Солонгос улс дахь монгол ажилчдын xатуу болов ч бодит үнэн
2013/11/28
Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ.
Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.
Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ.
Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй.
Тэгээд ах бид хоёр нөгөө хоёр монголоо Инчоны дүүрэгт байрлах байранд нь хүргэж өгөөд бороотой Сөүлийн гудамжаар Чүнгүг дүүрэгт байрлах урт нарийхан гудамжнаа ахынхаа гэрт ирэв. Намайг тосч авахдаа ах таксинд 90 мянган вон төлж байгаа харагдлаа. Энэ цаг мөчөөс хойш Хан бандуд жил зургаан сар байхдаа олон арван монголчуудтай уулзаж зовлон жаргалыг нь сонсч, хуваалцаж, нүдээр үзэж харж явсан зүйлийнхээ зах зухаас одоо уншигч тантай хуваалцаж байгаа минь энэ. Танилуудынхаа эрх ашгийн үүднээс нийтлэлд нэрийг нь өөрчилж бичлээ.
ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ Ч ХУУЧИН ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХЫГ ҮХЭН ХАТАН ДУРЛАГСАД ОЛОН БИЙ
Яагаад гэвэл энд юм юмыг амжуулж болдог. Харин сүүлийн үед хуучин хувцасны үйлдвэрт баривчилгаа их болсон гэнэлээ. Гэсэн ч монголчууд энэ ашигтай ажлыг орхидоггүй. Бүр Монголд ирчихээд буцаад Е9-өөр очсон эхнэр нөхөр хоёр зөвхөн хуучин хувцасны үйлдвэрт ажиллана гэсээр байгаад хуучин хувцасны үйлдвэр олж ажилласан гэдэг. Яагаад гэж та гайхаж байгаа байх л даа. Хуучин хувцасны үйлдвэрийн цалин ердөө 600 мянган вон орчим байдаг ч монголчууд энд ажиллах дуртайгийн нууц нь цалингаас өөр юманд байдаг. Өөрөөр хэлбэл хуучин хувцсан дээр ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа илүү цалинг хуучин хувцасны халааснаас олдог. Миний мэдэх эхнэр нөхөр хоёр хуучин хувцасны үйлдвэрээр дагнаад 2 жил ажилласан байв. Тэд тэр үйлдвэрт ажиллаж байхдаа хүүтэй болсон. Хүүгийн ээж жирэмсэн байхдаа ажлаа тарсны дараа үйлдвэр лүүгээ нууцаар орж “илүү цаг ажиллах”-даа хэд хэдэн удаа 100 мянгаас дээш вон олж байж. Тэд олсон мөнгөө тусад нь мөнгөний гахайнд цуглуулдаг. Энэ тухайгаа бүсгүй “Би жирэмсэн байхдаа маш азтай байсан. Их мөнгө олсон. Миний хүү чинь өөрөө мөнгөө олоод төрчихсөн байхгүй юу” гэж байсан. Мөн алтан эдлэл маш их олддог. Олсон алтан эдлэлээ солонгосын алт мөнгөний дарханд аваачиж тавин хувийн үнээр нь өгнө. Алтан эдлэлүүд ихэнхдээ хэлхээтэйгээрээ, хосоороо олдоно.
Хуучин хувцасныхан маань Солонгосын аль ч нутагт байсан Сөүлээс карго дуудаж байгаад л пресэлсэн хувцаснуудыг Монгол руугаа ачуулна даа. Тэгэхдээ таарснаа ачуулдаггүй. Маш сайн ялгаж байгаад ангилж, хамгийн сайн гэснийг л ачуулдаг. Хэд хэдээрээ нийлээд ачуулахад сардаа нэг удаа Монгол руу овоо ачаа явуулчихаад байдаг. Бас тэндээ хөөрхөн наймаа хийчихнэ. Савхин курткуудыг ялгаад Түндэмүн дээр аваачаад монголчууддаа 10, 20 мянгаар зарчихна. Ийм маягаар байхад хуучин хувцасныхан сардаа саяас дээш орлоготой байж дөнгөөд байдаг. Хамгийн гол нь Монгол руу ачуулсан бараа л “чулуу” болдог. Монголд ах дүүс нь барааг нь аваад захын наймаачдад бөөндчихнө. Барааг нь зарж өгөх хүнгүй нэг нь контейнер худалдаж авахуулаад тэр лүүгээ хийлгүүлж хадгалдаг. Тэгээд өөрсдөө ирж борлуулах бодолтой аж. Харин дээрх танил хоёр маань дандаа савхин куртка Монгол руу ачуулдаг, өөрсдөө удахгүй очоод Орос руу гаргаж зарна гэцгээдэг байв. Савхин куртканууд нь удаан контейнерт байхаараа үнэр орж хөгцөрчих гээд байдаг, ах эгч нь байсхийгээд л гаргаж сэврээдэг тухай ч ярьж байсан. Өөр нэг “юм” олдог газар нь “сэтак” буюу угаалгын газар. Нэг танил монгол залуу маань сэтакт ажиллаж байхдаа сая гаруй төгрөгний алтан ээмэг бөгж хосоор нь олоод эхнэртээ зүүлгэчихсэн байлаа.
