МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж, албан тушаалаас нь огцруулахыг шаардаад байгаа билээ.

Монголын үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТ/-ийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд энэ тухай шаардлага хүргүүлсэн билээ. Ингэхдээ тав хоногийн дотор шаардлагын хариуг авна гэсний дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдсан юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд телевизийн захирлыг томилох, халах шийдвэр гаргах эрх байдаггүй бөгөөд энэ асуудлыг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар шийдвэрлэх ёстой ажээ. Тиймээс өчигдөр болсон Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр талын төлөөлөлтэй уулзаж, ярилцсан юм. Ингээд Үндэсний зөвлөлийн гишүүд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүрэг өгчээ.

Харин гомдол гаргагчид болон Ч.Даваабаяр нарт маргаанаа хуулийн дагуу шийдвэрлэхийг чиглэл болгосон байна.  Тиймээс Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх эсэхийг МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар шийдвэрлэх юм байна. Хамгийн хачирхалтай нь, байгууллагын дотоодод үүссэн энэ асуудлыг хэлэлцэх Үндэсний зөвлөлийн хуралдаанд М.Наранбаатар өөрөө оролцоогүй гэнэ.

Харин Ч.Даваабаяр хоёр хоногийн өмнө хэвлэлийн хурал хийх үеэр нь "Хувьцаат компани болсон тухайг тодруулахгүй юу. Уран бүтээлчид хувьдаа мөнгө завшдаг гэсэн үг үү" гэсэн сэтгүүлчийн асуултад  хариулахдаа “Нэг минут-нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү хоёр жил да­раалан зөрчил гаргасан нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Энэ жил ч гадны компанитай гэрээ байгуулж олон нийтийн телевизийн нэвтрүүлгээ цацаж их хэмжээний мөнгийг хувьдаа авсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Л.Цагаандалай сэтгүүлч саяхан “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор бэлтгэхдээ 200 гаруй сая төгрөгийг хувьдаа авсан байсан. Хэвлэл мэдээллийн зардал тодорхой хэмжээгээр тусгагдсан. Үндэсний телевиз “Адуучин” гэсэн брэнд нэвтрүүлгийг бэлтгэсэн бол телевизтэй гэрээ байгуулж тэнд ажилласан уран бүтээлчдэд урамшуулал, шагнал олгох ёстой. Л.Цагаандалай одоог хүртэл гэрээгээ үзүүлэхгүй, тайлан өгөхгүй яваад байсан учир захирлын дэргэдэх салбар зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцэхийг хүссэн юм. Хоёрдугаар нэгдлийн н.Наранцэцэг “Miss Mongolia” гэх нэвтрүүлгийг бүтэн сарын турш нэвтрүүлсэн ч бас л гэрээ байхгүй, төлбөр мөнгө нь яаж зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр байгаа. Тиймээс дотоод аудитын шалгалт оруулсан. Телевиз ганцхан данстай. Энэ дансаар мөнгөө авч, орж байх ёстой. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа хууль, эрх мэдлийн хүрээнд ажлаа явуулж ирсэн. Дарамталж, араас нь мөрдөж мөшгидөг, хөөж туусан үйлдэл гаргаагүй. Ном дүрмээрээ ажилла гэсэн шаардлага тавьсан" хэмээн хариулсан удаатай.

Тэгвэл энэ талаар сэтгүүлч, редактор Л.Цагаандалай нь: “Ч.Даваабаяр захирал нэвтрүүлэг, тэмцээн хоёрыг ялгахгүй байна. Хэрэв Л.Цагаандалай “Адуучин” нэвтрүүлгээ айхтар их зардлаар хийгээд телевизэд мөнгө өгсөнгүй гэж байгаа бол намайг биш, “Адуучин” тэмцээн зохион байгуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах хэрэгтэй шүү дээ” гэсэн хариуг өгч байгаа юм.

Ямартай ч МҮОНТ гэх өнөр айлд ийм шуугиан дэгдээд байгаа юм. Харин айлын асуудал хүрээнээс хальж бүүр Ерөнхий сайд бас чирэгдээд авлаа. Асуудлыг  М.Наранбаатар л шийдэж энэ айлыг эвэнд нь оруулах үлдэж буй бололтой.

Х.Даваа