Арилжааны банкууд өнгөрсөн долдугаар сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон талаар Монголбанк мэдээллээ.

Мөн дахин төлөвлөлтөд хамрагдсан байршлаас 596 иргэнд 26.4 тэрбум төгрөгийг 5 хувийн хүүтэй олгосон байна. Түүнчлэн 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг 8-аас 5 хувь руу шилжүүлжээ. Ингэснээр зээлдэгчийн тоо 85622 болж, ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 856.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.3 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 10.3 нэгж хувиар буурчээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 77.7 хувь буюу 2 их наяд 995.8 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Харин 20.7 хувь буюу 799.3 тэрбум төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон бол 1.6 хувь буюу 61.2 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлжээ.

Ийнхүү ипотекийн зээлийн хөтөлбөр одоохондоо үргэлжилж байна. Гэвч цаашид энэ зээлийг үргэлжлүүлэх хэрэгтэй эсэх талаар улстөрчид, эдийн засагчид маргаантай байна. Гэхдээ ихэнх эдийн засагчдын хувьд санхүү, мөнгөний бэрхшээлтэй, Засгийн газраас хэмнэлтийн бодлого барьж буй энэ үед ипотекийн зээлийг зогсоовол банкны салбар болоод улсын эдийн засагт хэрэгтэй гэлцэж буй. Учир нь, сүүлийн жилүүдэд банкуудын өрхийн зээл огцом нэмэгдсэн. Өрхийн зээлийн 70 хувийг ипотекийн зээл дангаараа эзэлж байна. Одоо эдийн засаг сайнгүй байгаа энэ үед хэрэв иргэд ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрвэл банкууд том эрсдэлд орно.

Нөгөө талаас иргэдийн зээл нэмэгдэхэд бизнесийн зээл хумигддаг. Гэтэл банк ганц барилгын салбар, өрхийн зээлийг дэмжиж, хөрөнгөө байршуулах нь эрсдэлтэй. Бусад салбартаа ижилхэн тараан байршуулж байж эрсдэл буурах юм.

Гэвч барилгын салбарыг дэмжсэн ипотекийн зээлийн бодлого зогсвол нэг талдаа энэ том бизнес, нөгөө талдаа иргэдийн орон сууцтай болох хэрэгцээг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоогоор энэ ярвигтай асуудалд Засгийн газар хэрхэхээ хараахан мэдэгдээгүй. Тийм ч учраас бүх зүйл дээр хасалт таналт хийж буй Засгийн газар ипотекийн зээлийг зогсоох болов уу үгүй юу гэдэг асуултын хариу хүлээлт үүсгэсээр байна.

Б.Энх

newscom.mn