүхбат МАН
30-р тойрог Н.Энхболд МАН

Тайлбар: Монгол Улсын дархан аварга А.Сүхбатыг хажиглан холдуулсныхаа хариуг АН чангахан авна. Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын зөрчилдөөнөөс үүдэн аймгийн АН А.Сүхбатыг татвар, бусад зүйлсээр шоглосоор байсан юм. Харин МАН-ын дарга М.Энхболд улстөрөөс зай авахыг хүссэн Сү.Батболдын найз Су.Батболдыг хөнгөхөн зайлуулж өөрийн дотно хүнээ дэвшүүлж авлаа. Улаанбаатар хотын газрын бизнес дээр дарга аварга хоёр ганзага, амжилт нийлж явсан юм.

Увс аймаг:

31-р тойрог Б.Чойжилсүрэн МАН
32-р тойрог Н.Алтанхуяг АН
33-р тойрог Ч.Хүрэлбаатар МАН

Тайлбар: Ерөнхий сайдын суудалд тухлаад нутаг орондоо ихээхэн хөрөнгө оруулалт хийгээд ирсэн Норовын хүү Алтанхуягийг энэ удаа намын хороо урин авчирч дэвшүүллээ. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын дээр гарч чадах аавын хүү олдохгүй байсан тул үнэнч, хүчтэй хамтрагч О.Цогтгэрэл /Тесо корпорацийн ерөнхийлөгч/, С.Отгонбаяр /Эрчим хүчний зохицуулах хорооны дарга/ нарыг дагуулжээ.

Ховд аймаг:

34-р тойрог Б.Пүрэвдорж АН
35-р тойрог С.Бямбацогт МАН
36-р тойрог Ш.Адьшаа АН

Тайлбар: АН үнэмлэхүй ялалт байгуулах боломж дүүрэн байна. Гэвч баз хүргэчүүд тохироо хийн ах Д.Батцогт сонгуулийн штаб байгуулахгүй шахуу өрсөлдөх төлөвтэй. С.Бямбацогт ялвал үндсэн чиглэлийн 4-н сайдын суудалд тухлах боломжтой тул алсыг харсан нүүдэл болж байна.

Хөвсгөл аймаг:

37-р тойрог Л.Мөнхбаатар МАН
38-р тойрог Ц.Даваасүрэн МАН
39-р тойрог Л.Энх-Амгалан МАН

Тайлбар: Хөвсгөлчүүд цэнхэр аймаг байхаа хэдийн больсон. МАН-ын улстөрчид нэр нөлөөгөө улам бэхжүүлж, байр сууриа эзэлсээр байна. Тэдэнтэй хэрийн аавын хүү өрсөлдөх хүнд болж эхэлсэн.

Хэнтий аймаг:

40-р тойрог Б.Бат-Эрдэнэ МАН
41-р тойрог Б.Гарамгайбаатар АН
42-р тойрог Ж.Оюунбаатар АН

Тайлбар: МАН энэ тойрогт хамгийн их ажилласан Их засаг их сургуулийн ректор Н.Учралыг нас бага хэмээн дээрэлхсэн. Гэтэл номч хэмээн цоллогдож буй Л.Оюун-Эрдэнэд боломж бага харагдана.

Дархан-Уул аймаг:

43-р тойрог С.Ганбаатар Эх орончдын эвсэл
44-р тойрог Н.Мөнхдаш АН
45-р тойрог Д.Хаянхярваа МАН

Тайлбар: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр хүнд тойрогтоо өндөр хэвээр байна. Харин түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Эх орончдын намын гишүүн бус өрсөлдсөн нь саад болох бий. МАХН-ын генсек Ж.Сүхбаатар тойрогоо солино гэж уурстал зүтгэсний цаана популизмын хаан С.Ганбаатарын рейтинг хэр байгаа нь харагдана. АН-ын муу нэрт Н.Мөнхдаш энэ удаагийн сонгуульд хамгийн өндөр нэр хүндтэй байна. Сайн муугаар хэлэгдэж нутагтаа олон жил аж төрсөн түүнд итгэл хүлээлгэх магадлал өндөр байгаа юм.

Орхон аймаг:

46-р тойрог Д.Алтанхуяг АН
47-р тойрог О.Баасанхүү МАХН
48-р тойрог Д.Дамба-Очир МАН

Тайлбар: Тойрогоо 4-н жил усалсан "сумо тайлбарлагч" сүүлдээ "зэс эрдэнийн хувь" болсон Д.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаярын эцсийн үнэнч туслах О.Баасанхүү нарт боломж дүүрэн байна. УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нарын хорооноос дүрлийгээд гараад ирсэн ч улстөрийн амьдралд нь эцсийн цэгийг тавих магадлал өндөр байгаа юм.

