Буруугүй буруутан
2017/06/12
Буруугүй буруутан гэх кино саявтархан гарч дуусав. Үнэхээр ч амьдрал дээр буруугүй буруутан гэж бас байх л юм. Сүүлийн үед Монголбанкнаас явуулсан бодлогын гороор манай улс гурван их наяд төгрөгийн алдагдалд орж “сүйрсэн” нь аудитаар батлагджээ.
Өнгөцхөн харвал, арай ч дээ л гэмээр байна. Харин тухайн алдагдалд оруулсан гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшх хэвлэлийн хуудаснаа гарсан мэдээллээс харвал бодууштай зүйл олон.
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллага нь Төвбанк. Мөнгөний бодлогоороо дамжуулан улсын эдийн засгийн сул талыг засч, тохируулах ажил хийдэг. 2012 оноос эдийн засаг уруудах үеэс Төвбанк ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд, хүмүүсээ хуримтлалтай болгохын тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлсэн. Энэ нь баялаг бүтээгчдэд эдийн засгийн хямралын үед үйлдвэрлэл, үйлчилгээгээ хэвийн явуулахад нь туслах учиртай санхүүжилт байлаа.
Тухайн үед 200 мянган ажлыг байрыг үгүй хийх үү, 20-30 мянган хүний цалинг нэмэх үү гэдэг сонголттой нүүр тулснаа Монголбанкны экс ерөнхийлөг Н.Золжаргал олонтаа тайлбарласан байна. Ингээд хямралын үед эдийн засгийг зөөлөн газардуулахын тулд мянга мянган ажлын байрыг хамгаалах шийдвэрийг гаргажээ. Нөгөөтэйгүүр хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн тодорхой хэсгийг бага хүүтэйгээр Монголбанк дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгож, үнийн өсөлтөөс өрхийн эдийн засгийг хамгаалсан гэдгийг эдийн засагчид хэлдэг.
Үүгээрээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжийг бүрдүүлсэн ч гэж болно. Мөн жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгож, үр дүнд нь одоо 90 гаруй мянган өрх орон сууцтай болсон байна. Энэ нь бидний өдөр бүр шахам ярьдаг утааг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл. Нөгөө талдаа барилгын компаниуд түгжигдмэл хөрөнгийг эргэлтэд оруулснаар хямралыг даван туулах чадамжийг бүрдүүлж буй юм. Харамсалтай нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан 200 гаруй аж ахуйн нэгжээр Монголбанкинд учирсан гэх гурван их наяд төгрөгийн алдагдлыг төлүүлэхээр шийдсэн байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зээл авсан нийт аж ахуйн нэгжийн хэд нь эргэж төлбөрөө төлснийг ажлын хэсгийнхэн дурдсангүй. Харин зориулалтын бусаар ашигласан гэдэг тоог л маш нухацтайгаар түгээхийг оролдоод байх шиг.
Гэтэл энэ хөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь зээлийн эргэн төлөлтөө 100 хувь барагдуулсан байдаг юм билээ. Үлдсэн 24 тэрбум төгрөгийн зээл нь хуваарийн дагуу 2018 оны нэгдүгээр сард төлөгдөж дуусахыг Төвбанкны вэб сайтаас бэлхнээ харж болно. Ер нь иргэдээ ажилтай, орлоготой бас орон сууцтай болгоход чиглэсэн уламжлалт бус мөнгөний бодлогын үр дүнг нийтээрээ хүртсэнийг энэ дашрамд дуулгая. Үнэн хэрэгтээ “сэхээ”-нээс гарч чадахааргүй байсан эдийн засгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн дүнд бас ч гэж тогтвортой хадгалсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Бодит үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдсаар атал буруутныг хайж, хэн нэгэнд бурууг тохох гэсэн эрмэлзлэл нь эцэстээ хувийн хэвшлийнхэн болоод иргэдийн нуруунд үүрэгдэх ачаа болж хувирдаг шүү дээ. Тиймээс буруугүй буруутан болох эрсдлийг олон нийтэд нялзаахыг оролдогч “поп”-уудад дайх нэг үг байна. “Ай попуудаа хувийн хэвшил, хувь хүмүүсийн зовлонд цадах болоогүй гэж үү”.
Д.ОЮУНЧИМЭГ