Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтална
2017/07/05
-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгоно-
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат манай улсад гаднын улсаас орж ирж хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон зарим халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой “Гаднын улс орноос олон мянган ажилчин оруулж ирж байна” гэсэн цахим сайт, сонин хэвлэлийн мэдээлэлд тайлбар өглөө. Монгол Улсад жилдээ 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс хамгийн олон тооны иргэн нь манай улсад хөдөлмөр эрхэлдэг 11 улс байдаг аж. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, 2013 онд гаднаас нийт 27191, үүний хамгийн олон нь буюу 22600 иргэн нь Хятадаас, 1623 нь Солонгосын ажилчид байна. Цаашлаад 2014 онд 26104, 2015 онд нийт 16643, 2016 онд 11152 иргэн, 2017 он гарсаар 9835 гаднын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 5841 нь БНХАУ-ын ажилчид байна. Тоон үзүүлэлтээс харвал 2013, 2014 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт байгааг тодотголоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газраас нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргахдаа хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмж, хэрэгжүүлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сараас нэмэхээ албан ёсоор зарласан. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой санхүүжилтийг ирэх арав, арваннэгдүгээр сард батлах 2018 оны улсын төсөвт шинээр суулгана. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар мөн шийдвэрлэсэн. Та бүхэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан цаад талаас хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг Засгийн газарт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үе буюу одоогоос 7-8 сарын өмнө манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан. Мөн Монгол Улсад маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, “Чалко”-д төлөх 170 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкинд төлөх своп зээлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийн асуудал хаяанд тулсан байсан. Энэ бүхнийг Засгийн газар зарим нэгийг нь төлж, үлдсэн хэсгийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр шийдвэрлэснээр эдийн засагт ногоон гэрэл ассан. Хөрөнгө оруулагчид олширч, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол ам.долларын ханшийн сулрал гэж ойлгож болно. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сүүлийн үед ам.долларын ханш жаахан өсөх хандлагатай байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4-4.5 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд эдийн засагт ийм эерэг үзүүлэлт гаргаж байгаа нь Засгийн газрын томоохон боломж, ахиц юм” гэлээ.
Мөн тэрбээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь эдийн засагт эерэг нөхцөл байдлыг бий болгосон гэв. Тиймээс эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг Монголын ард түмэн, өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаагаа онцлов. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгох юм байна. Ингэснээр долоо, наймдугаар сараас хүүхэд бүр мөнгөө авах боломжтой болж байна. Хүүхдийн мөнгө олголтод жилдээ 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг тусгасан учраас хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийх боломжтойг хэлсэн юм. Засгийн газар ОУВС-тай хэлэлцэж тохирсон нэг асуудал нь эдийн засгийн өсөлт, үр шим гарч байгаа тохиолдолд нийгэм, ард иргэддээ хандсан халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбогдуулж төсөвт тодотгол хийх аж.
Хэвлэлийнхэн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мөн асуулт асуусан. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьцаанаас иргэдэд хувь хишиг хүртээнэ гэх шийдвэрийг тодруулсан. Тэрбээр “Өдгөөгөөс нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн, УИХ мэдээгүй байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Үүнээс үүдэн УИХ-ын 23 дугаар тогтоол гарч 100 хувь “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авч, төрийн өмч болгох тухай шийдвэр гарч, хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн мэдэлд ирсэн. 49 хувийг худалдаж авсан талынхан шүүхэд хандаж шүүхийн шийдвэр саяхан гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргасан шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. Өчигдрийн Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж Засгийн газрын албан ёсны тогтоол гарч байгаа. “Эрдэнэт”-ийн дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн гэлээ.
Э.Цэцэг