“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ
2016/10/10
-Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа аж-
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг өнгөрсөн 2013 онд дэгдэж байв. Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк “Жаст” группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан “Стандарт” банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан. Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 109 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа юм.
Эрдэнэтийн 49 хувьтай зэрэгцээд Ш.Батхүүгийн 109 сая ам.долларын өр асуудал дагуулж эхэлжээ
Тэрчлэн уг зээлийн асуудлаар “Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй билээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Ш.Батхүүгийн өрийг Төрийн банкаар төлүүлэх гэж байгаа тухай асуудал үүсч байсан.
Гэтэл энэхүү өрийг тус банкаар яасан ч төлүүлж болохгүй гэх чиглэлийг МАН-ын нөлөө бүхий эрхмүүд гаргасны эцэст уг өр төлбөрийн асуудлыг зогсоож байсан удаатай. Тэгвэл Эрдэнэтийн 49 хувьтай зэрэгцээд энэ өрийн асуудал дахин босч эхэлжээ.
Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсгийг ашиглан тус банкнаас зээл авсан гэж олон нийтэд мэдээлж байсан.
Харин энэхүү дуулиантай холбогдуулан ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Тэрхүү баталгаа гэх гэрээнд “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын шүүх, цагдаад очоод байдал хүндэрвэл тус үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Ямартай ч тухайн үед хуурамч гарын үсгийн талаарх Ш.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь хэд хэдэн удаа өөрчлөгдсний эцэст Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргийн гадна хоцорч энэхүү дуулиан намжмал болж байсан түүхтэй.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт өрийн тухай бичиг баримт орсон байгаа
Тэгвэл дээрх нэр бүхий хоёр эрхмийн гарын үсэг нь баталгаатай болохыг Олон улсын шүүх нотолсон бололтой. Товчхондоо бол тэдний гарын үсэг нь баталгаатай болсон учраас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг тус шүүхээс манайд ирээд байгаа аж. Угтаа бол Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг баталгаатай тухайг гадны болон дотоодын хэвлэлүүд ч мэдээлж эхлээд байна. Уг нь тус шүүхээс өр төлбөрөө яаралтай барагдуулж дуусга гэх шийдвэр өнгөрсөн долоодугаар сард холбогдох газруудад нь ирээд байсан ч энэхүү мэдээллийг нууцалсаар өнөөг хүрчээ.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү дуулиан шуугиан босохтой зэрэгцэж энэхүү өрийн тухай мэдээлэл ирсэн учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ийнхүү яаран бачимдсан ч байж болох юм. Түүнчлэн “Стандарт” банкныхан тухайн үед хувийн компанид баталгаа гаргаж өгсөн ТӨХ-ноос мөнгөө нэхэмжлээд зогсохгүй Засгийн газрыг дээрх өрөө төлж барагдуулахгүй бол Арбитрын шүүхэд хандана гэж анхааруулж байсан юм байна.
АН-ынхан гарын үсэг зурсан гэх хоёр этгээдийг хоёулаа МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хэмээн онцолж байв
Харин тухайн үед засаг барьж байсан АН-ынхан уг өрийн талаар ийнхүү хэлж байсан юм. “Ш.Батхүү энэ өрийг МАН-ын үед авч байсан. Түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан. Тиймээс бид энэ их хэмжээний өрийг төлөхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч энэ парламентийг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг ч аваад байгаа аж. Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсон нь энэ аж. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч “сэхээн амьдруулах тасаг”-т шилжээд байгаа энэ үед эдийн засагт дахин нэг “галав” юүлэх нь тодорхой боллоо.
Зочин · 2016/10/10
okay
Зочин · 2016/10/10
Just Batkhuu HAdgalamj bankniihaa todorhoi huviig zaraad l uruu baragduulah bolomjtoi baisan shuudee. Uls turiin heden etgeeduud bankiig ni buur tsaashlaad shatahuun tugeeh stantsiig ni geed zeelees ni heden 10 dahin ih hurungiig ni luivardaad avchihsan yvdal bolson .
Зочин · 2016/10/10
MAH-н луйварчид хэн хэнийгээ хэлэлтгүй дээ ёэвэнгийн 2 тал
Зочин · 2016/10/10
ЖАСТ-н колонкууд мах маркетгээд байгаа биздээ. Жаст эрдэнэт хамааралтай шүү нямка судал таныг дэмжиж байна