МУГЖ Э.Амартүвшин соёлын элч болов
2016/12/07
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж 12 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээг гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэнээ Монгол Улсын Соёлын элчээр томилж буй нь эх орноо гадаадад сурталчлах үйл хэрэгт хамтран ажиллах боломжийг нээж байгаа хэмээн Сайд Ц.Мөнх-Оргил гэрчилгээ гардуулах үеэр онцлон тэмдэглэв.
ГХЯ 2015 оноос эхлэн дэлхийд танигдсан Монгол иргэнээ Соёлын элчээр томилж тэдэнтэй Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаадын улс орнуудтай соёлын харилцаа болон түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг болсон.
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллана.