5.3 тэрбум долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс “Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж “Рио Тинто” групп мэдэгдэв.

“Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болох юм. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой аж.

 

“Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход таван жил, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ярьж байна.

 

"Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани “Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

2010 онд “Рио Тинто” компани төслийг хэрэгжүүлэхээр болсноос хойш тус компани болон Монголын Засгийн газрын хооронд хэд хэдэн асуудлаар маргаан дэгдсэн билээ. Энэ үед Жан-Себастьян Жак тус компанийн зэсийн салбар хариуцсан захирал байхдаа Монголын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Лондон хот дахь гэртээ урьснаар асуудлыг зохицуулах боломжтой болсон юм. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг байгуулах эхлэл тавигдсан билээ.

 

“Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ долоо хоногт Монголд очихдоо Хятадын хилээс 80 км зайд орших “Оюутолгой” ордод зочилсон байна. Мөн Жан-Себастьян Жак энэ долоо хоногийн эхээр Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзжээ.

 

Энэ хамтарсан төсөлд талууд хоорондын харилцаа ямар түвшинд байгаа талаар бид нээлттэй ярилцсан гэж тэрбээр дурдаад “далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай байгаа бөгөөд одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бол оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрнэ” гэлээ.

 

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг