ТОСК-ийн захирал асан А.Гантулга тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон нь үнэн үү
2016/10/22
Төрийн орон сууц корпорацийн /ТОСК/ захирал асан А.Гантулгыг албан тушаал, хээл хахуулийн хэрэгт сэжиглэн АТГ-аас шалгаад эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас шинээр хоёр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байсны нэг нь А.Гантулгын хэрэг байсан аж. Тэрбээр албан тушаалын давуу эрхээ эдлэн танилынхаа хувийн компанитай гэрээ байгуулж нэг тэрбум төгрөгийн зээл олгож ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа гэнэ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст уг асуудлыг шалгаж гэрээ байгуулсан гэх барилгын компанийг ямар учиртай гэрээгээр нэг тэрбум төгрөг авсан гэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
А.Гантулга орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ гаргахад Сонгуулийн хороо түүний нэрийг бүртгэхээс татгалзаж байсан удаатай. Тухайн үед А.Гантулга миний нэрийг яагаад тодорхойгүй шалтгаанаар хасав хэмээн шүүхэд гомдол гаргахаар болсон. Тэгвэл түүнийг энэн сонгуульд нэр дэвшүүлээгүй шалгаан нь дээрх хэрэгтэй эртнээс холбоотой хэмээн хардсаны үндсэн дээр нэрийг нь бүртгэж аваагүй байх гэж хэлэх хүн ч байсан юм.
Зарим хэвлэлд дурьдснаар бол түүнийг “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Ц-тэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх зээлийг олгосон хэмээн мэдээлж байв. Хэдийгээр түүнийг энэ хэрэгт сэжиглэн шалгаж байгаа ч учир мэдэх хүмүүсийн яриагаар түүнийг ТОСК-ийн захирлын ажлыг хийхдээ хий гаргалгүй хамгийн ихээр урдах, хойдохоо бодон ажиллаж байсан хүн. Тиймээс түүнийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж барилгын компанид албан ёсны ямар ч гэрээгүйгээр нэг тэрбум төгрөгийн зээл олгоно гэж байхгүй хэмээн хэлж байв.
Яг үнэндээ А.Гантулга нь тус газрын захирлаар ажиллаж байхдаа нийгэмд тустай олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин зарим эх сурвалж асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар А.Гантулга гурван жил гаруй ажиллахдаа их хэмжээний мөнгө базааж чадсан гэж ярьж байв. Мөн түүнийг ажилчидтайгаа нэлээд ширүүн харилцдаг гэж хэлэх хүмүүс ч байна. Юутай ч түүнийг энэ удаа АТГ-ынхан шалгаж нэгтэрбум төгрөгийн асуудлын учрыг олохоор ийнхүү ээрч эхэллээ.
Хэрвээ энэхүү хэрэг явдал мөрдөн байцаалтын явцад үнэн хэмээн тогтоогдвол зээл авсан гэх “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Ц ч уг асуудалд ороогдох тодорхой. Тэгэхээр бүх зүйл хуулийн дагуу явагдаж нэгтэрбум төгрөгийн зээл олгосон уу, үгүй юу гэх асуудал Эрдэнэт үйлдвэртэй зэрэгцэн шуугиан тарих нь тодорхой бололтой.
Эх сурвалж: