Түлэнхийн төвийн барилгыг концессын гэрээгээр 2012 онд 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр барина гэж тооцож байсан. Өртөг 2014 онд 21 тэрбум төгрөг болж өссөн бол 2016 оны тухайд 26 тэрбумаар яригдаж байна. Харин хамгийн сүүлийн мэдээллээр бол үүнд Кувейтын тусламжийн 12 сая ам.долларыг зориулахаар болж байна.

Түлэнхийн төвийн барилга гэж манай дарга даамлуудын мөнгө завших сонирхол, хэл ам, хэрүүл тэмцэлд аалзны тор шиг л хэрүүлсэн газар нэг бий. Эрүүл мэндийн яам энэ эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барих тендер зарлаж, “Цаст констракшн” компанид гүйцэтгэлийн эрхийг өгсөн юм.

2015 оны намар эхэлсэн барилгад УИХ 2016 онд ердөө хоёр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн байдаг. Уг нь бол нийт зардал нь 26 тэрбум төгрөгт багтах гэнэ билээ. Түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлгийн барилга хуучирч муудан хана таазнаасаа нурж, хөгц мөөгөнд идэгдэн өвчтөн хоног төөрүүлэх нь байтугай хүн тогтох аргагүй болсон тул 2012 оны зургаадугаар сард энэ эмнэлгийн барилгыг нурааж байсан түүхтэй.

Улсдаа ганц эмнэлгийн барилга удахгүй босчих байлгүй гэж олон хүн найдаж, баярлаад үлдсэн. Харин хөөрхий эмнэлгийнхэн байраа суллаж өгөөд нэг хэсэг нь Гэмтлийн эмнэлэг рүү нөгөө хэсэг нь Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн тойргийн хойно орших “Мөнгөнгүүр” хувийн эмнэлгийг түрээслэн толгой хоргодож эхэлсэн юм.

Эмнэлэг түрээсийн байранд сард 30 сая төгрөг, жилд 360 сая төгрөг өгч байгаа. Дөрвөн жилд улсын төсвөөс түрээсийн мөнгөнд нэг тэрбум 140 сая төгрөг яваад өгчээ. Гэвч эмнэлэг бостолоо удах шинжтэй байна.

Гайхалтай нь эмнэлгийг барих гэсээр байтал юмны үнэ өсөж, барилгын зардал нэмэгдэж байгаа бол шуналтай нөхөд хотын “А” зэрэглэлийн газарт байрлах эмнэлгийн газраас “дээрэмдсэн” баримт бас байх юм.

Энэ талаар ГССҮТ-ийн даргын албыг хашиж асан Л.Жамбалжав 2014 онд ийм нэг ярилцлага өгсөн байдаг. Тэр Түлэнхийн төв эмнэлэг 2002 онд 16,400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан. Одоо талбайн хэмжээ нь багассаар 7,339 ам.метр болсон. Яагаад гэвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд эмнэлгийн 930 ам метр газрыг “Саммит медикал” ХХК-д барилга барих зөвшөөрөлтэйгөөр олгосон.

Гэвч энэ компани мөнөөх газар дээрээ орон сууц барьж байгаа. Мөн 4,024 ам.метр талбайг 2011 онд “Алтайн тулга” компанид өгсөн талаар мэдээлж байв. 2012 онд 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр барина гэж тооцож байсан энэ эмнэлгийн өртөг 2014 онд 21 тэрбум төгрөг болж өссөн бол 2016 оны тухайд 26 тэрбумаар яригдаж байна.

Арабуудын амласан мөнгөөр шийднэ хэмээж буй хоёр барилга хоёул ийм адал явдал, дуулианыг дагуулсан байх юм. Аль алиныг нь барих эдийн засгийн боломж Монголын төрд байсан уу гэвэл байсан. Гэвч барих сонирхол байсангүй. Ардуур нь ашиг сонирхлоо гүйлгэж, газрыг нь хувааж, төсвөөс нь зулгааж, тэрбумтан болох сонирхолтой хүмүүс олон байсан нь барилгын ажлыг гацаасан гэвэл үнэнд ойрхон байх болов уу.

Авлигад идэгдсэн Монголын төрийнхөн анх өмч хувьчлалаар “идэж” баяжиж байсан бол дараа нь төсвийн хөрөнгөөс “тендер” нэрээр ажил авч хэтэвчээ зузаалах болсон. Харин одоо төсөл хөтөлбөрөөс од шүүрцгээж байгаа. Авлигын хэд хэдэн шатыг амжилттай хэрэгжүүлж байгаа улстөрчид Арабуудын мөнгийг дахин хэдэн ч төсөлд хуваарилж, хувиргахыг хэн ч үл мэднэ.

Кувейт улс Түлэнхийн төвд 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Мягмар гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан билээ.

Уулзалтын үеэр ноён Элчин сайд 2006 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулан олгоно гэж байсан 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн юм.

Түүхийг сөхвөл Кувейт улс монгол улсад парламентын ордон бариулахад хандив туслалцаа үзүүлнэ гэж худал ярьсаар 10 гаруй жилийн нүүрийг үзсэн. Харин одоо хэр удах юм бол.

Тухайн оны хавар УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж “Кувейтийн Засгийн газрын тусламжаар УИХ-д зориулсан 12 давхар тусгай ордон барина. Шинэ ордныг Төрийн ордны арын цэцэрлэгт босгоно. УИХ-ын 76 гишүүнийг тус тусад нь нэгэн жигд өрөөтэй болгох хэрэгтэй. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөл ч сайжирна. Доошоо бас хоёр давхар байх юм. Дээрээ Германы Бундестаг шиг дугуй хэсэгтэй. Тэнд УИХ-ын чуулганы танхим байна. Иргэд чуулганы үйл ажиллагааг дээрээс харж байх юм” гэж ирээд тайлбарлаж байсан юм.

Өнгөрсөн хавар, тавдугаар сарын дундуур УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нэгэн чиглэл өгсөн нь “Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 11 сарын 17-ны өдрийн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг зурсны дагуу Кувейт Улсаас Монгол Улсад Парламентын шинэ ордон барихад зориулж олгохоор болсон 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эмнэлэг барихад зарцуулах тухай” асуудал байсан юм.

Ц.Соёл-Эрдэнэ

bolod.mn