НҮҮР ЦАРАЙ АВАХ ЮМГҮЙ БОЛСОН Ч ОРОН СУУЦНЫХАА МӨНГИЙГ ТӨЛЖ БАЙЖ Л АЖЛАА СОЛИНО ДОО
Ингэж ярьсан Төгсөө гэдэг залуу дөнгөж 21-хэн настай. Тэрээр ахтайгаа хоёул төмрийн үйлдвэрт ажилладаг. Төмрийн үйлдвэр маш хүнд нөхцөлтэй. Гэхдээ монголчууд бас арай гайгүй ажлыг нь хийнэ. Яг төмрийн будагтай зууралдах, хамгийн хортой ажлуудыг төлгүүд буюу вьетнамчууд л гүйцэтгэж байгаа харагддаг. Гэсэн ч Төгсөөгийн нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлого болжээ. Ийм болоод 9 сар болж байгаа гэсэн. Ажлаа солиоч гэхээр “Би саяхан Сөүл ороод 10-р хороололд баригдаж байгаа барилганд хоёр өрөө орон сууц захиалчихсан болохоор энэ ажлаа орхиж чадахгүй байнаа. Орон сууцныхаа мөнгийг төлж дуусаад л өөр гайгүй ажил хайхаас” гэнэ. Тэгнэ гэвэл Төгсөө эндээ дахиад хоёр жил шахуу ажиллах хэрэгтэй. 9-хөн сард дахиад гүвдрүү туурах газаргүй шахам болсон нүүр орон сууц нь баригдаж дуусах хооронд юу болох бол оо гэхээс өмнөөс нь өр өвдөж л байсан, үнэндээ.
МАНАЙХАН НАМАЙГ “ШИБАЛ” Л ГЭЭД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ШИБАЛЫГ ДУУДААД ӨГ Л ГЭЧИХ
Харийн нутагт очсон хүн бүхэнд тулгардаг хамгийн эхний проблем хэл байдаг. Солонгост байгаа монголчуудын дунд ч хэлний бэрхшээлээс болж хохирох, цалин мөнгөө авч чадахгүй байх, эмнэлгийн тусламж авч амжихгүй өвчин зовлонд нэрвэгдэх зэрэг асуудал үүсэхээс гадна онигоонд орох нь элбэг. Бас онигооны баатар болохоосоо болгоомжилдог юмуу зарим нэг товарищ хэл сурахгүй шүү дээ. “Өө, надад солонгос хэл хэрэггүй, болчихдог” л гэнэ. Нэг тийм залуу эзнийгээ юм хэлэхээр зүгээр л “ОК” гээд л байна. Баахан “Ок”, “Ок” гэж байснаа монголчууд дээрээ ирээд “Сая эзэн юу гэсэн бэ?” гээд наадуул нь “Чи Ок л гээд байсан биз дээ, мэдэж байгаа юм биш үү?” хэмээн шоолж бөөн инээдэм болно. Бас нэг залуу эхнэрийнхээ араас очиж л дээ. Эхнэр нь “хог” гэдгийг “сырэгэ” гэдэг юм, чи цээжилж чадахгүй бол “сергей” гэхэд бараг адилхан” гэж хэлжээ. Хэд хоногийн дараа залуу “Хогийг чинь Алексей гэдэг бил үү, Сергей бил үү?” гэжээ. Хамгийн өрөвдөлтэй онигоо нь нэг залуу Түндэмүн дээр нутгийнхаа монголчуудтай таарчээ. Тэгээд нутгийнх нь залуус утасных нь дугаарыг авах гэтэл “Би одоохондоо гар утасгүй байгаа. Манай “самүшил” /контор/-ын утсаар ярьчих” гэж л дээ. Наадуул нь “Хөөе, тэгээд хэнтэй ярья гэх вэ?” гэсэн чинь “Манайхан намайг “шибал” л гээд байдаг шүү дээ, шибалтай ярья л гэчих” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод манай нэг монгол тэнд шибалаараа дуудуулаад хараалын муухай үгийг өөрийнхөө нэрийг гэж бодоод явж байгаа нь эмгэнэлтэй санагдсан. Шибал гэдэг нь солонгос хараалын үг юм. Уг нь “шиб паль” гэсэн “18”-ын тоо боловч солонгосууд энэ үгийг их цээрлэдэг, хараахаараа хэлдэг.
