"Монос"-ын нэрийг барьж ажиллуулдаг эмийн сангаас нярай хүүхэд хорджээ
2016/10/03
ХУД дүүргийн 4-р хороо Вива сити хотхон "Монос"-ын нэрээр эмийн сан ажиллуулдаг эмийн сан нь хувь хүний оруулж ирдэг баталгаагүй сүү зарсан бөгөөд уг сүүнээс хүүхэд хордсон талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал хохирогч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой ахдаа хүүхдийн сүү захисан байна. Ах нь ажлаа тарах замаараа дээрх эмийн сангаас хүүхдийн сүү авчирч өгчээ. Хохирогч тухайн сүүг "Монос"-ын эмийн сангаас авчирсан гэхээр нь хүүхэддээ сүүг нь өгсөнөөр 2 дахь хоногийн оройноос хүүхдийн бие дээр тууралт өгч халуурч эхэлсэн байна. Тууралт юунаас болж өгсөнийг гайхаад тууралт өгөхөөр идсэн зүйл байхгүй бөгөөд хүүхдийн сүүний хайрцагыг үзхэд тус сүү нь Монголд албан ёсоор оруулж ирдэг компанийн лого тэмдэггүй мөн Монгол тайлбаргүй сүү байжээ.
Харин худалдаж авсан тооцооны хуудсаа харахад "Монос" эмийн сан биш "Вива" эмийн сан гэж бичсэн байжээ. Энэ талаар сүүг худалдаж авсан ахаасаа лавлахад "Монос"-ын эмийн сан гэсэн хаягтай байсан гэдгийг хэлжээ. Хохирогч тус эмийн сангаас "танайхаас энэ сүүг авсан талаар хэлж тооцооны тасалбараа үзүүлэхэд тус сүүг зарсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд тус эмийн сангийн ажилчнаас танайх "Монос"-ын эмийн сан мөн үү гэж асуухад мөн гэсэн боловч яагаад тасалбар дээрээ өөр нэртэй байгаа талаар мэдээлэл өгөөгүй" гэж сүүнд хордсон гэгдээд буй хүүхдийн аав хэлсэн юм.
/Сүү худалдаж авсан тооцооны тасалбар/
Хохирогч айл Япон улсын "Wakado" брэндийн "Хай хай" нэртэй сүүг хүүхэддээ байнга хэрэглүүлж ирсэн аж.
Ингээд Монос эмийн сангийн лавлах 1800-1883 лавлахаас тус компанийн эмийн сан мөн эсэхийг тодруулахад Моносын нэрээр ажилуулдаг хувь хүмүүс болох нь тогтоогджээ. Бид ч гэсэн Монос эмийн сангийн лавлахаас эмч н.Даваасүрэнтэй холбогдож тодруулсан юм.
-Вива ситид байрлах танай эмийн сангаас хүүхдийн сүү авч хүүхэддээ хэрэглүүлсэн боловч хүүхэд нь хордсон талаар манайд гомдол ирсэн юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай "Монос" нэрийн эмийн сан Вива ситид байдаггүй. Тийм газар манай нэрээр үйл ажиллагаа явуулж буй талаар мэдээлэл ирсэн. Хоёр ч тийм газар байна гэж байна лээ.
-Танай албан ёсны салбар биш юм байна. Тэгвэл хууль бусаар танай нэрийг барьж байна гэсэн үг үү?
-Тэрийг бол сайн мэдэхгүй. Манай удирдлагууд мэдэх байх. Төвөөс тодруулж болно.
-"Монос" эмийн сан нийт хэдэн салбартай вэ?
-Манайх нийт 72 салбар эмийн сантай. Таны лавласан Вива ситид байрлах чанаргүй сүү зарсан "Монос" гэх хаягтай эмийн сан манай салбарт багтдаггүй юм.
"Монос"-ын албан ёсны лавлахаас тодруулахад дээрх хариуг өгсөн юм. Тэгвэл бид сүүний талаар "Wakado" брэндийн "Хай хай" сүүг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг "Чирон" ХХК-иас мөн тодруулга авсан юм. Бид компанийн борлуулалтын ажилтантай холбогдсон билээ.
