МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Авилгатай тэмцэх газраас баривчлан саатуулаад буй мэдээлэл цацагдах болов. Авилгатай тэмцэх газар нэр бүхий дөрвөн хүний гаргасан өргөдлийн дагуу түүнийг саатуулан шалгаж байгаа гэнэ.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, «Голомт»- ын Д.Баясгалан, Монголын даамын , холбооны Ч.Бат-Эрдэнэ, боксчин Н.Баярсайхан нар олимпийн хорооны «босс»-ыг АТГ-т матжээ.  Ж.Отгонцагааныг Үндэсний олимпийн хороонд Д.Загдсүрэнгийн буянаар орсон хүн гэж спортын хүрээнийхнээс сонссон. Олимпийн хорооны Гадаад харилцааны ажилтнаар зургаа, долоон жил ажиллаад Ерөнхий Нарийн бичгийн даргаар сонгогдон тав дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр арав гаруй жил «ханилж явсан нөхрөө» туйлын муу хүн байсныг «гэнэт мэдсэн» бололтой.


Д .Баясгалан ч ялгаагүй. Сүүлийн найман жил Олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан хүн. Бас л Д.Загдсүрэн түүнд санал болгож энэ албыг хашуулсан гэдэг. Монголын тамирчид олимпод төдийлөн олигтой амжилт үзүүлж чадахгүй байсан үе бий.

Харин Бээжингийн олимпоор гялалзсан сайхан амжилт гаргасны дараахнаас Монголын даамын холбооны гэх тодотголтой Ч.Бат- Эрдэнэ гэдэг хүн Д.Загдсүрэнг ажлаа сайн хийхгүй байна гэж Олон улсын олимпийн хороо руу олон дахин өргөдөл бичиж тус хорооноос шалгалтын комисс томилуулан МҮОХ-ны үйл ажиллагаа, санхүүд шалгалт хийлгэсэн ч юу ч олж долоогоогүй тухай тэдэнтэй «дөрөө гөлөм харшуулж» яваа олимпийн хүрэл медальт боксчин Н.Баярсайхан нэгэнтээ ярьж байсныг олон хүн сонссон байдаг.


Ийнхүү Монголд олимпизмийг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хамаг эрдэм чадал, мэдлэг зүтгэлээ зориулсан Олимпийн хорооны ерөнхийлөгчийнхөө ар нуруу руу ойр дотно шадарлаж явсан нөхөд нь «хутга шаажээ». Мөн олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч гээд өндөр дээд албыг арваад жил хашсан ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин ч нүүр буруулсан сурагтай.