СЕКС БА ХОС ЗАЛУУСЫН ГАНЦААРДСАН ЖИЛҮҮД
Үнэнч байх гэдгийг хатуу сорьсон, ямар ч үнэнч хүнийг барьц алдуулахаар хэцүү асуудал бол секс гэдэг нь илт байсан. Бие биедээ хичнээн хайртай ч хосууд хоёр талд доод тал нь гурван жил, түүнээс дээш хугацаагаар байна гэдэг асар хүнд бие, сэтгэлийн там юм гэдгийг уулзсан хүн болгон л ярьж байсан. Хонгороо ах эхнэр хоёр хүүхдээ орхиод ирсэн. Уг нь 1 сая 200 мянгын цалинтай ч ихэнх цалингаа орой бүр эхнэрээ гэртээ байна уу үгүй юу, юу хийж байгаа бол гэж шалгаж, тагнахад, эхнэрийнхээ хэлснийг нотлоход зориулчихна. Эхнэр нь нэг орой утсаа авсангүй. Хонгороо ах унтсангүй, хүрэн савтай “мэгжү”-гээ /Hite пиво/ тэврээд л, монгол руу дахин дахин залгаад л. Нэлээд шөнөөр эхнэртэйгээ ярьж байна аа. “Чи яачихав аа?”, “Усанд ороод л”, “Усанд орохдоо утсаа аваад орж бай л даа, хүн боож үхэх шахлаа”.
Үүнийг юу гэж ойлгохов? Ийм л яриа монгол солонгос хоёрын дунд утасны наана цаанаас удаан үргэлжилнэ. Уг нь эхнэрээ татаж авах гээд л хүн амьтны урдуур хойгуур орж яваа л юм билээ. Гэвч эхнэрээ шалгадаг Хонгороо ах маань сардаа хоёр удаа “ягааны гудамж”-нд /биеэ үнэлэгчдийн байрлаж буй гудамж/ очиж “цагаа бүртгүүлдэг”. Хамтдаа маханд орж сууж байгаад л гараад сэмхэн сэмхэн цаашилсаар нөгөө гудамж руугаа алхцгаачихна. Би араас нь “Хөөе, хаачих гэж байна.
Эхнэрүүд рүү чинь утасдлаа шүү” гэж айлгахчаан аядаад л үлдэх. Яг үнэндээ ярихгүй л дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг сайн ойлгож байгаа юм чинь. Энд байгаа зарим монгол хүүхнүүд эрчүүдтэй “орооцолдчихоод” бөөн хэл ам үүсгэдэг. Тийм хүмүүстэй “янз бүр” болж дараа нь Монголдоо ирээд асуудалд орж байснаас зүгээр л албан ёсны, элдэв өвчин энэ тэр авна гэж айх аюулгүй биеэ үнэлэгчид рүү нь сардаа ганц нэг оччихоод байх нь нэрэнд ч цэвэр, хаа хаанаа хал балгүй санагдсан. Энэ гэхдээ миний хувийн бодол гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь хосоороо ч амьдралын эрхээр, мөнгөний төлөө ганцаардсан амьдралаар олон жилийг үдэж, залуу насаа өнгөрүүлж байгаа нь яасан харамсалтай гээч. Энэ ганцаардлаасаа болоод галзуурчих шахаад Сөжү уухаараа л бүхнийг мартдаг Гомбоо гэдэг залуу бидний ойролцоо ажиллаж амьдардаг байв. Уг нь тэр Монголд байхдаа ТИС төгсч улсын нэгэн томоохон байгууллагад инженер, мастер хийж байсан чадвартай залуу ч мөнгөний төлөө солонгосыг