Салдаггүй бор дээлтэй мартагдашгүй аварга
2013/03/05
Хүний биед дасч, ижил дасал болчихсон хувцас гэж байдаг. Тэрийгээ өмсөхгүй л бол нэг л эвгүй, ямар нэгэн зүйл үгүйлэгдээд ч буй юм шиг санагдах нь бий.
Даян аварга А.Сүхбат яг ийм нэгэн зуршилтай хүн. Харин энэ зуршлыг нь хамгийн ихээр олонд таниулсан зүйл бол түүний бор дээл. Өөрөө энэхүү дээлээ “Буян шингэсэн бор дээл” гэж хэлэх дуртай.
“Аан, миний буян шингэсэн бор дээл үү. Бид хоёр олон наадамд хамт байгаа юм даа” гэж нэгэн ярилцлагадаа уран барилдаант аварга өгүүлж байлаа. Энэ дашрамд уран барилдааных нь тухай өгүүлэхэд “Өө, би өөрийгөө уран барилдаантай гэх мэтээр боддоггүй. Харин хүний хийн дээр нь хийсэн мэх л уран харагддаг” хэмээн хэлж байсан.
Даян аварга А.Сүхбат энэ дээлийг бараг арваад жилийн наадмаар өмссөн юм. Германд “харлачихаад” 1996 оны наадмаар барилдаагүй. Харин дараа жил нь наадамдаа эргэн зодоглож билээ. Сураг тавихад начин Ц.Гэрэлт-Одын хамтаар Германиас шинэвтэр хөнгөн тэрэг хөлөөр нь оруулж ирэх ажилд нэг хэсэг шамдсан гэдэг. Зарим хүмүүс болохоор “Аваргыг Германы шигшээ багт авах гэсэн юм. Тэгээд аварга эцэстээ эх орноо зориод ирсээн” гэж хэлэх нь бий. Ямар ч байсан улсын заан цолыг Германд нэг жил байсныхаа дараа жилийн наадмаар хүртсэн билээ.
Аймгийн арслан байхдаа л өмсөж эхэлсэн бөхийн малгай, гутлаа А.Сүхбат зодгоо тайлтал хэрэглэсэн. Нэгэн жилийн наадмаар бүр дүү Б.Гантогтохтойгоо яг ижил өнгийн дээл өмсчихсөн ирж билээ. Ижил гэдэг нь Б.Гантогтох тэр жил ахтайгаа ижил өнгийн бор дээл хийлгэж өмссөн хэрэг.
Сүхбат малгайгаа байсхийгээд тордохоос биш солино гэж үгүй. Харин хөлд нь яв цав таарсан хөнгөхөн гутал нь бүр хажуугаараа гишгээд хөлнийх нь хэвийг хүртэл авчихсан. Бор дээл, цэнхэр оройтой малгай, бага зэрэг хажуугаар нь гишгэсэн гутлаасаа А.Сүхбат аварга сална гэж үгүй.
Бөхийн барилдаан бүр дээр л тэдэнтэйгээ “хамт” ирнэ. Гутлыг нь хараад, малгайных нь оройг үзээд, дээлийнх нь өнгийг бараалхаад энэ бол А.Сүхбат гэж андахгүй таньдаг бөх сонирхогчид монголоор дүүрэн.
А.Сүхбат бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр гарна гэдэг үлгэр амилахтай л адилхан. Ямар ч мэх хэзээ ч хийж мэднэ. Элэг бүснээс барьж тавиад л, уйдаад ч байгаа юм шиг харагдах хэрнээ барьцаа алдана гэж бараг үгүй.
“Би уг нь өөрийгөө зааны эрэмбэтэй л гэж бодож явсан юм. Гэтэл Бат-Эрдэнэ аваргын тэр явдал намайг ирлэж өгсөн” гэж А.Сүхбат “Арав хоног” сонинд өгсөн томоохон ярилцлагадаа өгүүлсэн удаатай.
Сумо бөхийн дэлхийн аваргын алдрыг гурав дахиа хүртэхээр бэлтгэлээ базаасан А.Сүхбатыг гэнэт Б.Бат-Эрдэнэ аварга эрх мэдлийнхээ дагуу тэмцээнд авч явалгүй оронд нь нутгийн дүү Б.Одхүүг зүтгүүлсэн билээ. Одхүү начин Баагий аваргын итгэлийг хөсөрдүүлэн тэрхүү тэмцээнд өөдтэй барилдаагүй юм. Харин А.Сүхбат гурав дахиа түрүүлэх боломж гарцаагүй байсан. Тиймээс А.Сүхбат тухайн үед бурхан шиг шүтэгдэж асан Б.Бат-Эрдэнэ аваргатай өрсөлдөхөөр бэлтгэлээ улам эрчимтэй базааж эхэлснээ “Хувийн амьдрал” сонинд өгүүлэв. Бид тухайн үед шар хэвлэлийн хичнээн хүчтэйг сайн мэддэггүй байж. Харин А.Сүхбатын тэр үг бөхийн ертөнцийг ойрын хэдэн жилдээ бүрэн эргүүлж дөнгөсөн юм шүү.
