Олон-Овоотыг дөрвөн тонн алттай байсан гэх мэдэгдлийг “Жаст”-ын Ш.Батхүү хэвлэлийнхэнд зарлаж байсан. Харин Ц.Мянганбаярын хувьд энэхүү ордын алтны нөөцийг 25 тонн гээд байгаа. Тэгвэл Ашигт малтмалын газрын гаргасан дүгнэлтээр Олон-Овоотын алтны нөөц 18,5 тонн аж.

Дээрх гурван тооны аль нь үнэн болохыг Уул уурхайн яамныхан тогтоохоор хөндлөнгийн шинжээчдийг томилж тус уурхайд ажиллуулахаар болсон гэдгээ мэдэгдсэн юм.

Уул уурхайн яам, ашигт малтмалын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн наймдугаар сард нөөц тогтоох судалгааг хийхдээ Ш.Батхүүг технологийн алдаа гаргасан учраас нөөцийн хэмжээ бага гарсан байх магадлалтай гэж мэдээлж байсан. Ямартай ч уул уурхайн яам тус уурхайн нөөцийн талаар хэн нь худал хэлээд байгааг тогтоохоор хөндлөнгийн шинжээчээр ажиллах санал гаргасан таван хүний нэрийг эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өгчээ. Цагдаагийн шалгалтаар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь мэдэгдэх юм бол тэднийг ажиллуулах аж. Эдгээр шинжээчийн хөлсийг төр даах бөгөөд их хэмжээний мөнгийг энэ ажилд зарцуулна гэж албаныхан хэлж байна. Хэрвээ уг ордны нөөцийн талаар Ц.Мянганбаяр худал хэлсэн бол түүнийг бусдыг залилсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй юм байна. Харин Ш.Батхүү нөөцийн хэмжээг андуурсан бол түүнийг хүн гүтгэсэн гэх хэрэгт татах бололтой.

Ш.Батхүүгийн хувьд хамаг хөрөнгөө “Олон Овоот”-д өгчихсөн гээд байгаа. Ганцхан Ц.Мянганбаярын үгэнд итгэн гадаадын банкнаас их хэмжээний мөнгө зээлдэггүй байж хэмээн халаглаж суух жишээтэй.  Ш.Батхүү "Ц.Мянганбаяртай хамтарч ажилласан нь миний хамгийн том алдаа боллоо. Хэрвээ “Олон овоот”-оос алт гарсан бол бүх зээлээ төлчих байсан" гэж хэлсэн юм. Харин Ц.Мянганбаяр "Олон Овоот"-ыг алтны арвин их нөөцтэй гэж хэлсээр байгаа. 

Энэ асуудал хөндлөнгийн шинжээч нар ажлаад дууссаны дараа хэсэг хугацааны дараа тэдний хэн нь худал хэлсэн нь тодорхой болох аж.

Х.Даваа