Хууль сахиулж, иргэдийг аливаа хүчирхийлэл, халдлагаас хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа энгийн иргэнийг зодож танхайрчээ. Тодруулбал СБД-ийн таван цагдаа иргэнийг 30 минутын турш бүлэглэн зоджээ. Тус хэрэг энэ оны гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө СБД-ийн нутаг дэвсгэр 32 дугаар тойргийн Шинэ замд байрлах “Formula F1” авто угаалгын газар гарчээ.

Угаалгын газрын эзэнтэй уулзахаар очсон иргэн М-ийг “өөрсдийн машинаа үнэгүй угаалгана” хэмээн тус газрын ажилчдыг дарамталж байсан таван цагдаа зодож хүнд гэмтэл учруулсаны улмаас хохирогч Гэмтэлийн эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар М нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёр удаа том хагалгаанд орох ажээ. Түүний ар гэрийнхэн нь хагалгаагаа даадаг болов уу хэмээн санаа зовнин суусан юм. Дүрэмт хувцас өмсөж балмад танхай авир гарган бусдыг бүлэглэн зодсон цагдаагийн таван ажилтанг хэрэг гараад 10 гаруй хонож байх хугацаанд олж илрүүлээгүй байна.  

Тухайн үед хоёр цагдаа үүргээ гүйцэтгэн дүрэмт хувцастайгаа явж байсан. Харин гурав нь энгийн хувцастай явсан бөгөөд тэд хохирогч руу дайрч ааг омгоо гаргасан ажээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн хуулиа дээдлэн иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж яваа цагдаагийн мянга мянган үүрэг гүйцэтгэгч албан тушаалтан нар эдгээр балмад таван цагдаагийн уршгаар цагдаа гэх ерөнхий нэр дор иргэдийн бухимдалтай  нүүр тулж байна.

Т.Сайхан

Илүү ихийг tug.mn сайтаас