Баянзүрх дүүрэг:

49-р тойрог Д.Зоригт АН
50-р тойрог Ж.Энхбаяр МАН
51-р тойрог Н.Саранчимэг МАН
52-р тойрог Ч.Сайханбилэг АН
53-р тойрог Ж.Батзандан АН
54-р тойрог Д.Арвин АН

Тайлбар: МҮДН-ын залуучуудын лидер Д.Пүрэвдаваа дүүргийн засаг даргын суудалд 4-н жил тухалж УИХ-д зүтгэсэн ч З.Энхболд зогсоосон. Түүнд хороодоор дамжсан тун итгэлтэй сүлжээ бий. Одоо фракцийн ах Д.Зоригт, Сангийн сайд Б.Болор найзыгаа дэмжин орох нь тодорхой. Харин Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, Д.Арвин нарын эсрэг ажиллах төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй. Муу залиараа алдартай "Шонхорын хослол жигүүрээ амар таслуулахгүй" гэдэгт итгэлтэй байна.

Хан-Уул дүүрэг:

55-р тойрог Ж.Ганхуяг АН
56-р тойрог Ц.Нямдорж МАН
57-р тойрог Л.Болд АН
58-р тойрог Г.Батхүү АН

Тайлбар: МАН-ын дарга М.Энхболд Хан-Уул дүүрэгт бат сонгогдох улстөрч байхгүй тул тулаанд орохыг хүссэн шинэ дайчдаа сонгосон. Тэдэнд Ц.Нямдорж түшиг болох учиртай. Гэвч 8-н жил АН засагласан дүүрэгт МАН нэгэнт хүч нөлөөгөө алджээ.

Сүхбаатар дүүрэг:

59-р тойрог Б.Мэдрээ АН
60-р тойрог Х.Тэмүүжин АН
61-р тойрог Сү.Батболд МАН
62-р тойрог Л.Гантөмөр АН

Тайлбар: Байшин хороолол дунд Б.Мэдрээ, Х.Тэмүүжин нар торохгүй өнгөлнө гэж найдья. Ерөнхий сайд асан Сү.Батболдод энэ удаа ялимгүй давуу тал бий бол БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрт хатуу сонгууль болох нигууртай.

Чингэлтэй дүүрэг:

63-р тойрог С.Дэмбэрэл АН
64-р тойрог Г.Баярсайхан АН
65-р тойрог Ө.Энхтүвшин МАН
66-р тойрог Д.Ганболд МАН

Тайлбар: Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн, ТТЭНН-ын дарга Г.Уянга хамгийн өндөр рейтингтэй байна. Түүнд саад болж буй ганц хүчин зүйл нь хороо, хэсгийн зохион байгуулалтанд орсон 2 том намын гар хөлүүд юм. Н.Багабандийн туслах асан Т.Аюурсайхан өрсөлдөөнд өнгө нэмэх бүрэн боломжтой.

Баянгол дүүрэг:

67-р тойрог С.Одонтуяа АН
68-р тойрог Д.Оросоо АН
69-р тойрог С.Эрдэнэ АН
70-р тойрог З.Энхболд АН

Тайлбар: С.Эрдэнэ өөрийн тойрогоо бүрэн хариуцна гэдгээ зарласан. Тэрээр намын даргаа авчирч нэг ч төгрөг заруулалгүй гаргана гэдгээ илэрхийлж байна. Зохион байгуулалт, багийн тоглолт, бие биенээ дэмждэг ийм нэгдэл АН-д тун цөөн. С.Одонтуяа гишүүний хувьд хүнд сонгууль болно.

Сонгинохайрхан дүүрэг:

71-р тойрог Ө.Пүрэвбаатар АН
72-р тойрог З.Баянсэлэнгэ МАХН
73-р тойрог М.Чинболд АН
74-р тойрог Д.Тэрбишдагва МАН
75-р тойрог Ш.Түвдэндорж АН
76-р тойрог О.Магнай АН

Тайлбар: Нийслэлийн хамгийн том тойрогт АН-ын дарга асан Н.Алтанхуягийн гар хөл хүчтэй оршдог. Улсын аварга Д.Сумъяабазар тахимаа өгөх сонгууль 2016 он гэж харах хүн цөөнгүй байна. Харин иргэний хөдөлгөөний О.Магнай их улстөрд хүч түрэн орж ирэх нээ.

Сэтгүүлч Н.Урантогтох