Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшинд хуралдав
2015/09/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 28-ны өдөр “Дэлхийн боломжуудад далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг холбох нь” сэдвээр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Өндөр түвшний чуулга уулзалтад оролцож, үг хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Хөгжлийн шинэ эринтэй бид золгож байгаа энэ үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үүрэг манай бүлэгт илүү ач холбогдолтой болж байгаа”-г онцлон тэмдэглээд тус төвийг байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орохыг гишүүн орнуудад уриалав.
Венагийн Бага хурлын мөрөөр хэрэгжүүлэх ДГХБО-уудын Өндөр хэмжээний уулзалтыг энэ оны 6 дугаар сарын 2-4-нд Замбийн Ливингстон хотод зохион байгуулсан учир НҮБ-ын ЕА-н 70 дугаар чуулганы үеэр болох ээлжит Гадаад хэргийн сайд нарын уулзалтын түвшинг нэмэгдүүлж, төр, засгийн тэргүүнүүдийг оролцуулан чуулахаар болсон юм. Чуулга уулзалтыг Замби Улсын Ерөнхийлөгч даргалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Могенс Ликкетофт нээлтэд үг хэлэв. Тэрчлэн Тажикистан, Малави, Бутан, Ботсвана, Лесото, Балба, Лаос зэрэг улс төр, засгийн тэргүүний түвшинд оролцож, эдгээр орны өмнө тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээнүүд, хамтран ажиллах боломжуудийн талаар тус тус үг хэлэв.
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР