Сонгуулийн өмнө, Улсын баатар Э.Бат-Oүлийн амлаж байсан зүйлээс гуравханыг авъя. “Гэр хорооллынхон минь 1м2 газраа сая төгрөгнөөс доош үнэлж болохгүй шүү.

Газар улам үнэд орно. Амьжиргааны чинь үндэс энэ л болно” “Хотын утааг мэдэгдэхүйц бууруулна” “Хотын төв хэсэгт барилга байшин барихыг бүр мөсөн зогсооно. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураана. Эсвэл хотын мэдэлд авч дуудлага худалдаанд оруулна” энэ гурван амлалт биелсэн үү? Захын хүн биелээгүй хэмээн хариулна даа. Би эндээс, хотын утаа, агаарын бохирдолтой холбоотой асуудлыг нь хөндөж бичихгүй бол болохгүйнэ. Ерөнхий сайдын шахааны нүүрсээр хотын утаа улам их болсныг би түрүү “Утааны буруутан ¹1”- дээ бичсэн. Энэ удаа хотын утааг хөөрөгдөж байгаа машины утааг эрхэм дарга Э.Бат-үүл, Д.Баттулга нартай холбон бичиж байна. 

...Өглөө бүр манай гадаа бэсрэгхэн “дайн” болдог. Гадна талбайд тавьсан хэдэн эгнээ машины эзэд энэ “дайн”-ыг эхлэнэ. Жолооч нар машинаа халааж байгаа нь энэ гэж асаагаад орхичихно. Бөөн утаа. Цаана нь байгаа байшингууд харагдахгүй болтол утаан хөшиг татна. Тэгтэл, олон машины дунд түгжигдсэн жолооч нар гарах болно. Зэрэг сигналдаж ойр орчмын бүх хүнийг сэрээнэ. Хараана, зүхнэ, хашгирна. Сүүлдээ барилцаж авна. Арай л машинаа мөргөлдүүлэхгүй, энэ “дайн” төгсөнө. Зарим жолоочирхуу юм нь машинаа гарашаасаа гаргаж чадахгүй хаалга үүдээ эвдлэнэ. Өнөөх л жолооны курсын 40 хувьд багтаад шалгалтанд уначихдаг ядмаг багш нарын шавь байх л даа. Ийм хөгтэй явдал үргэлжилсээр манай хорооллын өглөөний “дайн” дууссан ч, оройн “дайн” үргэлжилнэ. Тэд ч яахав, асч унтарсаар алга болох л юм. Хэн хохирдог гээч, жирийн иргэд, хүүхэд багачууд, бид л хохирдог. Тэр хороололд амьдардаг мянга мянган хүн утаанд нь утуулаад үлддэг. Зөвхөн энэ бяцхан талбайд ийм “дайн” болж байхад Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн газар ийм “дайн” болж, утаа нь биднийг хордуулж байгаа гээ?! 
Бас нэг баримт авъя. Хотын гудамжаар машин, утаа хоёрын аль нь ялгагдахгүй, бөөн саарал юм өнхөрч байдаг. Замын уулзварт хэд хэдээрээ зогсч байгаа цагдаа нь эрээн мод гозгонуулаад л өнгөрөөж байгаа. Утаа их хаяж гудамж замын агаарыг бохирдуулаад байгаа машин тэрэгтэй тэмцдэг байгууллага, цагдаа бий гэж үү?! 
Жилд нэг удаа автын үзлэг гэж сүр дуулиантай зүйл болдог л доо. Миний бодлоор бол энэ үзлэг нь машиныг журамлаж, ялангуяа утаа ихтэй машинуудын замын хөдөлгөөнд оролцох эрхийг хасах, томоохон хэмжээний торгууль тавих, хугацаатай шаардлага тавьж засуулах зэрэг арга хэмжээ авмаар санагддаг. Гэтэл хэдэн төгрөг л салгаж байвал машины утаа тэдэнд падлийгүй юм шиг билээ. Замын цагдаагийн газар гэж илүү шат дамжлага, хэдэн жолооч торгож мөнгө олж