УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, АН есөн суудалтай болж, намынх нь удирдлага, лидерүүдийн дийлэнхи нь ялагдсан билээ.Үүнд хамгийн их бухимдаж, түүнийгээ ч нуухгүй байгаа хүн бол МоАХ-ы дарга Х.Баттулга. Тэрээр сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, "царцаа" буюу Баянхонгор аймагт шилжилт хөдөлгөөн хийлгэн ирж, саналаа өгсөн иргэдийн асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад буй.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Л.Элдэв-Очир, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нар аль аль нь л өөрсдийн хэмжээнд "царцаа" авчирсан гэх бөгөөд сонгуулийн дүн гарахад цөөн саналаар Л.Элдэв-Очир ялсан аж.

 

Иймээс Х.Баттулгын шаардлага ямар ч утгагүй гэх бөгөөд тэр бүү хэл "Царцаа"-гүй сонгууль явуулах уриалгыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Л.Элдэв-Очир гаргасан ч Х.Баттулга өөрөө хүлээж аваагүй аж. Мөн Баянхонгорын иргэдийн өмнө нээлттэй мэтгэлцэх уриалгыг ч Х.Баттулга : " Жижиг цолтой хүн нь том цолтой бөхөө амладаггүй юм" гэх мэтээр ихэрхэн няцаажээ.

 

Л.Элдэв-Очирын : " Царцааны нүүдэл гэдэг ажиллагааг АН-ынхан явуулж байгаа. Хотоос маш олон компанийхаа хүмүүсийг авчирч байгаа. Галуут суманд гэхэд л 300 хүн ирсэн...

 

Х.Баттулга өөрийнхөө царцааны нүүдлийг надад нялзаах гэж байна. Би Эрдэнэцогтын ард түмнээр гэрч болгон, энэ мэдэгдлийг хийж байна. Би уриалга гаргая, 9-р тойрогт нэг ч сонгогчийн үнэмлэхээр шилжин ирсэн хүнийг санал өгүүлэхгүй байя. Хоёулаа шударгаар өрсөлдье" гэсэн уриалга ч ийн баримт болон үлджээ.

 

Э.Мягмардорж

сонин.мн