Улаанбаатарын зургаан дүүрэгт цэцэрлэг, сургуулийн байрны асуудал ихээр дутагдаж байгааг хүн болгон дээр, дооргүй ярьж, мэдэж байгаа.

Чингэлтэй дүүрэгт гэхэд төрийн өмчийн 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч цэцэрлэгийн насны 13110 хүүхдээс энэ жил 6647 хүүхэд хамрагдсан гэдэг. Тус дүүргийн II хороонд Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа ганцхан цэцэрлэг байдаг нь Улсын тэргүүний II дугаар цэцэрлэг билээ. Энэхүү цэцэрлэг нь 40 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж хүүхдүүдээ хүлээж авсаар ирсэн. Гэтэл 2006-2007 оны хооронд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Монголын үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр  МҮЭ-үүдийн холбооны өмчлөлийн 400 ам метр талбай  бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг  "Хас өргөө транс" ХХК-тай  байгуулжээ. Энэхүү гэрээний хугацааг ирэх 2016 оны тавдугаар сарын 1-ний  өдөр хүртэл түрээслэхээр болсон байна.

Цэцэрлэгийн байр хомс өнөө үед "Хас өртөө транс" компани нь тус цэцэрлэгийн байранд "LIKE" нэртэй  Караоке, баар ажиллуулахаар болжээ.

Энэхүү II хорооны бага насны 342 хүүхэд нь  энэ цэцэрлэгээс өөр сургуулийн өмнөх боловсрол эзэмших газар байхгүй нь харамсалтай байхад түрээслэн бүүр баар, цэнгээний газар болгоод хаячихлаа.  Орон нутгийн хөгжлийн сангаас төсөв хөрөнгө гаргаад тоглоомын талбайг тохижуулсан байхад ард талд нь баар, караокед үйлчлүүлсэн халамцуухан залуучууд орж гарахад 25, 23 дугаар байрны нялх бяцхан үрс, иргэд аюулгүй тоглох наадах боломж үгүй болж байгааг юу гэж тайлбарламаар юм дээ.

МҮЭХ-ны Санхүү, аж ахуй, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн  Н.Энхманлай: "Энэ цэцэрлэг манай өмчлөлийн газар юм. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт  гарч цэцэрлэгийн үйл ажиллагааг нь  зогсоосон. Үйл ажиллагаа нь зогсоод арван жил болж байгаа.  Үүнээс хойш  агуулахын  зориулалтаар ашиглаж байсан" хэмээн хариулж байх юм.

Арай ч дээ, мөнгө олох хэрэгслээрээ "хүүхдийн" гэх тодотголтой зүйлүүдийг устгаж байгаа гэдгийг та бид мэдэж байгаа. Гэтэл цаана нь 200 гаруй хүүхэд цэцэрлэгийн байшингүйн улмаас төлбөртэй цэцэрлэг эсхүл цоожтой хаалганы цаана үлдэж буй.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13110 хүүхэдтэй.  Үүнээс 4915 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэж албаны хүн хэлж байгаа юм. Үнэхээр түрээслэх шаардлагатай байсан юм бол төр засагтаа хэлээд түрээслэж болохгүй байсан юм уу?

Тэгвэл ядаж 4915 хүүхдээс 200 орчим хүүхэд өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхтэй болно. Хоёрдугаарт анхнаасаа хүүхдийн цэцэрлэг байсан байрыг завсарлаж янзлахад төсөв мөнгө ч бага гарах байсан биз ээ.

"LIKE" нэртэй  Караоке үйл ажиллагаагаа явуулахад өөр газар олдоогүй гэж үү? Нэг газрын эрх ашгаас болж хүүхдүүд хоёр эрхээ хасуулж байгаа тод жишээг Төрийн эрхэм түшээдүүд дуулаа болов уу. Нэгдүгээрт өчнөөн олон хүүхэд сурах эрхээ хасууллаа. Дээр нь бас тус цэцэрлэгийн гадна байрлах тоглоомын талбайг Орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгөөр 61.4 сая төгрөгөөр барьж,саяхан ашиглалтад оруулсан. Энэ тохижилтыг  Шууд ардчилал болон иргэдийн оролцооны хүрээнд энэ оны нэгдүгээр сараас 1-нээс эхлэн хэрэгжижсэн Төсвийн тухай хуулийн дагуу иргэдээс санал авч хийгдсэн ажил юм. Одоо баар ашиглалтанд орвол хүүхдүүд амгалан тайван тоглох боломж үгүй болно.

Х.Даваа