ЕАБХАБ-ын парламентын ассамблейн 2015 оны намрын хурал амжилттай болж өндөрлөлөө
2015/09/18
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав.
2015.09.15. Улсын Их Хурлын Тамгын Газар, Гадаад хэргийн яам болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг угтан авав.
2015.09.16. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирж, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
2015.09.16. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож буй Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал нээлтээ хийлээ.
Намрын хурлыг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва нээж үг хэлэв. Тэрээр Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоогчид оролцож буй энэ хоёр өдрийн хурлын үеэр ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр ярилцах болно. Түүнчлэн хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудал, ус, хүнсний хангамж, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн даван туулах талаар ярилцах ёстой. Маргааш бид хүний хүчин зүйлсийг хэрхэн давах туулах талаар ярих юм гэлээ.
2015.09.16. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хуралд оролцож буй зочид төлөөлөгчид хандан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Тэрээр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гишүүн орнуудын парламент, парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ээдрээтэй асуудлыг нээлттэй хэлэлцэж, зөвшилцөж ажилладаг гээд өөр өөрсдийн орны ард түмнээс сонгогдсон парламентын гишүүд хоёр өдөр үргэлжлэх тус хуралд дэвшүүлсэн зорилт, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж, зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцож буй зочид төлөөлөгчид хандан үг хэлсэн юм. Тэрээр аливаа орны хууль тогтоогчид бол тухайн их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн юм. Тэр өндөр нэр хүндтэй төлөөллийг бид эх орондоо хүлээж авч байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын энх тайванч төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогыг ойлгон хүлээн авч өргөн дэмжлэг үзүүлэхийг би Та бүхнээс хүсэж байна. Бидэнтэй энэ чиглэлд манай хөрш болон найрсаг харилцаатай бүх улс орнууд, олон улсын байгууллагууд цаашид ч идэвхтэй хамтран ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байна гэлээ.
2015.09.16. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар уулзаж, Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улс ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн чуулганаар нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгав. Мөн тэрээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Түүнчлэн эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойд идэвхтэй оролцож, Улаан талбайд болсон цэргийн парадад Монгол цэргүүд оролцсонд баяртайгаар хүлээн авсан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон явдалд талархаж буйгаа илэрхийллээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор явагдсан ба Хуралдаан 1, 2, 3 болон Нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.
2015.09.16. Хуралдаан 1 нь “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа”, мөн өдөр Хуралдаан 2 нь “Бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах ба усны менежмент: олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвийн дор тус тус болсон юм.
2015.09.17-ны үдээс өмнө Байнгын хорооны хурал болж, “Ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил” сэдвээр Хуралдаан 3 үргэлжилсэн юм.
Нээлттэй хэлэлцүүлгийн дараа Хаалтын ажиллагаа болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд хаалтын үгийг хүргэснээр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өндөрлөв.