Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоёр шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчлав.

Энэ сарын 7-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айдсын даваанаас Өлзийт хороолол орох зам дагуу байрлах шатахуун түгээх станцын түгээгчийн хоолойд хутга тулган бэлэн мөнгө, камерын бичлэг хадгалдаг компьютерийн процессорыг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Мөн энэ сарын 15-ны шөнийн 05:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн постны замын хойд талд байрлах шатахуун түгээх станцын түгээгч Д, С нарт хүч хэрэглэн айлган сүрдүүлж 1.5 сая орчим төгрөгийг дээрэмдэн авч явсан хэрэг гарсан байна.

НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтарсан ажлыг хэсэг байгууллан шуурхай ажилласны дүнд гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчилжээ. Уг хэргүүдийг Чингэлтэй дүүрэг оршин суух 23 настай, эрэгтэй Ө нь найз 20 настай эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Х нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэн Ө, Б нарыг Улаанбаатар хотоос, сэжигтэн Х-г Төв аймгаас дайчлан баривчилжээ.