Шоронгоос суллагдаад жилийн нүүр үзэж буй “Хадгаламж” банкны нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн дахин мөрийтэй тоглоод баригдлаа.

Мөрийтэй тог­лоомыг мөнгөгүй хүн хэзээ ч тоглохгүй. Ц.Чимэдцэрэн “Хадгаламж” банкны 14.3 тэрбум төгрөгөөр казинодож ялая эзэлсэн. Олон хүн энэ хэрэгт холбогдох байсан ч Ц.Чимэдцэрэн ганцаараа шийр зааж ялаа үүрээд гарсан. Тухайн үед шүүх хурал дээр тэрбээр “14.3 тэрбум төгрөгийн хохирол учруулж, энэ хэмжээний мөнгийг завшиж үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Харин 1997 оноос хуурамч гүйлгээ хийж эхэлсэн гэдгийг зөвшөөрөхгүй. 2000 оноос эхэлсэн. Хамт ажиллаж байсан найз нөхөд, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхээс уучлал гуйж байна” хэмээн мэдүүлж хэргийг ганцаараа хүлээсэн юм. Нийтдээ хуу­рамч чек ашиглан банкны дансны гүйлгээг гуйвуулсан  залилангийн үйлдлийг 220 удаа хийсэн байдаг.

Тэр энэ мөнгөөрөө Солонгосын казинод очиж байнга мөрийтэй тоглодог байсан нь илэрхий болж, өөрөө ч энэ хэргээ хүлээсэн. Тэр бүү хэл “Миний тоглож байсан казиног хавтаст дутуу оруулсан байна” гэж байсан хүн. Мөрийтэй тоглоомд ингэтлээ донтож, улсын мөнгө хөрөнгөөр тоглосныхоо горыг амсаж, шоронд ял эдлээд ч хаширсангүй. Дахин тоглож байгаад баригдлаа. Тэр ямар мөнгөөр мөрийтэй тоглоод байна вэ. Арай 14 тэрбум төгрөгийнх нь үлдэгдэл энд тэнд байгаа юм биш байгаа. Тэр улсад учруулсан хохирлоо төлсөн үү. Энэ мэт асуултууд хариулт нэхсэн хэвээр. Ц.Чимэдцэрэн Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байхдаа тэр тус ангид нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн тухай яриа гарч байлаа. Үүнийхээ ачаар ч гэх үү,  “Тахир соёот” дахь чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурч Зүүнхараагийн хорих ангид ирж, номын санч болов. Мөнгөтэй хүн шоронд “жаалж” болдгийг тэр ийнхүү харуулж байв. “Сайн хүмүүжигч” болж суллагдлаа. Гэхдээ тэр улсад учруулсан 13,1 тэрбум төгрөгөө одоо болтол төлөөгүй гэнэ. Хэзээ, яаж төлөхийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч мэдэхгүй байх шиг байна. МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг хэмээн мандаж явсан Ц.Чимэдцэрэн Солонгосын казинод их хэмжээний мөнгөөр тоглосон хэрэгт намынхнаа ч чирэх шахсан. Гэвч хэргийг ганцаараа үүрсэн. Ганцаараа ял эдэлснийх нь учрыг одоо хэн ч сонирхохгүй байна. Намынхаа нэр нөлөө бүхий хүмүүсийн өмнөөс ялыг нь үүрсэн болохоор ихээхэн хэмжээний мөнгөний үзүүрээс атгасан, далд хийсэн гэж хардаж болох. “Хадгаламж” банкны хэрэгт 12 хүний гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж тооцож, тогтоосон атал Ц.Чимэдцэрэнгээс бусад нь уснаас хуурай гарсныг бодвол ингэж харах үндэслэлтэй. Анх 26 хүн сэжигтнээр татагдсан энэ хэргийг дахин шалгаж болно. Учир нь улсын мөнгөөр казино тоглож үрэн таран хийсэн хэргээр ял эдэлсэн ганц гэрч нь шоронгоос суллагдчихаад дахиад л мөрийтэй тоглож байгаад баригдчихлаа. Ц.Чимэдцэрэнгийн хавтаст хэрэгт “2004 оны хоёрдугаар сараас 2007 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Солонгост очиж казинод тоглосон. Нийтдээ 11.254.793.596 воноор тоглосон” гэх баримт хадгалаастай байдаг юм билээ. Түүнд 2008 онд шүүхээс арван жилийн хорих ял шийтгэсэн боловч хугацаанаасаа өмнө суллагдсан. Түүнчлэн улсад учруулсан хохирлоосоо 900 сая төгрөгийн өрөө л барагдуулаад байгаа гэдэг яриа бий. Шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн ордны хойд талд байрлалтай орон сууц болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч, улсын орлого болгосон ч энэ бүхнийх нь үнэ 900 сая төгрөг болсон гэдэг. Харин түүний хохирлыг төр барагдуулсан гэдэг нь үнэний ортой ч байж мэднэ. Таван жил цагдан хоригдсон, биеэр хөдөлмөр эрхэлж байсан тул улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулсаар ялын хугацаанаас хасагдаж байв. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан нь түүнийг ялаас хөнгөлөх томоохон боломж гарч ирсэн юм. 2009 оны долоодугаар сарын 9-нд гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1-д “Анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялаас гурван жилийг хасна” гэж заасны дагуу Ц.Чимэдцэрэнгийн ялаас гурван жил нь хасагдсан байдаг. Түүнийг 2011 онд баяр наадмын үеэр дэглэм бууруулж, тэрбээр шоронгоос гарах хүртлээ хорих ангийн номын санчаар ажилласан юм. Наранд ч, нарсанд ч “овгор” хэвээр байдаг Ц.Чимэдцэрэнгийн найдвартай ар тал, хэргээ үүрүүлсэн эрхмүүд түүнийг мөнгө төгрөгөөр хангаж, дуртай ажлыг нь хийлгээд байдаг юм биш биз дээ. Аль эсвэл 14 тэрбум төгрөгөөс авдарлачихаад “тансаглаад” байдаг юм болов уу. 

 

Б.Оюунгэрэл