байх зорилготой юм шиг газрыг татан буулгах тухай телевизээр мэдээлээд байгаатай, миний хувьд санал нэг байгаа. Энэ бүхнийг би хотын хоёр даргатай холбож шүүмжлэхээс өөр арга алга. Нийслэлийн гудамж талбай ачааллаа даахаа больчихоод “Дугаарын хязгаарлалт” “Нэгдүгээр эгнээ” “Ачдаг машин” “Албадан торгууль” өчнөөн зүйл ярьдаг хэрнээ сүүлийн ганцхан жилийн дотор улсын хэмжээгээр 100000 машин, түүний дийлэнх хувийг Улаанбаатар хотод оруулж ирсэн гэж телевизээр мэдээлнэ билээ. Хэдэн сарын өмнө, энэ онд гаднаас оруулж ирсэн машины тоог 46000 гэж мэдээлж байсантай харьцуулбал, ойролцоо ч юм болов уу. Юутай ч энэ засгийн газрын сайд дарга нар хотын удирдлагууд зөвшөөрөөд олон арван мянган шинэ хуучин машин гадаадаас оруулж ирээд байгаа хүмүүсийн дийлэнх нь сайд дарга нарын танил тал, хамаатан садан, гадаадад “бүрэн эрхтэй” аялдаг машины ченжүүд байдаг гэнэ. Үнэхээр л хотын утааг бууруулъя гэдэг бодол санаа байгаа бол хил гаалийнхандаа үүрэг тавиад машин оруулж ирэхийг тодорхой хугацаанд хориглох эрх мэдэл Э.Бат-үүл, Д.Баттулга нарт бий. Даанч сэтгэл дутаж байна. “Хотгор болгон ус” гэдэг шиг, Улаанбаатар хотын сул чөлөөтэй талбай болгон дүүрэн, худалдаалах машин тавигдсан байна. Төмөр замын вокзалын дэргэд өчнөөн зуун машин хэдэн жил хашигдлаа. Тийм, мянга мянган машинаар зам талбай бөглөж байгаа ченжүүдээ хөдөлгөж чадахгүй хэрнээ олон арван жил суурьшиж тохижоод нийслэлийнхэндээ арвин буян хийсэн, 6000 ажиллагсдаа гэр бүлийнхэнтэй нь тэжээж байгаа “Да-хүрээ” захыг “нүүлгэж устгана” гэж давшлаад байгаагийн учрыг би олохгүй байгаа юм. Ер нь, олон жил нийслэлийнхэндээ буян болж, ядуусынхаа өдөр тутмын хэрэгцээнийх нь зүйлийг хангаж ирсэн, томоохон хэдэн захаа нүүлгэнэ, хөөнө гэж дарамтлаад байгаагийн цаана хэний, ямар ашиг сонирхол яваад байна аа? Зарим хүн ярьж байна аа. Ардын намынхан болон бусад намынхан голдуу эзэнтэй захуудыг зайлуулж газрыг нь Ардчилсан намынхандаа, танил талдаа, ах дүү садандаа өгөх гэж хөөгөөд байгаа юм гэлцэх аж. Юутай ч, эхний ээлжинд шинэ хуучин машин гаднаас чирч ирдгийг зогсоож, хэрвээ зайлшгүй шаардлага байгаа бол хотын олон талбай бөглөчихөөд байгаа машинуудыг худалдахыг нь худалдаж, харин ёстой хотоос гаргая л даа. Э.Бат-үүл, Д.Баттулга хоёр минь “Хотын утаа буурч байна” гэж манийхаа тархийг битгий угаа л даа. Утаа улам аймшигтай болсон байна. “Утаагүй зуух” “Утаагүй түлш” гэж үлгэр ярьсаар суутал чинь Улаанбаатарт эрүүл уушигтай, хорт хавдаргүй хүн үлдэж байгаа юм уу?! 
Зуух нь дэлбэрээд хоёр ч хүний аминд хүрлээ. Нүүрсний утаан дээр нэмэж, хуучин машин мянга мянгаар нь оруулж ирэн хордуулдгаа больвол яасан юм.

 

Г.ЖАМЬЯН 
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)