Сурагчдыг осолд ороход хүргэсэн хоёр багшийг торгожээ
2016/09/12
Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд өртөх явдал буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээллэж байна.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр л гэхэд сургуулийн насны найман хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс хоёр нь асран хамгаалагчгүйгээр хичээлээ тараад гэртээ харьж явсан байдаг. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийн хугацаанд хүүхэд холбогдсон 17 осол гарчээ. Өөрөөр хэлбэл, хоногт 3-8 хүүхэд зам тээврийн осолд ямар нэг хэлбэрээр өртөж байгаа юм.
Осолд өртсөн хүүхдүүдийг насаар нь ангилвал, сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 13 хүүхэд байгаа ба тэд бүгд явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж гэмтжээ. Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхлүүлсэн. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Хүүхдүүдийн осолд өртөж байгаа шалтгааныг албаны хүн тайлбарлахдаа, эцэг эх хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, багш нар хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөгүй, эцэг эх нь хүүхдээ зам гарахдаа хөтөлж яваагүй, өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас, чихэвч хэрэглэж байхдаа орчны эрсдэл аюулыг бодитоор үнэлж чаддаггүйгээс үүдэн осолд өртөж байна гэсэн юм.
Тухайлбал, есдүгээр сарын 1-ний өдөр 7,8,9 настай гурван хүүхэд хичээлээ тараад, харих замдаа осолд өртөж гэмтсэн болоыг Замын цагдаагийн газраас тогтоожээ. Улмаар тухайн хоёр багшид хуулийн дагуу хариуцлага тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгосон бөгөөд хүүхдээ зам гаргаж өгөөд багшид хүлээлгэж өгөөгүй ээжид мөн хариуцлага тооцохоор болсон байна. Түүнчлэн энэ сарын 7-ны өдөр 10 настай хүүхдэд 7 настай дүүг нь хариуцуулж хичээлд нь явуулснаар хоёр хүүхэд осолд өртсөн хэргийг шалгаж эхэлжээ. Тиймээс дээрх гэмтэж бэртсэн хүүхдүүдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эх асран хамгаалагч нарт хариуцлага тооцож эхэлжээ. Иймд эцэг эхчүүд хуульд заасан үүргээ биелүүлж хүүхдээ хүргэж өгч авч байх, багш нар хүүхдийг эцэг эхэд хүлээлгэн өгөх, ганцхан эцэг эхчүүд гэлтгүй хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үүрэг оролцоо маш чухал байгааг Замын цагдаагийн газраас онцолж байна.
Зочин · 2016/09/12
cool