Өнгөрөгч хоёрдугаар сард Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өмнөд Суданд энхийг сахиулагчдаа эргэж, “Аав минь ирсэн шиг санагдлаа” хэмээн цэргүүдээр хэлүүлж, хэвлэл мэдээллээр пиараа цацуулж явав.

Түүнийг ийнхүү манаргаж явах ар хударгаар өөрийнх нь ажилд томилж, цол гардуулж өгсөн генералууд хил дамнасан зэвсгийн наймааны хэргээр шалгагдаж эхлээд байв. Тухайн үед хэдийгээр олонд ил болж, хэвлэл мэдээллээр цацагдаагүй ч энэ хэргийн бүрдүүлэлт аль хэдийнэ нэгэнт эхэлсэн байв. Улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорьсон учраас энэ хэргийн тухай мэдээлэл сүүлийн үед харин олонтаа цацагдах болов. Зөвхөн Т.Дашдэлэгээр ч зогсохгүй, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатар нараас гадна тус яамны санхүүгийн албаны дарга эмэгтэй ч уг хэрэгт холбоотой тухай мэдээлэл цацагдах боллоо.
   Эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ хэрэг нэлээд эртнээс эхтэй аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Бямбажавыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар тавьж байсан цагаас хойш гурван он улирах гэж байна. Шинэхэн дарга Ц.Бямбажав ОХУ-д хамт сурч байсан өөрийн найз Т.Дашдэлэгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилсноор энэхүү хууль бус наймаа эрхлэх үндэс суурь тавигдсан гэдгийг эх сурвалж хэлэв. Үүнтэй дөрөө харшуулан Ц.Бямбажав дарга Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан М.Борбаатарыг Солонгос Улсад суух Цэргийн атташе хэмээх албан тушаалд томилж, хил дамнуулан зэвсэг наймаалах замаа нээсэн гэх. Өөрөөр хэлбэл, хил дамнасан зэвсгийн наймаа хийх гүүрээ зассан гэлтэй. Энэ хэрэг нэлээд эртнээс нууц байдалд шалгагдсан бололтой юм. Харин хэргийн бүрдүүлэлт хийж, шаргуу шалгаад эхлэхээр Ц.Бямбажав дарга гэнэт өөрийн найз Т.Дашдэлэгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийн үүрэгт ажлаас нь хэл амгүйхэн чөлөөлөв. Байдал өөр тийшээ эргэж байгаа энэ үед Т.Дашдэлэгийг өөрийнхөө командлалаас буулгаж холдуулах нь түүний хувьд туйлын зөв сонголт байсан хэрэг. Үүнээс өөр арга ч байгаагүй биз ээ. Ингэж ажлаас чөлөөлсөн нь өөрөө томоохон учир шалтгаантай. Хил дамнуулан зэвсэг наймаалсан гэх хэрэг сөхөгдөж, хууль, хяналтын байгууллагын хаалга татах болонгуут БХЯ-ны албан тушаалтны хувиар биш, жирийн иргэний зүгээс шалгуулах нь хал балгүй хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Т.Дашдэлэг бус, иргэн Т.Дашдэлэг шалгагдаж шоронд орох учиртай гэсэн санаа төдий зүйл.
   Ийнхүү хэрдээ л арга бодож олсон Ц.Бямбажав генералын санаа тэгтлээ газар авахгүй нь юухнаас ч болов харагдаж эхэллээ. Учир нь өөрийг нь шалгаж эхлээд байгааг хэвлэлүүд дэлгэх болжээ. Улмаар ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг албан тушаалаар хаацайлж суусан Батлан хамгаалахын сайд асан Л.Болд ч үүнтэй салшгүй холбоотой. Бүр цаашилбал, энэ албан тушаалд зарлиг гарган томилсон Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн нэр ч яах аргагүй холбогдож таарна. Тийм учраас л Ц.Бямбажав генерал “мөрдөсний зангараг” гаргахын зэрэгцээ бяцхан ухаан сийлсэн царай нь энэ. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх өндөр албан тушаалд очиход нь ташуур өгсөн Ерөнхий прокурор Д.Дорлигжав, хүч хавсарсан Ц.Элбэгдорж нарынхаа нэрсийг энэ хэрэгт хутгахгүйн төлөө хийсэн ажил юм. Т.Дашдэлэг генералын хувьд ч одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 оны гуравдугаар сарын 18-нд Ц.Элбэгдоржоос Бригадын генерал цол авсан, түүний талын хүн учраас энэ хэрэгт Ерөнхийлөгч болон тодорхой албан тушаалтнуудын нэрийг хутгахгүй байхыг зорьж байгаа нь мэдээжийн хэрэг. “Ачийг бачаар” гэдэг шиг генерал цол өгсөн хүнээ олны өмнө цоллуулахгүй байх нь эрхэм зорилго биз. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулчихсан байна. Нөгөө талд ийнхүү хууль бус наймаа хийхэд нь ямар нэгэн хаалт тавиагүйд ч хамаг учир оршиж мэдэх юм. Хамгийн гол нь ийм хэмжээний гэрээ хэлцэлд ганцхан Т.Дашдэлэг гарын үсэг зурснаар болчихдог зүйл биш болохоор үүний цаана бүхэл бүтэн баг бий. Тэгэхээр эрх мэдэлтнүүд Т.Дашдэлэгийг шаварт унагаад өөрсдөө уснаас хуурай гаргах төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан нь түүнийг гэнэт ажлаас халсанд оршиж буй. Гэхдээ тэдний уснаас хуурай гарах төлөвлөгөө бүтэлгүйтэж магадгүй. Ийнхүү нэр бүхий генералууд наймаа хийх алсын бодлоор Солонгост хуучин онгоцны сэлбэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ гэсэн мэдээллийг хэвлэлүүд цацах болсоор удлаа. Мэдээж “хуучин онгоцны сэлбэг нийлүүлэх” гэрээний ар талд тэдний хууль бус наймааны тохироо л байсан байж таарна гэж хэн ч хардахаар. Социалист нийгмийн үед ОХУ-аас оруулж ирсэн олон онгоц манай цэргийн анги нэгтгэлүүдэд бий. Тэдгээрийг л хил давуулсан хэрэг шүү дээ.