зорьсон ганцаардал түүнийг Сөжүний ногоон шилтэй “ихэрлүүлж” орхисон байсан. Нэг удаа Баатараа гэдэг ах архи уучихсан уйлж орж ирэв. “Авгай хүүхэд хоёрынхоо төлөө л ах нь энд таван жил боллоо. Одоо жаахан байж байгаад явнаа, Монголдоо очоод сайхан амьдарна” гээд л инээж суудаг Баатараа ахыг уйлаад орж ирэхэд нь сандралгүй яахав. Гэр орныхон нь зүгээр байгаа, яанаа гээд л амыг нь харж хэсэг суув. Баатараа ах “Ах нь өнөөдөр цалингаа авсан, Монгол руу явуулах гэсэн чинь чаддаггүй ээ, яах уу? Явуулах уу, яах уу?” гээд л. “Үгүй, та явуулахгүй яадгийм” гэсэн чинь “Ах нь энд ирээд таван жил болж байна, гэтэл Монголд бага хүүхэд хоёр нас хүрч байна гэнээ”. Үүнийг сонссон бүгд хачин болсон. Мөн Солонгост очоод 10 жил болж байгаа ахын охины тухай тэр ах ч, би ч төсөөлж чадахгүй байсан. Юу гэвэл Отгоо ахыг Солонгос руу явахад 8 настай үлдсэн охин нь энэ жил 10-р ангиа төгссөн гэнэ. Отгоо ах охиныхоо тухай орхиод явсан тэр үеэрээ л дурсан ярьдаг. Тэр охиныхоо хамгийн нандин гэгээн үе болох 10 жилийн, сурагч насны амьдралыг нь мэдэхгүй өнгөрүүлжээ. Ийм л амьдрал үргэлжилж байна.
Намайг очиход эргэн тойрны маань монголчууд интернет заалгаж эхэлсэн юм. Тэгтэл Хаагий гэдэг залуу солонгост хоёр жил болж байгаа ч анх удаагаа эхнэр хүүхэдтэйгээ чаталж, камераар бие биесээ харсан. Харин нөгөө Хаагий чинь гэнэт эхнэрээ “Хөхөө гарга” гэдэг байгаа. Ээжтэйгээ хамт аавыгаа харахаар Улаанбаатарын нэгэн интернет кафед орсон нэгдүгээр ангийн хүүхдэдээ хүртэл “Наад ээжийнхээ мөөмийг гарга” гэснийг нь яана. Эхнэр нь эхлээд “Юу гээд байгаа юм” энэ тэр гэж байснаа сүүлд нь нөхрөө өрөвдсөн ч юмуу яасан юм боломж байвал гаргачих санаа байгаа бололтой эргэн тойрноо хяламхийж байгаа нь камерт харагдаж бид тэднийг шоолон тэрхэн үедээ элгээ хөштөл инээсэн. Гэхдээ энэ инээд биш байсан л даа, яасан чиг. Энэ бүхэн ч яахав, тэнд хамтран амьдрагчид гэж бий. Монголд аль аль нь эхнэр, нөхөртэй. Тэндээ болохоор хамтдаа байна.
Үнэндээ бидний монголчуудад хэдэн ногоон цаас ийм л үнээр олдож байна. Ногоон цаасны хүч гэр бүлийн нандин бүхнийг ноёлж байна. Энэ нь тухайн нэг гэр бүлийн асуудал мэт боловч үндэсний аюулгүй байдлыг ганхуулж эхлээд байгаа юм биш үү? Их эзний маань “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг айлтгал өнөөдрийн Монголыг харж хэлсэн гэлтэй, Монгол төрийн бодлоготнууд аа!
“МАНАЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРЧИХ ГЭЭД БАЙНА, БУШУУХАН СОЛОНГОС ЯВУУЛЪЯ”
Гэрээ засах гэж харьд очоод хоёр өөр газар удаан байснаас гэр бүл ч үгүй юу ч үгүй болж үлдсэн монголчууд олон. Гэтэл бас гэрээ засах нь битгий хэл биеэ засч чадаагүй залуус Солонгост олноороо очсон байдаг. Би нэг удаа “Зууны мэдээ”-гийн дагуул “24 цаг” сониноос “Манай дүү архи уугаад болохгүй байна. Бүр хэрэг төвөгт орчих гээд байх юм. Бушуухан энэ архины найз нөхдөөс нь салгаад солонгос л явуулчихмаар байна, яаж явуулах вэ?” гэсэн уншигчийн асуултыг харж байсан. Яг ийм л шалтгаанаар очсон залуустай уулзаж байв. Эдгээр залуус аав ээжийнхээ гар дээр байж байгаад гэнэт “уяанаасаа алдуурсан” мэт эрх чөлөөг мэдрэхээрээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлдэг. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн ийм хүмүүс л улсынхаа нэрийг муугаар “цоллуулдаг”. Би нэг залууг Уугий гэж нэрлэе. Тэр Пусаны ойролцоох нэгэн жижиг хотын хог боловсруулах үйлдвэрт хуванцар бутлах ажил хийдэг. Өдөр бүр архидна. Үнэндээ ийм залуусыг ээж аав, гэрийнхэн нь эндээс архины найзуудаас нь салгаад явууллаа л гэж санаад үлддэг байх. Харин тэд хаа ч дугуй дугуйгаа амархан олоод ижилсчихдэг юм билээ. Дөнгөж 10 жил төгсөөд найзынхаа машиныг унаж яваад согтуугаар наадмын өмнөхөн хүний хурдан морь, арван хэдэн хонийг хиартал нь дайраад алчихсан түүнийг аав ээж нь бараг шоронд илгээгддэгийн даваан дээр солонгос руу амжиж явуулсан гэдэг.
ХУЛГАЙЛЖ БОЛОХ БҮХНИЙГ…?
“Хэнэггүй монгол зан” гэдэг шиг “хулгайч монгол зан” тэнд байдаг. Хэн ч хаанаас ч дугуй хулгайлаад л уначих юм. Тэгснээ нөгөө хулгайн дугуйгаа нэг өдөр алдчихсан хоёр монгол хоорондоо “Энэ хавьд монголчууд байна даа, дугуй авчихаж” гэж ярьж байх. Ойролцоо нь монгол хүн байгааг ингэж мэдэж байх жишээтэй. Цалингаа буухаар ойр хавийн монголчууд нэгнийдээ цуглаж ууцгаана. 2 литрийн хүрэн савтай “Hite” шар айргийг сайн ууна даа. Нэг удаа хөрш айлын монгол ах манайд баахан шар айрагны савтай ороод ирэв. Дотор нь дүүрэн ургамлын тос байгаа гэнэ. Яагаад энд хийчихсэн юм бэ? гэхээр “Урд үйлдвэрийн монголчууд баахан ургамлын тос … тэгээд уусан пивоныхоо саваар дураараа хийж аваад ирлээ” гэх юм. За тэгээд ноолийн цаасыг бол бас л орсон PC бан, олон нийтийн газраасаа аваад явчихдаг монголчууд гарнаа. Жинхэнэ ичнэ дээ, ийм юм хийсэн нутаг нэгтнүүдээсээ.
МОНГОЛЧУУДЫН МААНЬ АМИНД ОРДОГ MGLCLUB.COM-ЫН ТУХАЙ ДУУГАРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
Солонгост байгаа монголчуудын ажил хайж олдог, зовлон жаргалаа хуваалцдаг ганц талбар нь mglclub.comсайт юм. Уг сайтын ажлын зар үдийн цайны цаг гэхэд зуу зуугаараа нэмэгдчихсэн байдаг. Сайтаар бас сонин хачин ихтэй. Мөн энэ сайтаар тусламж хүссэн хүмүүс их байдаг. Мэддэг л бол харин монголчууд маань нэгэндээ асуусан юмыг нь уйгагүй сайн хариулаад өгчихсөн байдаг нь их таалагддаг. Сайтад бас “… ээ, Монгол руугаа хариач ээ, үр хүүхэд чинь хэцүүдээд байна”, “7 жилийн өмнө явсан …-ийг олж өгөөч, ээж нь муу байна” гэх мэтийн зарууд Монголоос их… тавьсан байдаг. Юутай ч mglclub.com бол элчингийн сайтаас илүү монголчуудад тус болдог. Гэхдээ солонгос дахь Монголын элчин сайдын яамны сайтын нэг давуу тал нь асуусан асуултанд өдөрт нь хариулаад өгчихдөг юм билээ.
