Ирэх бямба гарагт "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"  болно. Энэ өдөр хотын хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран боловсруулаад байгаа.

Энэ өдрийг тохиолдуулан төв талбай болон дүүргүүдэд "Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа" энэ сарын 05-12-ны хооронд зохион байгуулагдана.

Сонгинохайрхан дүүрэг-Цамбагарав үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг-Жуков худалдааны төв, Сүхбаатар дүүрэг- Драмын театрын өмнөх талбай, Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд, Хан-уул дүүрэг- Ажилчны алдар талбайд мод сөөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж.

Энд хот цэцэрлэгжилт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж нийтэд худалдаалах юм.

Баянгол дүүрэг Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Органик Монгол" хөтөлбөрийн хүрээнд Мод, сөөгний, тарьц суулгацын худалдаа болон мод тарьж арчлах сургалтыг 13 дугаар сургууль дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Х.Даваа