   Энэ тухай зарим баримт дэлгэе. Т.Дашдэлэг 2010 оны хоёрдугаар сард БНСУ-д болсон Ази, Номхон далайн орнуудын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарын уулзалтад оролцохоор “Чингис хаан” нисэх буудлаас ниссэн ч дээрх уулзалтад оролцоогүй гэдгийг хэвлэлүүд дэлгэсэн. Харин “Олон улсын уулзалтад оролцохоор БНСУ уруу ниссэн Т.Дашдэлэг генерал БНХАУ-ын нийслэл Бээжинд үлдэж, тэнд дөрөв хоног саатах хугацаандаа БНАСАУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзан, хуучин онгоцны сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон төдийгүй өөрийнхөө дансанд 1.3 сая ам.доллар шилжүүлэн авсан” гэх мэдээлэл байгаа юм. Т.Дашдэлэг генерал сүүлийн үед ихэд бийлэгжүү болоод байсан гэнэ. Зайсанд зургаан өрөө хаус авсан, хамтран ажилладаг нэр нөлөө бүхий эрхмүүдээ өдөр алгасахгүй шахам зоогонд урьдаг болсон гэх мэдээллийг ч өгч байна. Уг нь түүнийг энэхүү хэргээр өнгөрөгч жил шалгаж эхлээд байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэх ч мэдээлэл бий. Юутай ч зэвсгийн наймаагаар гуравдагч хөрштэй харьцана гэдэг манайх шиг жижиг буурай оронд санаанд оромгүй асуудал. Тэгээд ч бид хойд хөршөөс зэвсгээ авдаг гэх зэргээр асуудлыг лавшруулбал үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Хэвлэлд мэдээлснээр бол ийм ноцтой гэрээг ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч бие даан шийдэх эрх мэдэлгүй аж. Тийм боломж ч байхгүй гэнэ. Салбарын сайдаас гадна өөр хэд хэдэн албан тушаалтны гарын үсгийг зуруулж байж хүчин төгөлдөр үйлчлэх учиртай гэдгийг онцлон дурдсан байна. Энэ бүгдээс үндэслэж үзэхэд Түрүүч нь I нүүрт тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Л.Болд болон зарим албаны хүмүүс ч шалгагдах магадлал бий. Тиймээс л “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр Т.Дашдэлэгт бүх хариуцлагыг үүрүүлээд, хэсэг бүлэг хүмүүс гэмгүй царайлан үлдэх нь. Мэдээж үндэсний хэмжээний том хэрэг мандуулсан эрхмүүдийн дунд томоос том тохироо явж байгаа учраас л түүнийг ганцааранг нь хорих болсон болов уу. Үүний ар талд сайд аснаас эхлээд БХЯ-ны нэр бүхий олон албан тушаалтан бий нь тодорхой. Бүр цаашилбал Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай холбож бодохоос өөр гарцгүй гэдгийг дахин дурдахаас өөр арга алга. Агуулгаар нь авч үзэх юм бол томчуудын гэж тооцож болох энэ хэргийн ачааг Т.Дашдэлэг ганцаараа үүрэх ямар нэгэн тохироо явагдсан байж магадгүй. Ямартай ч Ерөнхийлөгчийн томилсон генералаар дөрөөлж, түүний генерал цол зүүж өгсөн нөхрөөр өртөөлөн хууль бус зэвсгийн наймаа явагдсан нь үнэн бололтой юм.

С.УУГАНБАЯР