С.Дэмбэрэл УИХ-ын гишүүн болох нөхцөл үүслээ
2016/08/26
С.Дэмбэрэл УИХ-д дахин сонгогдох боломж бүрдлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заагдсан заалтыг зөрчсөн учраас буцаан татагдаж болзошгүй байна. Тодруулбал, Т.Аюурсайхан нь сонгуулийн үеэр өөртөө эдийн бус, албан тушаалын давуу байдлыг бусдаар дамжуулан бий болгосон нь тогтоогдож болзошгүй юм. Тиймээс сонгуулийн тухай хуулийн дагуу нийт сонгогчийн саналын тоогоор дараагаар нь эрэмблэгдэх нэр дэвшигч УИХ-д нөхөн сууна. Иймд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл эргэн УИХ-д суух эрхтэй болно. Т.Аюурсайхан нь сонгуулийн үеэр буюу 2016 оны зургаадугаар сарын 17–нд” NEKH.MN” мэдээллийн сайтыг СТХ-ын 70.1.6 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшихээсээ өмнө зургаан сарын хугацаанд идсэн, уусан хэмээн цоллогдон даргалж байсан ШӨХТГ-таа гомдол мэдүүлжээ. Тус гомдолд “..NEKH.MN сайтыг УИХ-ын 63 дугаар тойрогт нэр дэвшигч буюу Т.Аюурсайханы өрсөлдөгч өмгөөлөгч Г. Батбаярын захиалгат мэдээллийг бичиж өөрийг нь доромжилсон..” мэтээр дурдаж сошиалд тархсан материалуудыг хавсаргасан байжээ. Уг захиалгат мэдээлэл гэх зүйл нь “..Аюурсайхан нь ашиг сонирхолын зөрчилд автсан байж болзошгүй, ШӨХТГ-ын дарга байхдаа НИК компаниас мөнгө авсан байна..” гэх мэдээллийг хуулбарлан тавьсан байжээ. ШӨХТГ-т гаргасан гомдлыг байцаан шалгах ажлыг ШӨХТГ-т Т.Аюурсайханы өөрийнх нь ажилд анх томилсон улсын байцаагч Д.Гантөмөр нягталж 2016 оны зургаадугаар сарын 2-нд 7/28 тоот дүгнэлтээр”... зургаан сар хүртэл хугацаагаар сайтын эрхийг түдгэлзүүлэх..” шийдвэр гаргасан юм. Шийдвэрийг эсэргүүцсэн NEKH.MN сайтын зүгээс Авлигатай Тэмцэх газарт өргөдөл гаргасанд тус газраас Д.Гантөмрийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дүгнэж ШӨХТГ-ын шинэ удирдлагыг томилогдмогц уг шийдвэрээ хүргүүлэхээр болжээ. Учир нь Улсын байцаагч Д.Гантөмөр нь энэ оны нэгдүгээр сард тухайн үеийн ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханы тушаалаар уг албан тушаалд томилогдсон болох нь нотлогдсон юм. Ийнхүү өөрийгөө томилсон этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгаад дүгнэлт гаргаж буй үйлдэл нь: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй ” гэснийг зөрчсөн байна. Иймд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдсээр байж, хууль бус дүгнэлт гаргасан ШӨХТГ-ын байцаагч Д.Гантөмрөөс болж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бүрэн эрхээ өгч болзошгүй юм. ШӨХТГ гэх шударга өрсөлдөөнийг эрхэмлэгч газрын даргаар ажиллаж байсан эрхэм гишүүн өөрөө шударгаар сонгуульд өрсөлдөөгүйгээсээ болж шинэхэн томилгооноосоо унаж болохоор нөхцөл бүрджээ. Өмнөх даргынхаа ятгалга, шахалтад орсон байж болзошгүй Д.Гантөмөр нь дээрхи хууль бус үйлдлээсээ болж Эрүүгийн хуулийн 264 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглах, 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн хэв шинжийг агуулснаараа ийнхүү зохих хариуцлага хүлээх нь тодорхой болоод байна. Гантөмөр нь “..сайтын үйл ажиллагааг зургаан сараар зогсоох тухай..” дээрхи шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд тарааснаас болж уг сайт бусдыг гүтгэн доромжилдог мэтээр бусдад ойлгогдон хохирсон байна. Мөн төрийн алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглан Аюурсайханыг дэмжих хэлбэрээр шийдвэр гаргасан Гантөмөрийн энэхүү үйлдэл нь СТХ-ийн 70.5.12.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, 70.1.6 сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах....мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах гэсэнтэй нийцэж байгаа аж.
www.tug.mn