СЕХ олон улсын шагналд нэр дэвшин сүүлийн шатанд өрсөлдөхөөр болов
2013/11/06
Английн Лондон хотод төвтэй Олон улсын парламент судлалын Төвийн Сонгуулийн сүлжээнээс жил бүр Олон улсын сонгуулийн шагнал олгодог аж. Тус шагналыг сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, ил тод, шударга сонгууль зохион байгуулахад оруулсан хувь нэмэр, үйл ажиллагааг нь үнэлж олон улсын сонгуулийн байгууллага, тэдгээрийн удирдлагад олгодог уламжлал тогтсон байна.
Энэхүү олон улсын сонгуулийн шагналын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” номинацад нэр дэвшсэн олон улсын сонгуулийн байгууллагуудаас сүүлийн шатанд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо болон АНУ-ын Флорида мужийн Серминол каунти шалгарсныг Олон улсын сонгуулийн шагналын хорооноос мэдэгдсэн юм.
Дээрх номинацийн эзнийг энэ оны ирэх сарын 4-ний өдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болох Олон улсын сонгуулийн асуудлаарх долдугаар симпозиумын үеэр зарлана гэдгээ олон нийтэд мэдээлэл хийлээ.
Х.Даваа