(www.dorgio.mn)


Одоогоос 47 жилийн өмнө Хүрхрээгийн лагерьт гэрийнхээ үүдэн дээр тоглож байсан хоёр охин сураггүй алга болж, улсын хэмжээгээр эрэн сурвалжилсан боловч ямар ч сураг гаргаж чадалгүй эрэл мухардаж байсан аж.

Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй сураг алдарсан 2 охины эгчийн хүү хоёр эгчийгээ 47 жилийн дараа хайж байна. Бид энэ хэргийн талаар түүнээс тодруулсан юм

 

 -Чухам ямар хэрэг гарсан юм бэ?

1967 оны усны үерийн үед л юм шиг байгаа юм. Миний  ээжийн дүү  гэх 8 настай Далайн Цэвээнжав өвөөгийн ахын охин болох 2 настай Дэнсээхүүгийн Оюунчимэг гэдэг дүүгийнхээ хамт Хүрхрээгийн лагерьт байшингийнхаа үүдэнд тоглож байгаад л алга болчихсон юм билээ. Би тэр үед мэндлээ ч үгүй байсан болохоор энэ явдлыг ээж, ааваасаа л сонсож мэдсэн юм шүү дээ.

 - Xарж хандах том хүн  байхгүй байсан юм уу?

-Тэр үед Цэвээнжав эгчийг хүүхдээ харуулна гээд манай өвөөгийн ах лагерь луу аваад явчихсан. Манайхан бүгд хотод байсан гэсэн. Тэр ахын маань авгай нь денгеж терчихсөн нялх хүүхэдтэй байсан болохоор хоёр охинд “эгч нь хүүгээ хуурайлчихъя, та хоёр гадаа тоглож бай" гэж хэлчихээд буцаад гараад ирсэн чинь л алга болчихсон байсан гэж ярьдаг юм. Өдөр 11 цагийн үед 8 настай хүүхэд сураггүй болчихсон. Тэгээд ганцаараа биш. Хоёулаа тоглож байсан гээд байгаа юм. Лагерьт холбоо барих утас байхгүй. Нялх хүүхэдтэй ганц бүсгүй яаж ч чадахгүй байсаар орой зургаан цагийн үед сэргийлэхэд мэдэгдсэн юм билээ. Онгоц машин хөлөглөсөн Налайхын 2-3 цэргийн анги Богд уулыг самнаад юу ч олоогүй. Улс даяар эрэн сурвалжилж 18 аймагт зургийг нь тараагаад ч сураг гаргаагүй. Тэр үед энд тэндээс “хүүхдийн цогцос олдлоо, энд ийм хүүхэд байна" гэсэн хэл ирдэг л байсан юм билээ. Өвөө, эмээ хоёр маань тэр бүрийн хойноос очиж үздэг, уулздаг ч өөрийнх нь хүүхэд биш байдаг. Сүүлдээ ч бүр цөхөрч гүйцсэн байх.

-Найман настай хүүхэд бүрэн ухаан санаа суучихсан байдаг шүү дээ. Хэрвээ амьд байвал эцэг эхийгээ сураглаад л олчих юм биш уү?

-Алдсан хүн арван тамтай гэгчээр манайхан эгчийгээ, өвөө, эмээ маань охиноо ямар ч байсан амьд байгаа гэдэгт итгэдэг юм. Манайхан бүгд л мэргэн түргэн, үздэг хардаг хүмүүсээс байнга асууна. Бүгд л амьд "Баруун хязгаарт байна” гэж хэлдэг. Өвөө эмээ хоёр маань тэдний энэ үгээр л голоо зогоодог юм. Одоо хоёр хөгшин маань 80 гаруй насны хүмүүс байгаа. Цөхрөхөөрөө “Үхчихсэн юм байлгүй дээ" гэж хэлдэг ч байнга л харуулдаж суудаг юм. Одоо ч “Охин минь ороод ирж магадгүй” гээд Дэнжийн мянгаасаа нүүдэггүй.

 -Өөрөө энэ хэргийн талаар ямар таамаглал дэвшүүлж байгаа вэ?

-Хэрэг гарснаас хойш маш их удчихсан. Тэр үед энэ хэргийг шалгаж байсан хүмүүс бараг бүгдээрээ нас барчихсан болохоор их хэцүү байгаа юм. Би “Энэ хоёр. хүүхдийг үр хүүхдийн хүслэнд автсан хүмүүс л аваад явчихсан байх. Их хол хөдөө бөглүү газар оччихсон болохоор биднийг олохгүй байгаа юм болов уу” гэж бодож байгаа. Урьд нь ч ийм хэрэг гарч байсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө цэцэрлэгээс хүүхэд алга болчихсон. Хоёр жил ямар ч сураг ажиг гарахгүй байснаа олдсон юм. Гэтэл үр хүүхэдгүй хүмүүс Сүхбаатар аймаг руу аваад явчихсан байсан. Өөрийн хүүхэд шиг л асарч байсан нь илэрсэн. Хүүхдээ алдсан хүмүүс “Амьд байгаа юм чинь яахав” гээд л тэр хүмүүст хүүхдээ өгчихсен. Эгч маань ямар ч байсан амьд мэнд амьдрал ахуй нь ч гайгүй яваа байх аа гэж боддог.

 

 Ээж, аав, ах эгч нарынхаа шаналж, хүлээж горьдож суугааг харах хэцүү л юм билээ. Тиймээс үүнийг уншиж буй хүн бүр энэ зураг дээрх охиныг мэдэх бол холбоо барьж туслаарай л гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо энэ эгч маань 50 нас гарсан байх. Хэрэвзээ түүний үр хүүхэд ч юм уу энэ мэдээг уншвал бидэнтэй холбоо тогтоогоорой гэж эцэст нь хүсч байна. 

(www.dorgio.mn)

Энэхүү зураг дээр алга болсон Цэвээнжав охин зүүн гар талаас 4 -т зогсож байгаа нь /Эгч Цэрэндулам, Нина, Оюунтуяа болон дүү Чулуунбаатарын хамт/

(www.dorgio.mn)

Энэ зургийн зүүн талаас хамгийн эхэнд сууж буй охин нь Цэвээнжав



(www.dorgio.mn)

Цэвээнжавын бага насны зураг

 

Хэрэвээ энэ хүний талаар мэдээлэл олдвол манай сайтын 77114747 болон 88003520 утсаар холбоо тогтоож туслаарай ...