Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо /МХЭАХННХ/-оос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” /УБЦТС/ ХК-ийг хууль зөрчиж, иргэдээс 300 гаруй төлбөр авч байсан гэх мэдээлэл хийсэн билээ. Харин  1,2 тэрбум төгрөг хэрэглэгчдийн тогны мөнгөнөөс шамшигдуулсан гэгдээд байгаа мэдээлэл нь буруу ташаа, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл гэдгийг УБЦТС ХК-ийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулж албан ёсоор мэдэгдлээ.

“Хэрэглэгчид, ард олны нэрийг барьсан тэдгээр хүмүүс УБЦТС ХК-ийг тэрбэм 200 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж мэдэгдсэн ч энэ мөнгө бол тус компанийн өнгөрсөн онд үйл ажиллагаанаасаа олсон ашиг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу бол иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийн хэмжээг компанийн гүйцэтгэх захирал батална гэж заасан байдаг. Энэ ч үүднээсээ үйлчилгээний төлбөр буюу иргэдийн хүсэлтээр тухайн айлд залгуур, унтраалга сольж өгөх, цахилгааны утсыг шинээр татах гэх мэт үйлчилгээндээ тохирсон мөнгөн төлбөрийн хэмжээг батлан дагаж мөрддөг. Бурхан шашны төв хүртэл хийморийн сан тавихдаа мөнгө авдаг болсон өнөө үед энэ мэт үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйн хэрэг. Манай улсад барилгын угсралт, цахилгааны монтаж хийх зөвшөөрөл бүхий 900 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үзүүлсэн үйлчилгээндээ тохирсон төлбөр авдаг. УБЦТС ХК бол ердөө тэдний л нэг” гэдгийг тус компанийн удирдлагууд хэллээ.

Мөн энэ үеэр УБЦТС компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү "Эрчим хүчний зохицуулах хорооноос ийм худлаа мэдээлэл тараагаад байна.  Бидний зүгээс худлаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлж байна.Өнгөрсөн онд засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас шалгалт орсон. Батсуурь гэж улсын байцаагч шалгалт хийсэн. Та бүхэн тэр хүнээс асууж болно. Хамгийн харамсалтай нь энэ мэдээллийг мушгин гуйвуулж, компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Манай компанид ямар ч торгууль ногдуулаагүй. Тодорхой хэмжээний зөрчил илэрсэн. Тэр зөрчлийг арилгаж, сануулга авсан. Бас эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэх асуудал дээр зөвлөмж авсан. Тэрний дагуу гэрээгээ ч шинэчилсэн. Энэ мэтчилэн хэрэглэгчид, иргэдэд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл хийж байгаа хүмүүстэй хэл ам хийж явах цаг зав тэдэнд байгаагүй. Учир нь Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил гэж тэдний өмнө хариуцлагатай ажил байсан" гэж онцоллоо.

Харин өнгөрсөн онд ШӨХТГ-аас шалгалт ирж зарим нэгэн алдаа дутагдал илрүүлэн, сануулга, шаардлага өгсөн байна. Энэ шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг цаг тухай бүрд нь засаж залруулсан бөгөөд тоолуурын заалт харах, хэвлэхэд авдаг байсан мөнгийг ч авахаа больсон байна. Мөн 10 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл ч ор үндэсгүй ажээ.     

Тус компани цахилгааны мөнгөнөөс гадна хэрэглэгч өөрөө хүсвэл нэмэлт үйлчилгээ авч болно. Үүний төлбөр гэж нэмэгдэж гарч байгаа. Тухайлбал сэтгүүлч та гэртээ разетка солиулах гэсэн юм аа гээд хандвал манай хүмүүс очоод сольж өгөөд, тэр үйлчилгээндээ тохирсон төлбөрөө авдаг. Энэ төлбөрт үйлчилгээний тариф нь манай компанийн сайтад байдаг гэсэн юм.

Х.Даваа