ТЭДНИЙ МАХАА ИДЭЖ ОЛСОН МӨНГӨ МОНГОЛД ИРЭЭД ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ?
Солонгост буй монголчууд махаа идэж мөнгө хийдэг. Амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэндхийн хамаг л хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны горим өчүүхэн л алдагдвал хөл гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдрийн 12-оос доошгүй цагийг өнгөрөөдөг юм. Тэгээд сардаа нэг л өдөр баярладаг. Цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах тэр хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно. Цалин буутал хэн нэгнээс зээлсэн 5-10 цаасаа өгөөд ойр зуурын тамхи, талхны мөнгө л үлдэнэ дээ.
Зарим нэг сонин нөхөд буй. 5-уулаа гэрээгээр ирж, нэг үйлдвэрт томилогдон хамт ажиллаж, амьдарч байж ижилхэн цалин авангуутаа “Би өртэй” гээд хоолны ч мөнгө авч үлдэхгүй бүх мөнгөө Монгол руу явуулчихаад бусдынхаа мөнгөөр амьдраад явчихна шүү. Нөгөө хэд нь эрчүүд болоод ч тэр үү хоорондоо гайхаж яриад л өнгөрөхөөс өөр хэл ам татлах ч үгүй. За энэ ч яахав, манай хэдийн зовж олдог мөнгө Монголд ирээд юу болж хувирдаг вэ? Юуны түрүүнд Солонгосоос ирсэн мөнгөөр Цагаан сар, Шинэ жилээ тэмдэглэдэггүй айл ховор болжээ. Мөн ах эгч, аав ээжийнхээ явуулсан мөнгөөр сургалтын төлбөрөө төлдөг оюутан, сурагчид олон болжээ. Өдрөөс өдөрт үнэ нь хадаж байгаа орон сууцны барилгуудын ашиглалтанд орох хугацааг солонгосоос орж ирж байгаа мөнгөний хэмжээ л мэддэг болжээ. Энэ бүхэн тийм ч муу юм биш л дээ. Гэхдээ Монголд байгаа монголчууддаа хандаж хэлэхэд та солонгосоос хэн нэгний явуулсан мөнгийг бариад гарахдаа таны гарт буй тэр мөнгө хайртай, дотно хүний чинь хамаг хөлс хүч, залуу нас, амьдралынх нь алтан цаг хугацаагаар солигдож ирсэн гэдгийг заавал нэг бодож зарцуулаарай. Тэгвэл тэдний чинь харьд өнгөрүүлсэн цаг хугацаа утга учиртай болноо.
ЭНЭ ЯВДАЛ НАЙЗЫН МААНЬ АСУУДАЛ Ч ГЭЛЭЭ СОЛОНГОСТ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД НЭГИЙГ БОДНО БИЗ
Би бичлэгийнхээ төгсгөлд Монголд яг одоо болоод буй нэгэн хэргийн тухай цухас дурдахыг хүсэв. Надтай 10 жилд цуг сурч байсан ангийн охин маань өнөөдөр Дээд шүүхийн хаалгаар эргэлддэг ажилтай болоод байна. Тэрээр арваад жилийн өмнө нөхөртэйгөө хоёул Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд тэд хөөрхөн охинтой ч болсон. Жил гаруйн өмнө нөхрийнх нь бие муудаж хоёулаа Монголд ирсэн ч харамсалтай нь нөхөр нь хориодхон хоноод өөд болжээ. Солонгосоос нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан байжээ. Гэтэл одоо нөхөр нь нас барж, нөхрийнх нь дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна.
Saraa · 2019/02/04
Sayxan mongoloos ireed xvneer zuuchluulj ajild orson chin xamt ajilladag mongol eregtei ajil muu xiij bna geed namaig zodchihloo.Bi urid ni solongost ajillaj amidarch bsan ajliin turshlagatai setgeleeree l xiij bsan.Xvnii mos xaana ybna be?
Зочин · 2016/02/18
Үнэхээр үнэн нийтлэл байлаа. Энийг бүх монголчууддаа хүргэж нэгийг бодуулах хэрэгтэй.Тэр дундаа энэ урагшгүй төрийн түшээдэд.Эхэндээ инээд хүрч л байлаа. Гэвч энэ бол гашуун үнэн зүйл.
