Өнгөрсөн аравдугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын осол гарч, хоёр хүн гэмтэн, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийг эргэн сөхвөл, тус дүүргийн долдугаар хороонд “Номин” дэлгүүрийн суурийг нураах үед “Цаст констракшн” компанийн гэрээт туслан гүйцэтгэгч компанийн ажилтан 38 настай Т-нь багана төмрөөс унаж гэмтсэн юм. Мөн 31 настай Б зургаан метр өндөр багана төмрөөс унаж амиа алдсан.

Тухайн үед хэвлэлүүдээр энэ ослын тухай цухас мэдээ гарсан ч илбэ шидийн гэмээр “журам”-аар энэ мэдээлэл алга болж байв. Гэвч цагдаагийн албан мэдээллээс эх сурвалжтэй гэх мэдээлэлд “Баянцээл” компанийн барилга, “Цаст констракшн” гэсэн хоёр өөр зөрүүтэй мэдээлэл гарч байсан . Мэдээж хэрэг, хэрвээ компанийн нэрийг ташаарсан бол тухайн компанийн нэр хүндэд халдсан хэрэг болно.  Гэтэл  ч энэхүү мэдээлэл гарсны дараахан “Цаст констракшн” компаниас эмгэнээд ч байгаа юм шиг, тавлаад ч байгаа юм шиг сонин үгтэй, салаа үзүүртэй мэдэгдэл гаргаж байсан удаатай. Тэд мэдэгдэлдээ мэдээлэл гаргагчаас тодруулахад (102-оос) буюу цагдаагийн байгууллагаас авсан гэсэн тул бид үүнийг шалгаж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын зүгээс ийм мэдээлэл өгөөгүй, үүний мөрөөр шалгаж тодруулж өгнө гэж мэдэгдсэн болно” гэж байсан. Хэдийгээр ийн мэдэгдэл гаргасан ч “Тухайн газар дээрх хуучин барилгыг буулгасны дараа манай компани орон сууц барихаар төлөвлөж байгааг үгүйсгэхгүй” гэж бичсэн байсан юм. 

Тэгвэл хөдөлмөр, аюулгүй байдлын найдвартай байдлыг хангаагүйгээс хүний амь нас эрсдэхэд хүргэсэн учир  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус компанийн зарим удирдах ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Х.Даваа