Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдааныг иргэд, олон нийтийн оролцоог ханган нээлттэй зохион байгуулж, Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг "Чингис" хэмээн нэрлэх асуудлыг хэлэлцээд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол төрийн гал голомт оршсон ариун дагшин газрын төв Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг Чингис хэмээн нэрлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Хэрлэн сумыг "Өндөрхаан" сум гэж нэрлэхээр иргэдийн гаргасан саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Н.Базарханд нарт даалгасан байна. Тус аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар илтгэлдээ, “8-11 дүгээр зууны үед Монгол Дарлиган гэдэг ерөнхий нэр зүүсэн Жалайр, Сөнөд, Татар, Мэргидтүмэд, Булгачин, Хэрэмчин, Ойрад, Барга, Хори, Тэлэнгүд, Урианхай, Хургиган зэрэг гол аймгуудыг Язгуурын Монгол, мөн нэрийн дор цуг нүүдэллэн явдаг Язгуурын Монгол, Татаар, Баяуд, Жалайр, Хонгирод, Түрэг- Түнгүүс угсааны монгол жинурианхай зэрэг нэгэн хэсэг аймгуудыг тэд “Хамаг Монгол” хэмээдэг байсан бөгөөд төв нь Сэцэнхан, одоогийн Хэнтий аймгийн газар нутагт төвтэй байсан тухай түүхийн олон эх сурвалжид тэмдэглэсэн байдаг" хэмээсэн билээ.

Тэгвэл энэ аймгийн нэрийг солих асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас "Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумыг Чингис хот болгочихсон.Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? гэсэн асуултад "Би ч бас сайн ойлгохгүй байна. Хуулиа харах ёстой" гэж өнгөрсөн долоо хоногт болсон сэтгүүлчидтэй уулзах 30 минутын уулзалтаараа хариулж байсан.

Харин өнөөдөр Өндөрхаан хотын Засаг даргын Тамгын газрын байран дээрх хотын нэрийг буулгаж байна.

Уг нь  нэр солих дээрх  шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж шийдвэрлэх ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэд эл шийдвэрийн хариуг хүлээхийг хүсээгүй бололтой.
 

Х.Даваа