Ерөнхийлөгч НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад үг хэлэв
2015/09/27
Нью-Йорк хотноо хуралдаж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичиг баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн эдүгээ ирэх 15 жилийн улам бүр түгээмэл, зоримог төлөвлөгөөтэй боллоо” гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ “Олон улстай хамтран ажиллах Монгол Улсын үүрэг амлалт тууштай хэвээр байгаа бөгөөд энх тайван, хөгжлийг цогцлоох хамтын үүргээ бид биелүүлнэ. Энх тайвныг дэмжих, Хүний эрхийг дээдлэх, Эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийн төлөө НҮБ-ыг байгуулсан үндсэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа бид дайчлах хэрэгтэй” хэмээн дурдав.
9 дүгээр сарын 25-ны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дээд хэмжээний уулзалтын нээлтэд Ромын Пап Францис оролцон үг хэлж, ХБНГУ, Энэтхэг, Хорват, Финланд, Египет, Латви, Унгар, Түркмен, Вьетнам, Чили, Эль-Сальвадор зэрэг улсын төр, засгийн тэргүүн нар мөн үг хэлсэн болно.