“Төрийн албаны зөвлөл Засгийн газрын захиалгаар сонгон шалгаруулалт явуулдаг” “Засгийн газар ямар хүнийг албан тушаалд томилох, тухайн хүндээ ямар шаардлага тавихыг Төрийн албаны зөвлөлд захиалдаг”, гэх шүүмжлэл бий.

Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулахаас өмнө “Тэр тийм албан тушаалд томилогдоно” гэсэн мэдээлэл гардаг. Төрийн албаны зөвлөл ч түүнийг нь “ёсоор” болгодог. Тийм л учраас Төрийн албаны зөвлөлийг чиглэсэн шүүмжлэл тасралтгүй үргэлжилдэг гэхэд болно. Төрийн албаны зөвлөлд буруу өгөхгүй гэвэл нэр нь яригдаж байсан хүн сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдохыг санаандгүй давхцал гэж ойлгож болох л байх. Харин саяхан явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны зөвлөл Засгийн газрын утсан хүүхэлдэй гэдгийг нотолчихлоо. Юу болсныг танилцуулъя.

Төрийн албаны зөвлөл Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохи­руулагч 10 агентлагийн даргын сонгон шалгууруулалтыг явуулсан юм. Үнэндээ нэр бүхий 10 агентлаг нь хариуцах эзэнгүй байгаагүй л дээ. Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 5, 10, 17-ны хуралдаанаараа бүгдэд нь үүрэг гүйцэтгэгч дарга томилчихсон байсан юм. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Бямбасүрэн, 10-нд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зориг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Шаравжамц, Оюуны  өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүү, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Нямдаваа, Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайханыг томилсон. Дараагийн ээлжит хуралдаанаар буюу наймдугаар сарын 17-нд Гадаадын иргэн харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөрөн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон байв.

Төрийн албаны зөвлөл эдгээр албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж жинхэнэ даргыг нь тодруулах хүртэл ажиллах хүмүүсийг л Засгийн газар томилсон гэсэн үг.

Мөн дээрх агентлагийн дарга нартай хамт өнгөрсөн долдугаар сард үүрэг гүйцэтгэгч дарга томилсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан юм. Түүнчлэн Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг явуулав. Сон­гон шалгаруулалтыг нь нэгэн зэрэг явуулсан дээрх 15 албан тушаалын 13-т нь үүрэг гүйцэтгэгч томилогдчихсон байсан гэсэн үг. Үүрэг гүйцэтгэгч дарга нар жинхлэгдэж л байдаг. Харин энэ удаад Төрийн албаны зөвлөл Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярсайхан гадаадад албан томилолттой байсан учраас сонгон шалгаруулалтыг нь хойшлуулж, үлдсэн 12 үүрэг гүйцэт­гэгчийг нэгэн зэрэг жинхлэх шийдвэр гарган нүд бүлтийлгэж, ам ангайлгав. Уг нь Төрийн албаны зөвлөлийн өөрийнх нь мэдээлснээр 15 албан тушаалд нийтдээ 35 хүн өрсөлдсөн байна. Нэг албан тушаалд 2-3 хүн өрсөлдөж Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад оролцсон гэсэн үг. Магадлалын онол, уралдаант шалгаруулалтын практикаар бол сонгон шалгаруулалтад оролцсон 12 үүрэг гүйцэтгэгчийн ядаж нэг нь бусад өрсөлдөгчдөө ялагдмаар л юм. Бүр 50 хувь нь биш юм аа гэхэд ядаж нэг нь шүү дээ. Гэтэл бүгдээрээ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн босгыг ядах юмгүй давчихлаа. Өрсөлдөгчид нь ч гэж яасан азгүй улс уу. Эсвэл Засгийн газар үнэхээр нүдээ олсон томилгоо хийчихсэн байв уу. Засгийн газар ямар ч шалгаруулалтад оролцож хэдэн ч хүнтэй өрсөлдсөн ялахаар хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилдог юм бол Төрийн албаны зөвлөл шалгаруулах шаардлага байна уу. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн дараагийн сонгон шалгаруулалтын дүн ч тодорхой байх нь. Тус зөвлөл Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга, Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм. Дээрх сонгон шалгаруулалтынх нь жишгээр бол одоо Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нямаа, Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярсайхан, Ашигт малтмал, газрын тосны газрын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт нар ялалт байгуулж тэнцэнэ гэсэн үг. Энэ гурван эрхэм сонгон шалгаруулалтад тэнцвэл Төрийн албаны зөвлөл Засгийн газрын утсан хүүхэлдэй болсон гэдэг нь бүр 200 хувь нотлог­доно гэсэн үг. Хэрэв ингэвэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг утсан хүүхэлдэйнүүдийн толгой хорогд­дог Төрийн албаны зөвлөлийг татан буулгахад буруудахгүй нь. Сонгон шалгаруулалт нэртэй ялагч нь тодор­хой уралдаан зохион байгуулж олонд хүнд горьдлого төрүүлэн цаг завыг нь бардаг байгууллагаар яах юм бэ. Ямар төсвийн мөнгө илүүдээд байгаа биш. Төрийн албаны зөвлөлийг татан буулгах санал өмнө нь ч гарч байсан удаатай. Тухайлбал, АН 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж тухайн салбартаа олон жил ажилласан хүн албан тушаал ахидаг мерит тогтолцоог нэвтрүүлэх талаар тусгаж байсан юм. Харамсалтай нь, биеллээ олоогүй. Одоогийн эрх бариг­чид ч энэ байдлыг өөрчлөхгүй нь бололтой.
Төрийн албаны зөвлөлийн бос­гыг торох юмгүй давсан 12 үүрэг гүйцэтгэгчийг танилцуулъя.

 

 

АРДЫН ЭРХ сонин