Нийслэл хотод өчигдөр оройноос буюу аравдугаар сарын 8-ны үдшээс эхлэн усархаг бороо орлоо. Харамсалтай нь одоо хэр нь шивэрсээр байгаа намрын сүүлчийн бороо хотын удирдлагуудын засч, сайжруулах гэж ядаж байгаа замын чанарыг таниулчихав. Энэ талаар тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд мэдээллээ.

Үүнд, дөрөвдүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Түндэмүн төвийн зүүн талын хоёр урсгалтай зам урьд шөнийн борооноор юу ч үгүй болтлоо урсчээ. Тодруулбал, уг замын дэргэд барилга баригдаж буй тул замын нэг урсгалыг хааж, түүгээр зорчих автомашинууд нөгөө урсгалаар нь явж байсан байна. Гэтэл өнгөрсөн шөнийн борооны ус уг замын хөрсийг хуулан Модны хоёрын зам руу урсгаад оруулжээ. Тиймээс одоо тэнд хар зам биш шороон зам л үлдсэн байна.

Мөн өнгөрсөн зун засвар хийсэн замууд ч урьд шөнийн борооноор чанараа таниулжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Налайхын тойргоос Улиастайн эцэс хүртэлх автозамд өнгөрсөн зун засвар хийсэн байна. Засвар гэхээсээ илүү нөхөөс тавьсан гэж хэлж болох гэнэ. Харин уг зам өнөөдөр өглөө энд тэндгүй нүх үүссэнээс түүгээр яваа машинууд донсолгоогоо гаргахын тулд мөргөлдөж, шүргэлцэхээс наахнуур явж байгаа аж.


дэлгэрэнгүйг энд  дар

Н.НОМИН