Арилжааны банкууд энэ оны долдугаар сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон талаар Монголбанк мэдээлэв.

 

Өнгөрсөн сард 596 иргэнд 26.4 тэрбум төгрөгийг 5 хувийн хүүтэй олгосон байна. Мөн 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг 8-аас 5 хувь руу шилжүүлжээ. Ингэснээр зээлдэгчийн тоо 85 мянга 622 болж, ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 856.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.3 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 10.3 нэгж хувиар буурчээ.

 

Нийт зээлийн үлдэгдлийн 77.7 хувь буюу 2 их наяд 995.8 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Харин 20.7 хувь буюу 799.3 тэрбум төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон бол 1.6 хувь буюу 61.2 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлжээ.

 

Ч.Ариунболд

Сурвалж: “Монцамэ” агентлаг