Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг огцруулсан билээ.

Үүнтэй холбогдуулан  өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнбат БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг  томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Санал хураалтад 52 гишүүн оролцож, 49 гишүүн дэмжсэнээр академич Г.Чулуунбаатар БСШУС-ын сайдаар томилогдлоо. Хуралдааны үеэр гишүүд санал хэлж, асуулт, асууж хариулт авлаа.

А.Сүхбат:Боловсролын системд өөрчлөлт хийх үү

-Ж.Батсуурь сайдын үедл боловсролын системийг өөрчлөх ажлыг эхлэх талаар ярьж байсан. энэ талаар хариулт авмаар байна.

Г.Чулуунбаатар:Боловсролын салбарт шинэчлэлт хийхийн төлөө ажиллана

- УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс харахад шинэчлэл хийх шаардлагатай байгаа нь харагддаг. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана.

Д.Тэрбишдагва: Монгол Улсын үйлдвэр аж ахуйг авч явах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаараарай

-БСШУ спортын салбар л даа. Энэ их том салбар, дөрвөн салбар бий. Монгол Улсыг дэлхийд гаргах ганц зүйл нь соёл, түүх байгаа юм. үүнд анхаарч ажиллаарай. Эрдэмтэн хүн очиж байна. эрдэмтэн хүн мундаг. Гэхдээ салбар хариуцсан сайд гэдэг улстөрч, сайн менежер байх ёстой. Улаанбаатар хотын захын дүүргүүдийн ачаалал хэд дахин илүү. Тэнд ажилладаг цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, ажилчдын ачаалал их байдаг. Хэдийгээр амралт эхэлж байгаа ч ажлаа аваад сургууль, цэцэрлэгт өөрийн биеэр очоосой гэж хүсч байна. Боловсролын салбарт дутагдаж байгаа нэг зүйл нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал. Монгол Улсын үйлдвэр аж ахуйг дэмжих тийм л хүмүүс хэрэгтэй байна. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаарай. Их дээд сургуулийн холбоо, хүрээлэнгийн холбоог сайн шийдэхгүй бол болохгүй нь.

Д.Ганболд:Царцсан барилгын ажлуудыг дуусгах хэрэгтэй

-Том салбарыг авч явах сайдын хувьд хойч ирээдүй болсон сургуулийн өмнөх боловсролыг сайжруулахад анхаарч ажиллаарай. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хүмүүжил их чухал. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Мөн бага боловсролын суудал байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг яръя. Хөрөнгө мөнгө байхгүйгээс болж царцсан барилга их бий. Энэ ажлыг дуусгавал хүүхдүүд болон эцэг, эхчүүд их баярлана.

Л.Болд:Их, дээд сургуулийг хотоос гаргах том ажил бий

Нийслэл ачааллаа дийлэхээ больсон. Оюутнуудын амралт болохоор амьсгалахад чөлөөтэй болдог. Нийслэл рүүгээ хөгжсөн нь энэ цаг үеийн хамгийн буруу бодлого байгаа. Бид Багануур дүүрэгт оюутны комплекс хийх гээд мөн ч олон жил боллоо. Их, дээд сургуулийг хотоос гаргана гэхээр сургуулийн удирдлагууд хоорондоо лобби зохиочихдог. Тэгэхээр сайхан оюутны комплекс барьчихвал сургуулиуд өөрсдөө гарах гэж хичээдэг болно.