Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвийн санаачилгаар “Домогт нүүдэлчид” төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд өчигдөр Монголын соёлын биет болон биет бус өв соёлын гайхамшгийг мэдрүүлэх Домогт нүүдэлчдийн дуу хуурын нүүдлийн асар өргөө нээлтээ хийлээ. Нээлт Чойжин ламын музейд болсон юм.

Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г нээлээ. Өргөө 2016.10.15-ны өдөр хүртэл байх бөгөөд өдөр бүр Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон “Алтай” хамтлаг язгуурын урлагийн гайхамшгийг мэдрүүлэх тоглолтыг хоёр удаа тоглох юм. Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвээс Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөний талаар цөөн хором ярилцсан юм.

- Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөний талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?

- Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө маань өнөөдөр нээлтээ хийж байна. 100, 1000 жилээр тасарсан эртний өв соёлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны дэргэд дахин сэргээж нутагшуулсан. Түүнийг бойжуулах гол “лаборатори” нь энэ өргөө юм. Бойжуулах “лаборатори” байгуулахгүй бол олон нийтэд танилцуулахад бэрхшээлтэй байдаг.

Өнөөдрийн тоглолтод маань бидний сэргээж, гаргаж ирсэн 1400 жилийн өмнөх Алтай ятга хэрхэн дуугардгийг харлаа. Мөн ахуй их ятга байгаа. Хаадын өргөөнд тоглогддог төрийн энэ их ятга маань ард түмний дунд тоглогдох хориотой байсан. Тиймээс уламжлал тасарсан. Энэ зэмсэг бас манай угсаатны хөгжмийн товчооны дэргэд сэргэж, хөгжиж босч ирсэн байгаа.

Өнөөдөр бид тойрон бүжсэн. Тойрон бүжиг бол олон жижиг соёлыг нэгтгэсэн хамгийн том соёл. Тойрон бүжиг 13-р зууны үед хөгжиж байсныг Монголын нууц товчоонд орсон байдаг. Бид тойрон бүжгийг дахин сэргээсэн байгаа.

Тэгэхээр энэ соёлууд бий болсноороо Монголын язгуур хөгжил маань өндийж цэцэглэх ёстой. Одоогийн байгаа соёлыг бид гаднын янз бүрийн урсгалтай хольж сонирхолтой хэлбэрээр яваад байж болно. Гэхдээ язгуураасаа хэтэрхий холдох бас осолтой. Тэгвэл глобалчлал дунд Монгол соёлынхоо хэмжээнд их амархан алга болчихно. Тийм болохоор дархлааг бий болгох үүднээс би ингэж ажиллаж байгаа юм.

Эртний энэ соёлыг бойжуулан, хөгжүүлэхийн тулд бид өнөөдөр Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөг байгуулж, өдөр бүр тоглоно гэсэн зорилготой байгаа. Дан ганц жуулчдад биш, Монголчуудад, тэр тусмаа цагаа тохирч байгаад Монголчууд Алтай ятга, тойром бүжгийг сурах хэрэгтэй байна. Бид эндээсээ эвтэй болж, Монголоороо бахархдаг, бүгдээрээ нэг цул болчихвол их зүгээр юм. Би тойрон бүжгийг зургаан удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан. Гайхалтай. Бүгдээрээ л гар гараа барилцаад ядуу, баян, гудамжны байна уу, байрны байна уу, огт сонин биш байсан. Бид өнөөдөр яс угсаа ярих гээд байна. Тэр сонин биш. Бид нийлээд Хүн гэдэг гоё шударга соёлд тойрон бүжгийг оруулж байгаа. Энэ соёлыг бид хүчтэй сэргээхийг зохион байгуулж байгаа арга хэмжээгээрээ хүсэж байгаа юм. Бид энд 10-р сарын 15 хүртэл байна.

- Нүүдлийн асрын талаар танилцуулбал?

- Нүүдлийн асрыг барихад нэг өдөр хагас шаардана. 150 орчим хүн орох багтаамжтай. Өөрийн гэсэн тайз, тайзны гэрэл, тоног төхөөрөмжтэй. Буцаагаад буулгахад нэг өдөр шаардлагатай. Нилээн хөдөлмөр хэрэгтэй.

 

“Алтай” хамтлаг өдөр бүр 17:00 цагт Чойжин ламын музейд тоглож байгаа. Тоглолтоор мартагдах шахсан эртний хөгжмийн зэмсгийг дахин сэргээснийг харах боломжтой. Мөн эртнээс уламжилж ирсэн тойрон бүжгийг үзэгчид бүжиглэх юм. Өөрөөр хэлбэл Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Ингээд Чойжин ламын музейд нээлтээ хийсэн Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөнөөс бэлтгэсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.