Баярлалаа.
bdhwjd · 2014/01/02
Bur ahiiga uruvdjuhluu bn. Neg hugshin 6nasaar egch avgai ahtai maani amidarch bgaa. Harahaar uur hureed salaad ****aad uguusei l gj husej bn. uzliin muuhai ym. Getel ah min ymar shn zaluu geech ymarch emegtei tatagdahgui bhiin argagui hunshuude. Uyan zuulun setgeltei, tusarhuu zan gd hunii shb setgeliig ashiglah shulmuud zunduu bh ymoo
Зочин · 2013/12/01
MONGOLDOO IRJ SXAN AJILLAJ AMIDRAACHEEE,XVNII GAZAR INGEJ AMIDRAAD BAIJ BOLOXGUI SHDEE SOLONGOSD BGAA MONGOLCHUUD AA.
Зочин · 2013/11/30
Uneen unen end mongol humuus dahij nemegdej bitgii ireesee l gej bodoh ymdaa
Зочин · 2013/11/30
jil bolgon mongol zaluusiig ajliin geree neriin dor boolchlol yawagdaj bn.shilj abahiin yana ter boolchloldoo zaluusiig...deer n manaihan ih tsugalsan gazar arhidalt .******dalt bgaa bgaa
Зочин · 2013/11/30
s***a uilmaar boljino amidraliin aimshigtai tsag nochuud
Зочин · 2013/11/30
солонгост сарын 500 г илүү авч ажиллаад амиа өгөх хэрэг байн уу. эсвэл ямар нэг мөнгөөр орлуулшгүй үнэт зүйлээ өгнө.
Зочин · 2013/11/30
UNEN SHUU
Зочин · 2013/11/30
saihan niitlel bna
Зочин · 2013/11/29
solongost ch geltgui germand bas iim bailaa hamag munguu yawuulaad yund zarzuulsan medehgui ahiad mungu nehne ingej yawsaar 10 jil bolson shuu hugshirsun yadarsan hun l nutagtaa irlee
Зочин · 2013/11/29
solongosruu yavj ajillahaa bolitsgooldoo
zochin · 2013/11/29
olon hun un****rai sain zaluu bn da
Зочин · 2013/11/29
saihan unen ugtei iluu dutuu yumgui bichleg baina, ter suuld heldeg tuhai huuli shuuhiin ulsuudiig, hergiig shuuj baigaa shuu****d hurtel ni taraagaach humuusee.
Зочин · 2013/11/29
mun tend manai huuhnuud uildveriinhee so dargatai ni yavaldaj hoorondoo zodoldoh, mun uuriinhuu huuhed shig bandi nartai yavaldaj ger bulruugee munguu yavuulahgui tedgeer erchuudee tetgej yavna geech .Tend ochson zarim neg huuhnuud yag uyanaasaa alduursan nohoi shig er er solij iveen tetguulj yag ****** shig amidrana geech.umnuus ni uneheer ichij uhmeer heleheer ataarhlaa gej ****ahii ni yana.zavaan zavaan avgai huuhnuud bainaa baina
Зочин · 2013/11/29
Хүний нутагт зовж яваа нэгээ дарамталдаг хүний үнэргүй ********нууд зөндөө шүү , Хөгшин 40 гарсан юм байж залуу улсуудын сэтгэл зүйгээр тоглон айлгана сүрдүүлэнэ .Бүүр нэрийг нь бичмээр санагдачлаа
Зочин · 2013/11/29
Яасан мундаг бичээ вэ? сүрхий бичсэн байна. олон хүн ун******сай.
Зочин · 2013/11/29
zarim neg huuhnuud solongos huntei suuj och.chihood mongol zaluug guij guwsh,sar bgaad orguuluuldag. gar hooson umssun huwtsastaigaa orogson huniig uruwduud huwtsaslaj hoollod etsest ni uwurt ni orj heden sar amidraad 2 tishee boloh ywdal bdag l um bna lee. manai mongol huuhnuud arai deenduu. te hun ger orondoo ywuulah gej arai ydan tsugluulsan mungnuusuu l ugch bg**** dee. yr ni bol guih nohoid guihgui nohoi saad gej.
Зочин · 2013/11/29
yaaa bas evgui dee evgui. Uneheer zowlon uzseen uzsen
Зочин · 2013/11/29
Тэнд ажиллаж үзээгүй хүмүүс унших хэрэгтэй материал юм байна
mgl · 2013/11/29
mglchuudiin maani bodit turh yag l iim bdag.nudend haragdahar bichjee.