Монгол Улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд өнөөдөр Монголын оюутны холбооноос Улсын драмын эрдмийн театрт баярын хурал зохион байгуулж байна.

Анх 1943 оны аравдугаар сарын 5-нд МУИС-ийн дэргэд Оюутны зөвлөл нэртэйгээр байгуулагдаж байсан тус байгууллага 70 жилийнхээ түүхэн хугацаанд нийт оюутан залуусынхаа эрх ашгийг Монголдоо төдийгүй олон улсад хамгаалж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх ажлаа амжилттай хийж ирснийг баярын хуралд оролцогсод онцлон хэлсэн юм.

Монголын оюутны холбоо /МОХ/-ны энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд болоод Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид зэрэг олон хувь хүн албан байгууллага мэндчилгээ ирүүлсэн нь тэднийг нийгэмдээ хэр үүрэгтэй хамт олон болохыг илтгэн харуулж байна.

Баярын хурал өглөө 09:00 цагаас эхэлсэн бөгөөд хурлыг нээж МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан үг хэлэхдээ "МОХ нь 1983 онд Олон улсын оюутны байгууллагад гишүүнээр элсэн орсон бөгөөд энэ хугацаанд дэлхий нийтийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ өндөр ухамсарлаж ирсэн" хэмээн хэллээ.

Ер нь Монгол Улсын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад оюутны байгууллага, оюутнуудын оруулсан хувь нэмэр асар их бөгөөд атар газар эзэмших, илгээлтийн эздээс эхлээд цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг оюутнууд эхлүүлж байжээ.

Х.Даваа