Тавантолгой урагшлахгүй
2016/09/30
Тавантолгой шахааны бизнесээр голоо зогоогчдын “агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн. Монголчуудын хэлдгээр жинхэнэ хэл амны бузар шингэчихсэн гэдэг шиг төрийн томчууд, улс төрийн бүлэглэлүүдийн амны зугаа болсоор ирсэн Тавантолгойн төслөө улс төрийн бус эдийн засгийн ач холбогдол талаас нь нухацтай бодох үе иржээ.
Уг нь бидэнд Тавантолгойгоороо тэжээлгээд байж болох сайхан үе байсан ч улс төрийн тоглолт нь ихдэж, танил тал, хамсаатнуудын гэх шахааны бизнесээр голоо зогоогчдын “агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн. Тиймдээ ч нэгдсэн бус нэжгээд хүмүүсийн хувийн тоглолттой зэрэгцэн ханшийн хямрал нүүрлэснээс болж бид алтнаас дутуугүй үнэ хүрч байсан нүүрсээ арай ядан хил давуулан худалдаж байна.
Мэдээж хэрэг, ингэж тартагтаа тултал доошоо орно гэж хэн ч төсөөлж байгаагүй нь ойлгомжтой. Харин ч “Азийн Араб” болно гэх өндөр хүлээлт олны дунд байсныг сануулах нь илүүц биз.
Харамсалтай нь өнөөдрийн байдлыг харвал, 1.8 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй энэхүү аварга ордыг үр өгөөжтэй ашиглаж чадаагүй бид Чалкод тавьсан өрөө ч дарж чадалгүй 100 сая ам.долларын үлдэгдэлтэйн дээр cap бүр нэг сая ам.долларын хүүгийн төлбөр төлж байна. Ийнхүү арга ядахдаа олон янзын шийдэл ярьцгааж эхэлсэн. Заримыг нь сонсвол хөх инээд хүрэх ч энүүхэнд.
Жишээ нь, Тавантолгой төслөө бид Сумитомо, Шинхуа энержи зэрэг гадны аварга корпорациудад 30 жилийн хугацаанд эзэмшүүлэх талаар ярьж байна. Тэгэх, тэгэхдээ үндэсний ямар ч оролцоогүйгээр шууд гаднын компанид үнэгүй эзэмшүүлж, харин үүнийхээ хариуд төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор тур гал унтраахаар хэдэн цаас авах санал гарсан аж. Энэ бол бодит амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй гаргалгаа. Учир нь ямар ч гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй гэдэг нь ойлгомжтой бегөөд ёстой л бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох биз. Гаднаас мөнгө төлөөд авчирсан Эрдэнэтийн хувь эзэмшлийг авна хэмээн улстөрийн дуулиан болгож байгаа юм чинь Тавантолгойн ордыг гадныханд 30 жилээр үнэгүй эзэмшүүлнэ гэвэл бүр ч бүтэхгүй нь ойлгомжтой.
Ийн хэлж байгаа нь оргүй зүйл биш гэдгийг сүүлийн 10 хүрэхгүй жилд бид өөрсдийн нүдээр гэрчилчихсэн улс. Ямар сайндаа л гадаадын компани гэхээр л шулдаг, иддэг, үнэгүйдүүлдэг, эцэс сүүлд нь хуулийн дээр гардаг зэрэг хэвшмэл ойлголтууд нийгэмд түгчихсэн. Угаасаа дан эдийн засгийн талаас нь эрүүл ухаанаар тооцоолоод үзсэн ч Монгол Улсад ямар ч өгөөжгүй бизнесийн загвар гэдгийг нөлөө бүхий эдийн засагчид маань хэлсээр байгаа.
Гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй нь ойлгомжтой
Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсч 200 ам.доллар давж байгаа энэхүү үүлэн чөлөөний нарнаар хамаг юмаа зарахад бэлэн байгаа зарим нэгэнд нь хандаж анхааруулахад энэ бол түүхий эдийн уналтын далайд үүссэн өчүүхэн төдий өсөлтийн давалгаа гэж хэлмээр байна. Учир нь энэхүү өсөлтийн гол фактор нь коксжих нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй Хятад улсаас барьж буй богино хугацааны бодлогын үр дүн. Үүнийг нь дагаад олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниуд болох Goldman Sachs зэргээс 2016 оны сүүлийн улирлын коксжих нүүрсний үнийн таамгаа өсгөөд байгаа нь үнэн ч цаашид яах вэ гэдэг дээр хэн ч хариу өгч чадахгүй байна.
Яагаад гэвэл, хятадын дотоодын олборлогчид ажиллах хүчнээ авч үлдэхийн төлөө төрийнхөө гаргасан шийдвэрийг цуцлуулахаар уйгагүй ажиллаж байгаа нь эрх баригчдынхаа бодлыг эргүүлж ч мэдэх талтай. Хэрэв тэгвэл өнөөх мань мэтийн харж баясаад, хайр зарлаад байгаа үнийн өсөлт гээч нь ойрын жилүүддээ эргэн ирэхгүйгээр ор мөргүй алга болоод өгөх магадлал маш өндөр байгаа гэсэн үг. Тэгээд ч бидний хувьд энэхүү тур хугацааны үнийн өсөлт огтын хүртээлгүй бөгөөд усан замаар худалдаа хийдэг АНУ, Австрали зэрэг олон арван сая тонноор нь нүүрсээ шахдаг хүчирхэг гүрнүүдийн олборлогчдод л өгөөжөө өгч байгаа. Учир нь бидний газраар зөөдөг нүүрсний өртөг өндөр төдийгүй худалдан авагч нь ч өөр болохоор үнэ нь ихдээ 83 ам.доллараар л хэмжигдэж байгаа. Энэ бол тээвэрлэлт, угаалт гээд бүх нэмэлт зардал ороод Бугатад худалдаалж буй үнэ. Тэгээд ч бид өөрсдийн тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас уурхайн ам дээрээс тонн тутмыг нь 30 гаруй ам.доллараар зарж байгаа нь магадгүй тулсан үнэ байж мэдэхээр байна. Ингээд бодохоор дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй гэх Тавантолгойн нүүрс үнснээс өөрцгүй үнэгүй чулуу болж төгсөх эдийн засгийн дүр зураг харагдаж байгаа нь гуйвашгүй үнэн юм.
[ЗГМ]
Зочин · 2016/09/30
Энэ бичвэрийг бичээч яг тэгээд яах гээд бна нуурсээ зугээр ог гээд бга юм битгий солиор угаасаа манайхан хятадуудтай нийлж монго угааж цавчаа авдаг тэгээд улсаъд ашиггуй бизнес хийдэг оорсдоо ашиг олоод новшууд л байхгуй юу таван толгойд шахаа оюутолгойд шахаа хийнэ хариуд ногоо хоронго оруулагч нар ард тумэн салавч огч бна шуу
Зочин · 2016/09/30
nice