-Сайн байна уу. Танай компанийн оруулж ирдэг Wakado" брэндийн "Хай хай" сүүг хэрэглээд хүүхэд хордсон талаар мэдээлэл бидэнд ирлээ?
-Хаанаас худалдаж авсан бэ.
-Вива ситид байрлах эмийн сангаас худалдаж авсан гэж байна?
-Энэ талаарх мэдээлэл манайд ирсэн. Манай оруулж ирдэг сүү биш байна гэсэн. Бидний бэлтгэн наадаг наалт байхгүй байна лээ. Мөн Вива ситид байрлах "Монос" гэх хаягтай тус газар манайхаас хүүхдийн сүү авдаггүй.
-Уг сүүг албан ёсны эрхтэйгээр танайхаас өөр газар оруулж ирдэг үү?
-Монголд манайх л ганцхан албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалж байна. Хувь хүмүүс бол маш олноор хуурамч болон чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн оруулж ирж худалддаг юм. Фэйсбүүкээр уг худалдаагаа хийдэг юм байна лээ.
-Чанаргүй, хуурамч сүү хэрэглэсэн тохиолдолд хүүхдийн биед хэрхэн хор нөлөө үзүүлэх вэ?
-Хортой шүү дээ. Хувь хүмүүсийн гар дээрээс худалдаж аваад хүүхэддээ өгнө гэдэг аюултай. Цаашдаа ямар ч эрсдэлтэй байдал үүсч болзошгүй.
/"Чирон" ХХК-ийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг тайлбар бичсэн наалттай сүү/
/Хувь хүний оруулж ирдэг хүүхэд хордсон сүү/
Тус сүүг албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирдэг "Чирон" ХХК-ийн ажилтан бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Хохирогч охин 6 сартай ба одоогор шинжилгээ өгөөд явж байгаа гэнэ. Хоихрогчын аав Монос эмийн сан болон тус Моносын эмийн сангын нэрээр ажилуулдаг хувь хүнээс ямар нэгэн мөнгө төгрөг авах гэж тус сайтад хандаагүй бөгөөд иргэдийг төөрөгдүүлж байгаад ихэд эгдүүцэж бусад эцэг эхчүүдэд болгоомжтой хандахыг үүднээс сэрэмжлүүлж байсан юм. Мөн дашрамд дурдахад хүний эрүүл мэндийн асуудал бол аюулгүй байдалтай холбоотой маш чухал ойлголт юм. Тиймээс хувийн эмийн сангийнхан дээрх асуудалд анхаарлаа хандуулж иргэдэд хоргүй бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байх нь чухал юм. Ялангуяа хүүхдийн эрүүл мэнд гэдэг маш эмзэг. Тэр хэрээрээ аливаа чанаргүй бүтээгдэхүүнд хордон тохиолдол элбэг юм. Мөн "Монос" гэсэн хаяг гаднаа хадаж иргэдийг төөрөгдүүлж байдаг эмийн сангууд дээрх асуудлаа болих хэрэгтэй юм.
Өнөөдөр хэн нэгний хүүхэд чанаргүй эмийн бүтээгдэхүүнд хордож байхад маргааш таны хүүхэд баталгаагүй эмийн сангаас авсан чанаргүй эм бэлдмэлд хордохгүй гэх газаргүй юм. Тиймээс иргэд маань ч дээрх асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байна. Хувь хүний оруулж ирдэг сүү нь хадгалалт тээвэрлэлтийн наад захын стандартыг зөрчдөг өнөөдөр ууснаар ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрээгүй ч гэсэн хожим хүүхдийн элэг цөсөнд ямар нэгэн муу нөлөө үзүүлдэгийг иргэддэд анхааруулах зөв байх.
Ганцхан энэ удаагийн явдлаар хязгаарлагдахгүй өмнө нь "Монос"-ын нэрийг барьж ажиллуулдаг эмийн сан хугацаа нь дууссан эм зарж иргэдийг баахан хохироосон. Энэ асуудал дээр аль нь жинхэнэ, аль нь хуурамч "Монос" болох нь мэдэгдэхгүй иргэдийг төөрөгдүүлж байгааг анхаарах хэрэгтэй болоод байна. Энэ хэрээрэ "Монос" эмийн санд итгэх итгэл үгүй болж байна.
Зочин · 2016/10/03
nice
Зочин · 2016/10/03
nice