Хий гишгэдэггүй, буруу алхдаггүй хүмүүсийг бүгд хүндэтгэдэг. Харин хий гишгэж, алдаж онодог ч гэсэн түүнээсээ эмээдэггүй хүнийг хүмүүс хайрладаг. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёр бол яг ийм хоёр өөр төрлийн хүмүүс гэдэг нь бөхийн дэвжээн дээр тухайн үеэс илт мэдрэгдэж эхэлсэн. Спортын хор шар гэж юу байдгийг Сүхбат тэгэхэд л харуулж эхэлсэн юм.Хэтэрхий хийгүй, хашир аваргын эсрэг барьцгүй, түргэн хүн тэмцэж эхэлсэн нь монгол бөхийг улам сонирхолтой болгож, тэрхүү тэмцлээс үзэгчид мөн ч их хожсон доо.
Сонирхолтой нь улсын их баяр наадмын дэвжээнд энэ хоёр аварга ердөө нэг л удаа таарсан. Энэ нь АХ-ын 80 жилийн ойн их баяр наадам билээ. Нар шингэсэн хойно барилдаж, А.Сүхбат хаялцах барьцаар Б.Бат-Эрдэнэ аваргыг давж, ямар ч байсан наадмын дэвжээн дээр сумо бөхийн замд нь нэгэнтээ саад хийснийх нь хариуг өгч дөнгөсөн.
Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийнхээ дунд биеэ авч яваа байдал, хувцаслалтаараа толгой цохидог. Анх удаа ноолууран дээл өмсөж, бөхчүүдийн төдийгүй монголчууддаа ноолууран дээлийг моод болгож байлаа. Харин А.Сүхбатын хувьд бөхийн дэвжээн дээрээ өнөөх л бор дээл, яажгий гуталтайгаа алхаж явна.
Сүүлийн үеийн хүүхдүүд бол А.Сүхбатын өөр дээлтэй явааг хараа ч үгүй байх. Одоо цагт бөхчүүд байсхийгээд л дээлээ сольдог. Тухайн жилийн өнгө, лам багшийнхаа зөвлөсөн өнгөөр гоёчихвол хүссэндэ хүрчихмээр санагддаг биз. Харин Сүхбатад бор дээл нь өөрөө барилдах урам зоригийг нь төрүүлж, наадам руу дуудагч байсан шиг. Одоо аваргын тэрхүү дээл уяан дээрээ үүрссэн хурдан хүлэг шиг хоймортоо хэзээ эзнээ ирээд аваад гарах бол гэж хүлээсээр байдаг биз.Бор дээлээ хөөргөж өмссөн шаавай хөдөлгөөнтэй аварга зүлэг ногоон дэвжээнээ яарангуй гарч ирээд уран мэхийг угсруулан хийж, олны бахдлын уухайд омогшин, өнөөх бор дээлэндээ багтаж ядан дараагийн давааг хүлээдэг байж билээ.
Аваргын дээлийн өнгийг харалгүй хэдэн жил өнгөрөв. Аваргын уран барилдааныг үзэлгүй хэдэн ч жил одов. А.Сүхбатын гэх орон зайг монгол бөхийн дэвжээ үргэлж үгүйлсээр...
Р.Гэгээ
Зочин · 2014/09/04
Тэр жилжээлдээ ДДДДДАаварга Батсуурь гуайн нэрэмжит хүндэтгэлийн барилдаанд А.Сүхбат Одхүүг их доор амалсан.Яг хэдийн даюааг мартаж.Дөнгөж өрөнгүүтээ зүүн хөлийн өсгийн хөр тавхайгаар нь суйлаад лавшруулан хоёр гараар атгангуут тэнгэрлүү цацчихаад ёстой Чойжилсүрэн арслан шиг эргэж харалгүй дэвээд явчихаж билээ.Одхүү ёстой одонд ойрхон очсон байх унахдаа ар дагзаараа унаад ухаан алдаж татаж байсан. Нэг нь гүйж очиж өндийлгөн суулгатал огиж бөөлжөөд ураг****** унадагын тэгээд тэр бөх их удаан түшиж байгаад хүчээр нэг юм хүний нүднээс далд аваачсан.Ийм барилдаан би үзсэн.
Зочин · 2013/05/07
Сүхбат аваргыг хүндэлж биширч явдаг даа. Монгол хүн бүрийн сэтгэлд хүрсэн сайхан бөх дөө.